Яруу найрагч, зохиолч С.Ууганбаярын “Загалмай” өгүүллэгийг хүргэж байна.
-Хөөе манай хэдэн гувруу үзэгдэв үү гэсээр хаалга сэвэн мэнд ус ч үгүй нутгийн хархүү Баярт ороод ирэв. Тэрээр
-Муу Ханд чавганцийн охиноос ганц мөсөн боллоо хэмээн үглэсээр тулганаас дээш гарч хормой хотноосоо тоос шороо бужигнуулан суув. Тэгснээ танай цоохор азарга шиг сэвхтэй шар хүүхнээс болоогүй бол аль уржигдар Таван харын ард байхад нь туугаад харихгүй юу хэмээн үглэв. Дөнгөж орноосоо өндийсөн би
-Чи чинь мэнд ус ч үгүй хар үүрээр хараал урсгаад яаж яваа амьтан бэ.
-Нүүх болчихоод тэмээгээ олдоггүй.
-Тэгээд танай хэдэн тэмээ олдох эсэх чинь яагаад Ханд гуайн охиноос болдог билээ.
-Яахав дээ. Муу сэвхэтийг худаг дээр таараад ханд хаяад байхаар нь Таван харын ард байсан тэмээгээ орхиод тавьж буухгүй юу. Тэгсэн муу шар турсага чинь ойртуулдаггүй. Манай ээж маргааш сумын төв явна. Би ганцаараа үлдэнэ гээд байхаар нь хошгироод өдөржин хонь хяргаад өнжлөө. Гэтэл өнөөх хөлгүй чавганц нь нар шингэхийн алдад аахилаад хүрээд ирэх юм даа. Өдрийн халуунд хонь хяргаж өнжсөн хүн чинь хонохоос яахав. Гэтэл муу шар турсага чинь ээжийнхээ өвөрт орж маяглаад хоёр хоног ажил алдууллаа. Яах вэ муу шар цоохор чи, тэр хазгар чавганцийн даралт нь ихсээд нэг сумын эмнэлэг явна, аа. Тэгэхээр чи миний гараас гарах байх даа хэмээн заналхийн тамхиа асаав. Миний инээд хүрч,
-Чиний л буруу байна шүү дээ. Юунд Ханд гуайн охины буруу байх билээ.
-Буруу байхгүй яах юм. Болохгүй л байсан бол түүнийгээ эрт хэлнэ биз дээ. Заяагүй муу хог, хохь чинь л гээд үнэхээр уурсаж байна шүү.
-Яахаараа заяагүй байдаг билээ.
-Над шиг хархүүгийн өвөрт орох заяагүй л амьтан байхгүй юу гээд хоносон хүйтэн цай залгилаад боссон тэрээр манай баруун айл руу пар пар хийн явж өглөө. Төд удалгүй л манай баруун айлын охин цангинатал инээж дуулдана. Уг нь баргийн зүйлд инээдэггүй л хүн, мань эр аргыг нь барж, инээдийг нь хүргэв бололтой. Ингээд би “Над шиг хархүүгийн өвөрт орох заяагүй амьтан” гэснийг бодон, тэр хоёрыг дотроо харьцууллаа. Баяртын баруун хөл нь ялимгүй суунга алхана. Тохой гэж хэлж болохоор гонзгой бор нүүр, наранд ягааран гэрэлтэх нимгэн дэлдэн чихтэй. Ямар сайндаа л манай нутгийнхан Загалмай гэж нэр өгөхөв дээ. Байнга ханцуй шуух ч нарийнхан ч гэлээ шөрмөслөг шуу эв хавгүйхэн доёгонож, эмсгий шүдээ ярзайлган инээх дүрээр сэтгэлд ургахаар нь би бушуухан л Ханд гуайн охин Цэцэгсүрэнгийн тухай бодлоо. Түүний хувьд дунд зэргийн нуруутай, шилбэлзсэн цагаан шар охин, ажилтай амтайгаараа голдоо гайхагдсан охин. Шар царайд нь баймгүй хөөрхөн бор нүд, говийн нар салхин гундааж чадаагүй бор шаргал үс, ялимгүй сэвхтэй цагаан шаргал царайгаар сэтгэлд инээсээр ургаад ирэв. Яаж ч бодсон “Над шиг хархүүгийн өвөрт орохгүй заяа нь дутсан амьтан” гэдэгтэй дүйж очихгүй аж. Би ч дэмий юм бодож хувцаслаад уяж хоносон ардаг үрээндээ мордоод тал нутгийн хонгор салхиар алгадуулан адуугаа хурааж, нуурт оруулаад, өнөөх Баяртын эрээд сураад байсан тэмээг нуурт оруулаад жин үдийн наран голлож байхад гэртээ ирлээ. Гэтэл өнөөх хараал урсгаад давчдаад байсан Баярт чинь хашаанд барьж боосон шон дээгүүр нөмөргөсөн сүүдрэвч дор манай айлын Гэлэг гуайн охинтой хонь хяргаж сууна. Би түүнд хандан
-Хэдэн тэмээг чинь Сугийн нууранд оруулчихлаа. Нүдээ салтаандаа хийсэн хог минь алдчихаасаа өмнө аваарай даа хэмээн хэлэхэд тэрээр
-Халуун өдөр байна хэвтчихнэ биз дээ хэмээн над руу нүдээ ирмэж байх юм. Би энэ өдөр хагас өртөө зусах ахындаа очоод үдшийн бүрийгээр ирвэл Баяртын чанга ярих, Гэлэг гуайн охин Энхмаагийн инээх хоёр үдшийн цагаан гэгээнээ тооноор чихэлдэн ядаж байв. Тэр орой нь манайхаар ч орж ирсэнгүй. Харин маргаашийн орой болсон хойно морь бие гундаасан амьтан уруу дорой л манайд орж ирээд
-Муу Гэлэгийн хамаргүй охиноос ганц боллоо. Чамайг олоод ирж байхад туугаад харихгүй яав аа. Муу Энхмаа хамаргүй дээрээ бас аальгүй, тэгээд их худалч новш юм аа гэхэд нь би
-За бас яахаараа манай айлын охиноос болдог билээ. Чи намайг аваад ирлээ гэхэд л бариад тушчихгүй.
-Пээ тэгдэг байж. Мунхагийн санаа хойноо гэж. Хэрвээ тэгсэн бол энэ муу заяагүй хүүхнийхээс болсон болоогүй мордоод харихгүй юу.
-Яахаараа Энхмаа заяагүй байдаг билээ.
-Над шиг хархүүгийн өвөрт орох заяагүй амьтан байхгүй юу. Хохь чинь ээ гээд унтахаар зэхэв бололтой лааны гэрэлд тоос шороо босгон хувцсаа тайлж эхлэв. Ийн хувцсаа тайлж байгааг нь харахад лааны шаргал гэрэлд дутуу шувтарсан олгой шиг л юм сунжиралдаж сунжралдаж сая нэг юм орондоо оров. Мань эр өглөө эрт ч сэрэв бололтой
-Би ерөөсөө гэрээдээ явъя. Ёстой завхарсан юм болж байна. Муу аав ээж маань хар цайтай харшиж, хэдэн мал маань өвс ногоогүй газар үхлээ. Замдаа таарсан хэний ч хамаагүй тэмээгээр нүүе. Нутгийн олон тэглээ гээд олон юм ярихгүй байлгүй дээ. Чи надад нэг хөнгөхөн шиг хөлтэй юм бариад өг. Олигтойхон юм бариад өгөөрэй, осолдож эндсэн ч төлөх чадал бий шүү хэмээн бас чиг ханхалзахаа мартсангүй. Баярт ч эцсэн морио орхиод чадал сууж хөл хөнгөрсөн хүрэн морь бариулж унаад жирийж өгөв. Маргааш нь ганаас нүүдэллэж манайтай айлссан Дорж гуайн хүү
-Урд говьд тэрэгний арал цуураад ашгүй муу загалмай таарч, нааш гарч ирлээ. Ганцаараа босгож дийлдэггүй, дийллээ гэхэд боож болдоггүй эд юм гэхэд би
-Загалмай чинь аль өчигдөр өглөө эрт манайхаас мордоод явсан шүү дээ. Өртөө хүрэхгүй шахам газарт юугаа хийж салгалаж яваа нь тэр вэ
-Говийн захад Гомбосүрэн гуайд хоноод явж байна лээ. Хэд хоног тэмээгээ эрээд олсонгүй. Уг нь өчигдөр харьсан бол өнөөдөр нүүж байхгүй юу. Муу Гомбосүрэнгийн бүдүүн гуятаас ганц мөсөн боллоо гээд харааж зүхсэн юм явна лээ.
-Над шиг хархүүгийн өвөрт орохгүй, заяагүй амьтан хохь нь гэж байна уу
-Яг тэгэж хэлээд л давхиж өгсөн хэмээн хөхрөв. Баяртын хувьд манай нутгийн нэлээд чинээлэг айлын хүүхэд учраас ийнхүү хөрөнгө зоорьдоо эрдэж явдаг нэгэн. Түүнээс биш өөрөө ч тийм элбэг дэлбэг харагдах амьтан биш л дээ. Гэхдээ хүнтэй сайхан нөхөрлөдөг, хээ шаагүй. Ер нь дажгүй эр хүн л дээ гэж бодохын сацуу би Баярт гэртээ хүрэхэд бараг өртөө газрын зай бий. Замд нь Даваажав гуайнх, тэдний охин Чанцал гэж бий. Тэднийхээс цааш Туваан гуайх, тэднийд бол Загалмайн хараалыг барах нэг бүү хэл олон охид бий. Загалмай лавтай гурав хонож болохоор. Тэгэхээр нялх ногооноос унаад явсан муу морийг минь гандсан газрын өвсөнд харшааж алчихаад “Муу адсага миний дөрөөг даах заяагүй амьтан. Тэр муудаа хөл дүүжлүүлж байхдаа таарсан амьтан” гэж зогсох вий дээ хэмээн бодсон юм.
ӨГҮҮЛЛЭГИЙГ АУДИОГООР СОНСОХ:
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан өгүүллэг байна
Saihaan huduu vnertej ba