КОВИД-19: Италид спортын бүх уралдаан, тэмцээнийг ЦУЦАЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Италид 7985 хүн коронавирусний халдвар авч, 463 хүн нас бараад байгаа тул спортын бүх уралдаан, тэмцээнийг цуцлах шийдвэр гаргалаа.

Үүнд Италийн хөлбөмбөгийн дээд лиг буюу Сери А-гийн тоглолтууд ч багтах ажээ.

Италийн Ерөнхий сайд Жузеппе Конте “Дахиж хугацаа алдаж болохгүй. Халдвар авагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас барагсдын тоо ч өссөөр байна. Италийнхаа төлөө бид золиос хийх ёстой. Үүний тулд бид илүү хатуу, хариуцлагатай шийдвэр гаргахаас өөр аргагүй боллоо. Сери А болон спортын бусад бүх уралдаан тэмцээнийг цуцаллаа. Хөгжөөн дэмжигчид үүнийг ойлгож хүлээн авах ёстой” гэж мэдэгджээ.

Ийнхүү дөрөвдүгээр сарын 3 хүртэл Италид спортын бүх уралдаан, тэмцээнийг албан ёсоор цуцаллаа.

Харин Европын цомын тэмцээнүүдэд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top