2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар шинэ коронавируст халдварын тархалттай холбогдуулан 185 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 89,4 хувь буюу 1,542,421,000 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй боллоо.
Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 173,008,698 хүүхэд, залуучууд хөл хорионд ороод байна.
Эх сурвалж: ЮНЕСКО-гийн цахим хаяг
https://en.unesco.org/themes/education-emergencies/coronavirus-school-closures
БНСУ
Бүгд Найрамдах Солонгос Улсад 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 9786 байна.
Иргэдийн хөдөлгөөн болон уулзалтыг хязгаарлахын тулд тус улсын Засгийн газрын зүгээс иргэдийг гэртээ байхыг зөвлөж, албан газрууд хаагдах эрсдэлд хүрч, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулахыг цуцалсан байна. 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр эхлэх ёстой байсан хичээлийн жилийн нээлтийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хүртэл хойшлуулж, хичээлийн жилийн нээлтийг цахимаар хийхээр төлөвлөж байна.
Солонгосын Засгийн газар өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш элсэлтийн шалгалтын хуваарь, хичээлийн шинэ жилийн нээлтийн талаар тодорхой мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа юм байна. Тус улсад элсэлтийн ерөнхий шалгалтыг 1993 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл элсэлтийн ерөнхий шалгалтыг нийт гурван удаа буюу 2005, 2010 онуудад БНСУ-д олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбогдуулан болон 2017 онд Поханг хотод газар хөдлөлт болсонтой холбогдуулан тус тус хойшлуулж байсан байна.
Бага насны хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх төвүүд онцгой нөхцөл байдлын үед заавал ажиллах ёстой болсон байна. Хэрэв өдөр өнжүүлэх төвүүдийн зүгээс энэ үед үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тохиолдолд эцэг эхчүүд Засгийн газрын холбогдох газарт гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ нь 6 сар хүртэлх хугацаагаар үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглоход хүргэж болзошгүй байна.
Хүүхэд асрах, өдөр өнжүүлэх үйлчилгээг зүй зохистой, шаардлагад нийцэхээр хангаж чадахгүй байгаа байгууллагуудад Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамны зүгээс айл өрх бүрт хүүхэд асрагчийг илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )