Үзмэрч, далны ясыг уруулдаа хүргэн шивших зуураа миний нэрийг асуув. Тэгээд, тэр ясыг гал руу хийчихэв. Дараа нь дунд зэргийн шаазан аягатай архийг нэг амьсгаагаар хөнтөрлөө.
-Дал бол сүнсний завь юм гэж тэр хэлээд архинд дүрэгдэж нойтон болсон сахлаа шувтарч:
-Далны яс сүнсийг, сүнс, амийг тээж, цаг хугацаа хэмээх хязгааргүй далайн дунд хөвж явдаг юм даа, хүү минь гэлээ. Би, хоосорсон аяганд дахин архи дүүргэв.
-Тэр завинд нэг цоорхой байдаг юм. Амь гэгч түүгээр л гээгддэг юм даа.
-Тэгвэл, сүнс яах вэ?
-Сүнс үү? Сүнс яг л хоосорсон далайчин шиг ус руу үсэрчихдэг юм.
-Далайчин болгон ус руу үсэрдэг гэж үү?
-Санаатайгаар биш ч санамсаргүйгээр тэгдэг л юм.
-Завь нь яах вэ?
-Завийг нь би яг ингээд түлчихдэг юм.
Тэрээр дахин архи залгилж сахлаа шувтрав. Тэгснээ, гал дотроос далны ясыг гаргаж ирлээ. Тэр яс нь үнсээр хийсэн юм шиг харагдаад, нурчих юм шиг санагдана. үзмэрч, түүнийг эргүүлж тойруулан шинжиж, мөсний цав мэт нэгэн зураас олоод, хуруугаараа дагууд нь тэмтрэх аж. Тэр зураас нь явсаар, ясны үзүүр хавьцаа нэгэн бяцхан нүхэнд хүрч зогссон байв.
-Энэ ч тун муу төлөг дөө гэж тэр бараг л аман дотроо шивнэсэн ч би сонсов.
-Үхэл юм биз дээ?
-Тийм ээ, тийм.
Би, аяганд архи дүүргээд энэ удаад өөрөө уулаа.
-Тэгвэл, үхэл гэж юу юм бэ?
-Юу ч биш шүү дээ, хүү минь.
-Юу ч биш болчихгүй юм сан. Танаас л аврал гуйхаас өөр арга бий гэж үү?
-Би, хэнийг ч, юуг ч үхлээс аварч чаддаггүй.
-Арай ч үгүй байлгүй дээ. таныг би бурхан мэт санасан юм сан.
-Бурхан ч бас юу ч биш шүү дээ, хүү минь.
Би, архи аягалж дахин уулаа. үзмэрч ч бас уув.
-Тэгвэл, амьдрал гэж юу юм бэ?
-Энэ гүцтэй архи шүү дээ.
-Таны бодлоор, энэ архи бол амьдрал юм биз дээ?
-Тийм ээ, бид хоёрын хувааж уугаад барж байгаа энэ архи бол амьдрал юм.
-Та ч солиотой новш юм даа гэж би хэлээд босч, цонхоор гадагш ширтлээ.
Үдшийн бүрэнхий нөмөрчээ. цонхон доорхи чацарганы бутнаас сүрэг болжмор дэрхийн нисэх үзэгдэнэ. Тэртээд, ганц завь мэт сар гуниглангуй сүүмэлзэнэ. “Байдаг л нэг үдэш, байдаг л нэг үзмэрч юм. үхэл ирэх ямар ч шинж тэмдэг алга” гэж би бодлоо.
-Тэр сарнаас загас үнэртэж байна шүү гэж үзмэрч хэлэв. Тэрээр, миний мөрөн дээгүүр өнгийгөөд гадагш ширтэж байлаа. Ус гүйлгэсэн хөх нүд нь сар шиг сүүмгэр юм.
Би, аяны богцоо уудалж нэг лонх архи гаргаад, үзмэрчийн гүц рүү цүл, цүл, цүлхийлгэн юүлэв.
- Амьдрал дуусашгүй юм даа, үзмэрч ээ.
-Яг үнэн шүү, амьдрал дуусашгүй. Бид л харин дуусдаг юм.
-Би, согтотлоо ууна. өглөө эрт сэрээд толгойгоо хүйтэн усаар угаачихаад танайхаас явах болно.
-Би ч бас чамайг аян замд чинь үдчихээд гараа хүйтэн усаар угаах болно.
-Та бол ердөө л солиотой новш юм.
-Амьдрал, үхэл, бурханы тухай ямар ч яриа солиорол байдаг юм. Тэгэхээр өөр зүйлийн тухай ярилцвал дээр дээ.
-Жишээлбэл? гээд би, архи залгилав. үзмэрч ч бас архи залгилаад:
-Жишээлбэл, чиний үсэн дотор гав ганц час улаан үс байна гэв.
-Танд ямар ч хамаагүй шүү дээ.
-Баруун суганы чинь дотор бас нэг улаан үс бий.
Би, давхийн цочлоо. Миний суган доторхи үсийг ч хүртэл мэдэж буй нь маш их гайхаш төрүүлэв.
-Тэр хувхай ясан дээр чинь үхэл ч, үс ч ялгаагүй харагддаг хэрэг үү, гайхалтай л юм.
-Яг ч тийм биш л дээ. Чи, хэдтэй вэ?
-Хорин тавтай.
-Чамайг арван дөрөвтэй байхад эцэг чинь үхсэн юм байна.
-Үхээгүй ээ, зүгээр л гэрээсээ явчихсан юм
-Үхсэн гэж би хэлж байна шүү дээ.
-Таныхаар болог. Гэхдээ дахиад л үхлийн тухай яриа болчихлоо шүү дээ.
Би, түүнийг одоо бол биширч, хүлээн зөвшөөрч байлаа. өөрийн үхлийг ч мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байв. Архины ааг цээжин дотроос огшин өгссөөр, самсаа шаршируулан, бүр аньсаганд тулж ирэв. Намайг уйлж эхлэхэд тэрээр нулимсыг минь гараараа арчив. Алганаас нь загас үнэртэж байлаа.
-Тайтгар даа, хүү минь. Би, чамд загас шарж өгөмз. Архийг загасаар даруулах ч сайхан даа.
Тэр, гал тогоо руугаа явчихав. Би, цонх руу очлоо. чацарганы бутнаас сүрэг болжмор мөн л дэрхийн нислээ. Саяхан л байсан сар алга болчихож. Цонхонд нойтон хацраа наагаад нүдээ анилаа. Хаана ч юм амьд буй эцэгтэйгээ хэзээ ч юм уулзана гэсэн итгэл минь хормын зуурт сарнижээ. үхэхгүй юм сан гэж бодохыг хичээсэн ч амьдрах юм сан гэх хүсэл үгүй болжээ. Нулимс минь сул асгарсаар л байлаа.
-Тайтгар даа, хүү минь. Шарсан загас зоогло. Тэгээд, сайхан унтах хэрэгтэй.
Үзмэрч, хүнд гараа мөрөн дээр минь аяархан тавив. Би, эцгийгээ хязгааргүй их санаж буйгаа мэдэрлээ.
-Уйлах хэрэггүй. чи, одоо бол хүүхэд биш. Арцны үндсээр морь сийлэх дуртай жаал биш.
-Тийм шүү. Би, арцны үндсээр морь сийлэх дуртай хүүхэд байсан юм.
-Эцэг чинь л тэгж ярьсан сан
-Юу? Та, эцгийг минь таньдаг байсан гэж үү?
Тэр дуугарсангүй, бөгжөө сугалаад аягатай архи руу шидчихэв. Би, тийш тонгойж харвал бөгж үзэгдсэнгүй.
-Энэ, эцгийн минь бөгж мөн байна гэж би хэллээ.
Үзмэрч, чимээгүй инээмсэглэв.
-Тэгэхээр, та, эцгийг минь алсан юм биз дээ?
Би, үсэрч очоод түүнийг заамдан авч сэгсчив.
- Адгийн алуурчин, алуурчин. үнэнээ хэл, үнэнээ хэл гэж би хашгичив.
-Би, алуурчин биш, биш.
-Тэгээд хэн юм? яагаад эцгийн минь хайртай бөгж танд байгаа юм?
-Би, үнэнийг хэлье. Гагцхүү, үнэнийг хэлье. Намайг тавьчих.
Би, түүнийг сандал руу нь түлхэж орхиод ширээний ард суув. үзмэрч, цээжээ түхэлзүүлэн амьсгаадах зуураа аягатай архийг авч залгилах гэсэн ч амаа олсонгүй, энгэр лүүгээ асгачихав. Аяганаас газарт торхийн унасан бөгжийг тэрээр хуруундаа буцаан зүүв.
-Чи ч яг л эцэг шигээ араншинтай хүн юм гэснээ сандлаа налан нүдээ аниад:
-ялгаатай нь гэвэл чи хүүгийнхээ тухай ярихгүй юм гэж тэр хэлэв.
-Надад хүү байхгүй.
-Харамсалтай л юм гэж тэрээр нүдээ аньсан хэвээр хэлэв.
Ширээн дээрхи загас тун ч сайхан үнэртэх аж. Би, тайтгарч эхлэв.
-Нэгэн үдэш эцэг чинь манай хаалгыг яг л чам шиг тогшсон юм гэснээ тэрээр дув дуугай болчихов. Би, архи аягалж залгилаад:
-Цааш нь үргэлжлүүлээч гэлээ. үзмэрч, хурхирч эхлэв. үрчлээтсэн бараан нүүр нь намрын уулс мэт манантай аж. Гэхдээ, тийм ч хөгшин биш юм.
Би, шарсан загасны хажууд тавьсан урт, гоёмсог хутгыг авч, эрхий хуруугаараа ирийг нь тэмтэрч үзлээ. Дараа нь хутганы үзүүрийг үзмэрчийн зүрхэн тус газарт тулгаж бариад уртаар амьсгаа авлаа.
-Түр хүлээ. Түүний дутуу орхисон яриаг гүйцэт сонсох хэрэгтэй гэж би өөртөө хэллээ.
Тэгээд, шарсан загасыг том, том хэрчин үмхлэв. Дараа нь архи ууж, дахиад л загасны мах идэв. үзмэрч, манан дунд сүүмэлзэн, тэр манан намайг ч бас нөмрөн авч байлаа.
Х.Нямхишиг
Сэтгэгдэл ( 0 )