ТООН ГАЗАР ТАРИАЛАН: Дрон уу, агроном уу!

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Ойрын арван жил хөдөө аж ахуйн салбар шинэчлэгдэж, тоон хэлбэрт зайлшгүй шилжинэ гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбар идэвхтэй хөгжиж байгаа ч бусад салбарыг бодвол технологийн дэвшил, инновацийн тал дээр хоцрогдож байна. Үндэсний хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын тоон шилжилтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОХУ “Тоон хөдөө аж ахуй”, “Тоон эдийн засаг” үндэсний төслүүдийг хэрэгжүүлж байна. ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам тоон шийдлийг нэвтрүүлснээр 2024 он гэхэд үр бүтээмж хоёр дахин нэмэгдэнэ гэж үнэлжээ.

Хөдөө аж ахуйн салбар өөрийн онцлогоосоо шалтгаалан тоон шинэчлэлд сул шилжсэн салбар. Гэхдээ шинжээчид ойрын арван жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор шинэчлэгдэнэ гэж үзэж байна.

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. НҮБ-ын мэдээллээр, дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангахын тулд 2050 он гэхэд хүнсний үйлдвэрлэлийг 70 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Харин үүнд хүрэхийн тулд газар тариалангийн талбай эсвэл малын тоо толгойг нэмэгдүүлэхэд хангалтгүй. Учир нь олон улс оронд газар тариалангийн талбай, бэлчээрийн нөөц хомстолтой байна. Тиймээс өсөн нэмэгдэж буй эрэлтийг зөвхөн шинэ технологи нэвтрүүлэх, үр бүтээмж, ургацыг нэмэгдүүлэх замаар хангах боломжтой болох юм.

Техникийн дэвшил

Техник хэрэгсэл болон тэдний тусламжтайгаар авч буй түүхий мэдээлэл фермерүүдэд ашиг авчрахгүй. Газар тариаланчдад мэдээлэл цуглуулах бус задлан шинжлэх, ургац, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зөвлөмж өгөх, байгалийн таагүй хүчин зүйлсийн улмаас учрах алдагдлыг бууруулах бэлэн шийдлүүд шаардлагатай.

Газар тариалангийн салбарт тоон шинэчлэлт хэрэгжүүлэхэд юуны өмнө их өгөгдлийг цуглуулах, задлан шинжлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, санхүүгийн салбарт тоон шинэчлэлийг далайцтайгаар нэвтрүүлэхээс өмнө хүмүүс, тэдний зардал, мөнгөн шилжүүлэг, хэрэглээний талаар асар их хэмжээний мэдээлэл цуглуулжээ. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын талаар ийм их хэмжээний мэдээлэл байдаггүй бөгөөд зах зээлд тоглогчдын тус тусын мэдээлэл л байдаг аж. Тиймээс газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд ирээдүйд ашиглах мэдээллийг цуглуулж байна.

“Skolkovo Ventures” сангийн мэдээллээр, Оросын ихэнх томоохон газар тариалангийн холдингууд дрон буюу нисгэгчгүй нисдэг аппарат, тусгай программ хангамж, компьютер харааны алгоритмыг ашиглаж эхэлжээ. Дрон ашиглан газар тариалангийн талбайн тоон зураглалыг гаргасны үр дүнд тухайн талбайн асуудалтай хэсгийг тодорхойлж, дахин судалгаа хийхэд дөхөм болдог байна. Түүнчлэн, дроныг төрөл бүрийн мэдрэгч, камераар тоноглосон тул тухайн газрын ургамлын байдлыг үнэлэх боломжтой аж. Ингэснээр талбайн цахим газрын зургийг боловсруулах боломжтой болж, түүний тусламжтайгаар бордоо шаардлагатай талбайг тодорхойлж, ургацын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой аж. Гэхдээ салбарын онцлогоос шалтгаалан жижиг болон дунд аж ахуйн нэгжүүд дрон ашиглах нь эдийн засгийн хувьд тэр бүр хэмнэлттэй байдаггүй байна.

Ухаалаг газар тариалан

Оросын газар тариалангийн технологийн хөгжлийн үндсэн чиглэлд ухаалаг газар тариалан орж байна. Оросын “SmartAgro” компани хөдөө аж ахуйн үйлдвэрийн менежментийн үүлэн платформыг хөгжүүлж байна. Үүний тусламжтайгаар бизнесийн үйл явцын 90 хувь хүртэл тоон хэлбэрт шилжүүлэх боломжтой. Технологийн энэ шийдэл тариалалтын үйл явцыг эрчимжүүлэх, ургацыг тодорхойлох, технологийн паркийн зардлыг тооцоолох, ургац алдах эрсдэлийг бууруулах боломжийг олгож байна.

Газар тариалангийн технологийн бас нэг чиглэл нь тариалангийн талбай, бордоо, түлшийг үр ашигтай ашиглахад чиглэсэн “оновчтой” газар тариалан юм. Үүний үр дүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн зардлыг бууруулах, ургацыг нэмэгдүүлэх юм.

“ExactFarming” компани тусгай газрын зураг ашиглан талбайн зөвхөн шаардлагатай хэсгийг  бордох үйлчилгээ нэвтрүүлжээ. Цахим газрын зурагт хөрс, тариалалтын байдлын талаарх мэдээлэлд үндэслэн бордооны тунгийн хэмжээг зөвлөдөг гэнэ.  Тиймээс энэ технологийн ачаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид бордоонд зарцуулж буй зардлыг хэмнэж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх боломжтой болж байна. Түүнчлэн талбайн агрохимийн судалгаа хийх үйлчилгээ мөн нэвтэрч байна. Үүний тусламжтайгаар цахим даалгавар зураглал гаргаж, үүний дагуу робот эсвэл хүн хөрсний дээж авч, ангилдаг байна. Энэ ажлын үр дүнд химийн элементийн хуваарилалтын зураглалыг гаргаж, үүний үндсэн дээр бордооны даалгаврын зураглалыг боловсруулдаг байна.

Гахайн “том ах”

“Pig's Big Brother” стартап компани гахайн тэжээлийг сайжруулах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглаж байна. Компьютерын харааны үндсэн дээр хөгжүүлсэн энэ систем үйлдвэрүүдэд амьтдын тарга тэвээргийг хянах боложийг олгодог гэнэ. Энэ технологийг ашиглан гахайн тоо толгойг автоматаар тоолох, гахай бүрийн жинг зайнаас хэмжих, жингийн өөрчлөлтийг хянах, мөн гахайн өвчлөлийн эрт илрүүлэх боломжтой аж. Ямар гахайд ямар төрлийн тусламж шаардлагатай байгаа тухай мэдээлэл фермийн ажилчдын гар утсанд ирдэг байна. Түүнчлэн тусгай тоноглолтой нүдний шилний тусламжтайгаар өвчтэй гахайн илрүүлэх боломжтой болжээ. Үүний үр дүнд антибиотик болон бусад төрлийн эм бэлдмэлийн хэрэглээ илүү оновчтой болсноор бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.

Өдгөө “Pig's Big Brother” компани  ОХУ төдийгүй бусад орнуудад хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Технологийн дэвшлийг гахайн аж ахуйд нэвтрүүлснээр жилд 10 тэрбум рублийн эдийн засгийн үр ашигтай ажиллах боломжтой гэнэ. Үүнээс гадна, үйлдвэрлэлийн үйл явц, ажилтнуудыг хянах, бод мал, зөгийн идэвхжлийг хянах технологи мөн нэвтэрч байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top