"Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан гэх 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг УБТЗ-ын өмч гэж гурван шатны шүүхээс үзсэн байдаг. Улмаар өнгөрөгч 2019 оны зургаадугаар сард хаусыг албадан чөлөөлж, УБТЗ нийгэмлэгийн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн юм.
Харин Л.Пүрэвбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.04.15/ болохоор тов гарсан ч шүүгдэгчийн зүгээс дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлт гаргасан учир шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Л.Пүрэвбаатар нь 2014 арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдсон. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой контрактын гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авсан байдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
Вант улс биш болсоныг буцаад вант улс болгосон хүндээ