Амьдрал туйлын хуурамч санагдахад би эмгэнийг санадагсан. Өдөр бүр хүүхдээ салхилуулаад тэрэг түрж явдаг ч түүнтэй ярилцдаг хүн тун ховорхон. Нум сумаар харваж, эсвэл нуугдаж тоглохоос өөрийг хийхгүй бидний хэдэн жаалууд тэр л эмгэнд хачин их хайртай байлаа. Өндөр өсгийт өмсчихсөн, жар гарчихсан хүн гэмээргүй хачин гунхалзсан алхаатай, толигор арьстай манай эндхийн хамаг л хүмүүсийн анхаарлыг татсан тийм л хүн. Бид нэг их анзаарч хардаггүй ч эмгэний янз бүрийн нууцыг нэг мэдэхэд л олно. Ойртож ярилцах гэх болгонд “хойшоо бай”, “хүүхэд сэрээчихнэ” хэмээн их л зандрангуй хэлэхэд нь гайхшрал төрж харж зогсдогсон. Ганцхан удаа ярилцаж үзсэн нь шальтай яриа болсонгүй. Хэд гуравхан үг солиод л өнгөрсөн юм.
- Эмээ энэ танай хүүхэд юм уу?
- Үгүй ээ, миний зээ хүү
- Аан хэн гэдэг юм бэ?
- Модон...
Өөр юу ч ярьж амжаагүй байхад нэг их дээгүүр харчхаад цааш яваад өгнө. Модон гэдэг нэр сонирхолыг минь улам татна. Өртөөний ард талд байх модот цэцэрлэгт суугаад хүүхдээ салхилуулахыг нь сэмээрхэн харна. Хааяа галт тэрэгний дуу “түг, түг, түг” дуугарах нь зүрх зогсоочихмоор. Эмгэнийг яг энэ үед ширтэх юм бол цаг хугацаа асар хурдтай өнгөрч байгаа мэт. Амандаа дуу ч юм уу ямар нэг юм аялаад хоёр тийш хүүхдээ түрэн алхална. Ямартай ч энэ тосгоны хэнтэй ч тийм сайхан харьцаатай биш ч хүн болгон л түүнийг хайрладагсан.
Тэнгэр цэлмэг, наран гийсэн тунгалаг сайхан өглөө байлаа. Эмгэн ганцаараа гадаа сууна. Энэ л хамгийн боломжтой үе гэж бодсон бид эмгэний гэрийн түлхүүрийг хулгайлах гэж оролдлоо. Өнөөх хүүхдийг харна гэхээс нэг л итгэж өгөхгүй байлаа. Ойртуулахаас хүртэл харамладаг тэр үр нь үнэхээр өхөөрдөм байгаасай. Бидэнтэй цуг тоглох хүү байгаасай гэж тэрүүхэн зуур бодож амжлаа. Яг хулгайлах гэж оролдтол “Гал, Гал” гэж хүмүүс орилолдож эхэллээ. Гайхаж балмагдсан бид хурдан гүйн гартал эмгэнийн гэрийн цонхноос хар утаа суунаглаж байв. Тайван дөлгөөхөн харцтай, ширүүн дуутай өнөөх эмгэн гэнэтхэн их сулхан, сөөнгө дуугаар тааралдсан хүн болгонд:
- “Гал унтраах” дууд. Хүүг минь авраач. “Юугаа гөлөрсөн юм бэ? Хурдал. Хүүхдүүд минь түргэхэн хөдлөөд өг л дөө” хэмээн орилж, орилж цөхөрсөн байдалтайгаар газар сөгдөөд “Бушуухан хүүг минь авраач дээ, тэднийг ирэх гэсээр байтал гэр минь шатах нь хурдал даа гуйж байна” хэмээв.
Хүн ер нь агшин зуурд л хөгширдөг бололтой. Өнөөх залуухан харагддаг эмгэн чинь агшин хором бүрээр өтөлж буй мэт санагдаж билээ. Бөөгнөрсөн олон хүн дундаас аав минь гарч ирээд эмгэний гэрийн зүг гүйлээ. Бусад хүмүүс яагаад хөдлөхгүй байгааг бид ердөө ойлгосонгүй. Хэсэг хугацааны дараа аав тэрэгтэй хүүхдийг түрчихсэн гарч ирэв. Өлгий нь шатаад харлачихжээ. Хүү ерөөсөө харагдахгүй байлаа. Хэрэгт дурласан бид гүйн очиж хүүг харав. Цочирдсондоо золтой л ухаан алдчихсангүй. “Бидэнтэй тоглоосой гэж хүссэн” нөгөө хүүхэд чинь “Модон, Модон” байжээ. Модон хүүхэд байсан байна. Эмгэн биднийг нэг гараараа түлхэн хүүхдээ тэвэрч аваад уйлж эхлэв. Гал унтраах ангийн тэрэг ч ирлээ. Модон хүүгийн түлэнхий нүүрэн дээгүүр ус урсана. Ус бишээ нулимс юм байна. Амьдралдаа хүн ингэж ихээр уйлж байсныг анх удаа харлаа. Зүрх минь тэр дороо зогсчих шиг санагдав. Эмгэн амандаа яг л өнөөх дуу аялаж байгаа юм шигээр хэдэн үг хэлэв. Түүний үгийг надаас өөр хэн ч олж сонссонгүй.
- Чамайгаа хоёр дахь удаагаа алдах дөхлөө шүү. “Уучлаарай хүү минь амлалтандаа хүрч чадахгүй болох шахлаа” маш хачин хоолойгоор гингэнэн уйлав. Хүмүүс тоосон шинжгүй гэр гэрийн зүг харьцгаав. Хүмүүсийг ямар ч сэтгэлгүйг нь гайхсандаа хамаг уур минь хүрч байлаа.
Хожим сонсоход бидний үеийн нусгайчуудаас бусад нь хүүгийн талаар мэддэг байж. Бид л хүүхдийн гэнэн зангаар томоогүйтэж явжээ. Бүх зүйл заримдаа туйлын хуурамч санагдах үед хөгшин эмгэний хүүгээ хайрлах харцаар амьдралыг ганцхан удаа харж үзэх юмсан гэж боддог билээ.
Э.Батзолбоо (2017 он)
Сэтгэгдэл ( 1 )
Сайн2