Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн баярын уур амьсгал шинэхнээрээ байна. Энэ баярт өдөрт зориулан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гишүүд, дэмжигчиддээ хандан халуун мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Тэрбээр “Монгол Ардын Намын түүх бол Монгол Улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөөх шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ түвшинд гаргасан нөр их ажил, хөдөлмөр зүтгэл, Монгол Улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх билээ” хэмээн мэндчилгээндээ онцолсон нь зөвхөн ахмад дээд үе төдийгүй өнөө үе, тэр тусмаа шинэ цагийн түүхийг бичилцэхээр ирж яваа залуу үеэ ч хэлсэн нь дамжиггүй.
Тэртээ 99 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Монгол Ардын Нам бол ямагт нийгмээ манлайлагчдыг, тэр тусмаа мэдлэг боловсролоороо бусдыгаа тэргүүлсэн шилдэг боловсон хүчнийг шилж сонгон эгнээндээ нэгтгэж ирсэн элит нам юм. Тийм ч учраас Монгол Улсын түүхэнд тус намын гишүүдийн мэдлэг чадлаар бүтсэн хөгжил дэвшлийн алхаа хэзээ ямагт түүхэн үүрэг гүйцэтгэсээр ирснийг онцлон тэмдэглэх нь зүйд нийцэх буй за.
Монгол Ардын Нам өнөөдөр ч эх орныхоо шилдэг тэргүүний оюунлаг залуусаар эгнээгээ тэлж, шинэ үедээ итгэл хүлээлгэн зоригтойгоор ачаа үүрүүлэхээр гарган ирж буй гэдгээрээ Монголд үйл ажиллагаа явуулж буй бусад улс төрийн намуудад үлгэр болж байгаа нь бахархалтай. Учир нь тус намын үе үеийн удирдлагууд, намын гишүүд дэмжигчид нь “Мэдлэг бол Монголын баялаг” гэдгийг ухамсарлан байдаг нь Монгол Улсынхаа хөгжил дэвшлийг өргөн цар хүрээтэйгээр төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлж ирсэн олон жилийн баялаг туршлага, намынх нь алсын хараатай бодлогын үр дүн хэмээн харагддаг билээ.
МАН-ын алсын хараатай бодлогын илэрхийлэл болсон шинэ үеийн шилдэг боловсон хүчний нэг бол Эдийн засгийн ухааны доктор, профессор, НАМЭХ-ны дэд дэргүүн Чинбатын Ундрам юм. Тэрбээр “Эрдмийн зэрэг хамгаалж, гэр бүл төлөвшин, ээж болоод, өөрийн үзэл бодол тогтоод ирэхээрээ зөвхөн гэр бүлийнхээ бус нийгмийн сайн сайхны төлөө, цаашлаад Улс орныхоо үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах бодол өөрийн эрхгүй төрдөг байх. Яг энэ үедээ өөрийн үзэл бодол, сонголтоор тэртээ 2009 онд тусгаар тогтнол, ардын хувьсгалын түүхийг бичсэн өнөөгийн 99 жилийн түүхт Монгол Ардын Намыг сонгож итгэл, үнэмшил дүүрэн батлахаа гардаж байлаа. Улс орныхоо төлөө хийж чадах хамгийн энгийн хэрнээ чухал үүрэг бол өмнөх, өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэх явдал гэж үздэг. Энэ л үзэл бодлоороо өнөөдрийг хүртэл хариуцсан албан ажилдаа чин сэтгэлээсээ хандан зүтгэж ирсэн нь миний бүтээсэн өчүүхэн үнэ цэнэ, бахархал юм” хэмээн бичсэн байдаг. Түүний эрдэмд шамдсан он цаг нь гадаадын их, дээд сургуулиудтай холбогддог бол, боловсролын салбарт эрдэм чадал, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан он жилүүд нь Монголын ууган их сургууль МУИС-тай салшгүй холбоотой.
монгол мөрөөдлийг бүтээгч
Монгол хүмүүний оюуны их уурхай болсон Монгол Улсын их сургуулиар зочлохуй эрдэм номын орон, их хүсэл тэмүүллийн ертөнцөд нэвтэрч буйг эрхгүй мэдрүүлдэг сэн. Одоогоос гурван жилийн өмнө Чинбатын Ундрам хэмээх эрдэмтэн бүсгүйтэй танилцах үед тэрбээр МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны даргын албыг хашиж байсан юм. Үг бүрээ нухацтай бодож ярих түүнээс эрдмийн хүний даруу төлөв зан, ид хийж бүтээж буй залуу хүний эрч хүч мэдрэгдэж байсныг яахин мартах билээ.
Ч.Ундрам эмээгийн сургаал, ээж аавын үлгэр дуурайллаар өсөж торнин орос цэцэрлэг, сургуульд ерөнхий боловсролоо эзэмшжээ. Ахлах сургуулиа холын Америкт сурагч солилцоогоор суралцан төгсөж, уран зураг сонирхон бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, уран зургийн коллежид элсэн ороод байв. Гэвч айлын том хүүхэд хариуцлагатай бай гэсэн ээж, аавын үг сургамжийг сонсоод бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшихээр Английн Лондон хотноо их сургуульд элсэн оржээ. Ээж, аав нь охиндоо боловсрол эзэмшүүлэхийн тулд байраа зарж, сургуулиа төгсөж ирээд байр авах үүрэг өгч сургалтын эхний төлбөрийг нь хийсэн байна. Ээж, аавынхаа өгсөн үүрэг даалгаврыг Ундрам биелүүлсэн юм.
Оюутан Ундрам суралцахын зэрэгцээ цагийн ажил хийж бүх зардлаа өөрөө олдог болов. Ажиллаж амьдрах, хичээллэх цагаа нарийн хуваарилан суралцсаар бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй боллоо. Дипломоо хамгаалахад нь ээж дүү хоёр нь Лондонд ирээд, хувцсаа гандтал нь өмсөж бүх зардлаа өөрөө зохицуулан амьдарч буй түүнийг ихэд өрөвдсөн гэдэг. Энэ бол 2004 он байлаа.
Ундрам бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцав. 2005 онд магистрын зэргээ хамгаалаад Монголдоо ирж, сонины зараас “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ажлын зарын дагуу шалгуулан тэнцэж төслийн мэргэжилтнээр ажиллаж эхэллээ. Энэ үед бичил бизнес эрхлэгчдэд бизнесийн сургалт явуулж, гутлынхаа өсгийг элэгдтэл гэр хорооллоор алхаж, хүмүүст зөвлөгөө өгч тэдний зовлон бэрхшээлийг сонсон, заримдаа нойр нь хүрэхгүй уйлж хоносон удаа цөөнгүй. Ийнхүү түүний ажлын анхны гараа Монголын бизнесийн ертөнцийн анхдагч түвшинд эхэлсэн бол удалгүй бизнесийн томоохон байгууллагуудад ажиллах болж эрчим хүчний төслийн маркетингийн менежер, улмаар банкны нөөцийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгуурт тэнцэж докторант болов. Энэ бол 2006 он.
Ундрам Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуулийн докторантурт суралцаж 2010 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалав. Түүний докторын судалгааны бүтээл өдгөө гадаад оронд ном болон хэвлэгдэж amazon.com сайтаар гадаад зах зээлд борлогдож байна.
Ч.Ундрам 2010 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ахлах багшаар ажиллаж эхэлснээр Менежментийн тэнхимийн эрхлэгч, профессор болж 2011, 2012 оны шилдэг залуу багшаар шалгаран, 2013 онд Томсон Ройтерсийн индекстэй хэвлэлд бүтээлээ нийтлүүлсэн эрдэмтдэд өгдөг МУИС-ийн цомыг хүртлээ. Ингэж л тэр гялалзаж эхэлсэн. Тэрбээр 2013 оноос МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 2014-2018 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес, менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн Удирдах зөвлөлийн дарга, 2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажилласан нь хамт олных нь түүнд үзүүлсэн итгэл байв. 2015 онд Монгол Улсын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Ч.Ундрамд МУИС-ийн дэд профессор эрдмийн цол олгожээ.
Тэрбээр Монголын болон олон улсын 10 гаруй байгууллагад гишүүнчлэлтэй бөгөөд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микроэкономиксийн институтын Монгол Улс дахь координатор, Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, JCI олон улсын байгууллагын Монгол дахь Импакт салбарын 2017 оны Ерөнхийлөгч, Японы мэдээлэл болон менежментийн холбооны гишүүн зэрэг хариуцлагатай, нэр хүндтэй сонгуульт ажлуудыг хийж иржээ. Тэрбээр бизнесийн болон төрийн 14 байгууллагад зөвөлгөө өгч, захиалгат ажил гүйцэтгэн төслийн Монгол талын удирдагч, багийн ахлагчаар нэр төртэй ажиллаж байв. Ч.Ундрамын өнөөг хүртэл хийсэн олон улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг Томсон Ройтерсийн индекстэй гурав, бусад тав, олон улсын хурал семинарт илтгэл тавьж нийтлүүлсэн найм, судалгааны нэг сэдэвт бүтээл найм, сурах бичиг, гарын авлага дөрөв хэмээн тоогоор илэрхийлж болох хэдий ч энэ бүхний ард түүний оюуны бүтээлч хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл бий.
Монгол хүн бүрд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж Монгол Улсынхаа нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах мөрөөдөл байдаг. Зах зээлийн тогтолцоонд дөнгөж шилжиж байсан 1999 оны Монголоос Ундрам охин яг л ийм мөрөөдөл өвөрлөн хээрийн галуу нисэн үл хүрэх алсыг зорьсон. Харин өнөөдөр Чинбатын Ундрам хэмээх монгол эрдэмтэн шинэ цагийн салхийг мэдрүүлэхээр түрэн ирж буй залуусын тэргүүн эгнээг манлайлж явна. Тэр бол Монгол мөрөөдлийг бүтээгчдийн нэг, эрхэмсэг агаад үлэмж төгөлдөр монгол бүсгүй.
боловсролын шинэчлэлийг түүчээлэгч
Дефакто нэвтрүүлгийн хөтлөгч, Эдийн засагч Д.Жаргалсайхан хэмээх эрхмийг гайхшруулахад тийм ч амар бус гэдэг нь хэнд ч тодорхой. Тэгвэл хөрөг нийтлэлийн маань гол баатар Чинбатын Ундрамыг тэрхүү эрхэм Дефакто нэвтрүүлэгтээ урьж ярилцлага хийж байхдаа “Эмэгтэй хүн яаж ийм залуу насандаа ийм том амжилтад хүрч чадсаныг...” гайхаад барахгүй байгаагаа нуугаагүй билээ. Тийм ээ, түүний бүтээсэн амжилтын түүх бол үнэхээр хэн хүний гайхаж бахархах сэтгэлийг төрүүлэхүйц аугаа их хүч энергийг агуулдаг. Түүнийг нь мэдэрч чадсан учраас уулга алдсан нь тэр юм.
Монголын дээд боловсролын салбарт голлох байр суурийг эзэлдэг МУИС-д Ч.Ундрам 10 гаруй жил ажилласан. Үүний зургаан жилд нь удирдах түвшний ажил хийсэн гээд бодоход боловсролын салбарын хөгжлийг урагшлуулахад оруулсан хувь нэмрийг нь цөөн хэдэн үгээр тодорхойлоход амаргүй юм.
Эдийн засгийн ухааны доктор, профессор Чинбатын Ундрам АНУ, Англи, Япон гээд өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, бакалавр, магистр, докторын зэргээ хамгаалсан хүний хувьд Монголынхоо ууган их сургууль МУИС-иа тэдгээр сургуулийнхаа зиндаанд ойртуулахын төлөө сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн байдаг.
Тухайлбал, бакалаврын сургалтын 200 хөтөлбөрийг 98 болгон танаж, дэлхийн шилдэг 10 их, дээд сургуулиудын хөтөлбөртэй МУИС-ийн хөтөлбөрийн давхцлыг 70 хувьд хүргэсэн нь түүний багаараа санаачилж хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудынх нь эхлэл байлаа. Улмаар МУИС-ийн элсэлтийг орон даяар нээлттэй болгож, элсэлтийн шилэн системийг нэвтрүүлсэн нь Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс хамгийн шилдэг сурагчдыг нээлттэйгээр элсүүлэн авах боломжийг бий болгосон онцгой давуу талтай юм. Энэхүү нээлттэй системээр жил бүр 2500-3500 оюутан элсүүлэхдээ 50 хувийг нь 21 аймгаас, 50 хувийг нь нийслэлийн дүүргүүдээс авдаг болж, тэд МУИС-ийн оюутны байраа онлайнаар захиалдаг болсон билээ. Түүнчлэн книжканы системийг халж, дүнгийн онлайн системийг хөгжүүлэн хэрэгжүүлснээр багш нар нь оюутнуудынхаа дүнг тав хоногийн дотор уг системд оруулдаг болж, оюутнууд хичээл сонголт болон заалгах багшаа ч энэхүү ухаалаг системээр захиалдаг болсон гээд олон чухал шинэчлэлтийг Ч.Ундрам Сургалтын нэгдсэн албаны дарга байхдаа хийж чадсан юм.
Мөн түүнчлэн тус сургуулийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа МУИС-ийн магадлан итгэмжлэлийг шинэ түвшинд баталгаажуулж, стратеги төлөвлөгөөг батлуулан, бүх удирдлагуудтай үр дүнгийн гэрээ хийдэг болж, маркетингийн төлөвлөгөөтэй ажиллах, багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлсэн билээ.
МУИС байгуулагдсаны 75 жилийн ойгоор шинэ Номын сангаа нээж, “Зиндаа” сэтгүүлийн “МУИС-75” тусгай дугаарыг эрхлэн гаргаж, Эрдмийн музей, Брэнд дэлгүүр, Номын дэлгүүр зэрэг сургуулийнхаа нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоход Ч.Ундрам захирлын хичээл зүтгэл нэн их байсныг хамтран зүтгэгчид нь онцлон тэмдэглэж байсан юм.
Удалгүй Ч.Ундрамыг МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирлаар томилсон нь нүдээ олсон томилгоо байв. Тэрбээр энэхүү хариуцлагатай албыг богино хугацаанд хашихдаа багш, ажилчдынхаа цалинг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, Салбар дундын шинжлэх ухааны төв байгуулах төслийг батлуулан, Багш, оюутны хөгжлийн төвийг байгуулах төсөв батлуулж чадсан билээ.
МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал, Эдийн засгийн ухааны доктор, профессор Чинбатын Ундрам “Тэсрэлтэт технологийн эрин ба Монголын дээд боловсролын бодлого” сэдвээр олны сонирхлыг онцгой ихээр татсан лекц уншсан нь одоо ч онлайнаар үзэгчдийн хүртээл болсоор байна. Тэрбээр лекцийнхээ төгсгөлд дээд боловсролын чанар, өгөөжийг сайжруулъя гэвэл энэ ажлыг ЕБС-иас нь эхлэх хэрэгтэй гэж онцолсон. Тэгвэл энэ ажил руугаа ч тэрбээр ханцуй шамлан ороод байна гэхэд болно. Ч.Ундрам өөрийн төрөлх нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуульд Биологийн лабораторийг иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр тохижуулан байгуулж, нээлтийг нь хийгээд удаагүй байна. ЕБС-д хийх глобал шинэчлэлтээ уг нутаг Сэлэнгэ аймгаасаа эхлэхийг зорьж байж мэдэх юм хэмээн бичигч би вээр таамаглаж сууна.
Монголчууд “Сайн хүний үр, Сүүтэй гүүний унага” хэмээн ярьдаг нь санамсаргүй хэрэг биш билээ. Ундрамын аав Чинбат гуай бол Сэлэнгэ аймгийн уугуул, энд төрж өссөн хүн. Инженер мэргэжилтэй тэрбээр өдгөө хамгийн үлгэр жишээ жишиг уурхайг ажиллуулж, коксжих нүүрс экспортлохын зэрэгцээ нийгмийн хариуцлагын үүргээ ухамсарлан орон нутгийн хөгжилд дэм болж явна. Түүний дэмжлэгтэйгээр “Тосон бумбын шувууд” судалгааны төсөл хэрэгжиж байгаа нь үүний тод жишээ юм.
Охин Ч.Ундрам нь хөдөлмөрч аавынхаа нэрэмжит спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг Сэлэнгэ нутагт нь зохион байгуулж, нутаг орондоо алдаршсан Хөдөлмөрийн баатар авга ахынхаа дурсгалыг мөнхжүүлж, Халх голын дайнд оролцож явсан баатарлаг өвөг дээдсийнхээ тухай архивын баримтад түшиглэсэн ном бичиж хэвлүүлжээ. Олон сайн ном бүтээлийн зохиогч, хамтран зохиогч, орчуулагч тэрбээр “Математик” хэмээх хүүхдүүдэд нэн чухал хэрэгцээтэй номын хамтран зохиогч юм.
МУИС-д 10 гаруй жил ажиллан хуримтлуулсан туршлагаа, хийж бүтээсэн нөр их ажлын үр шимээ улс орон даяар, тэр тусмаа хөдөө орон нутагт, Сэлэнгэчүүдэд хүртээхийн тулд тэдний дуу хоолой болох учиртай. Дээр хэлсэнчлэн залуу үе гарч ирж байна. Тэдний өнгөнд яваа, “Мэдлэг-Монголын баялаг” гэдгийг чин сэтгэлээсээ ухамсарласан залуухан эрдэмтэн Чинбатын Ундрамыг угтан авцгаая.
2020.03.04, Улаанбаатар хот