АНУ-ын “SpaceX” компанийн “Starlink” 60 бичил хиймэл дагуул бүхий “Falcon 9” пуужин тээвэрлэгч Канаверал сансрын буудлаас хөөрчээ. “Falcon 9” хөөрснөөс есөн минутын дараа пуужин тээвэрлэгчийн өмнө гурван ч удаа ашиглагдаж байсан нэгдүгээр хэсгийг нь Атлантын далайд “Of Course I Still Love You” талбайд буулгасан бол хоёрдугаар хэсэг нь 60 бичил хиймэл дагуулыг пуужин тээвэрлэгч хөөрснөөс хойш 15 минутын дараа дэлхий орчмын тойрог замд оруулжээ. Цаашид хиймэл дагуулууд хөдөлгүүрийн тусламжтайгаар 550 км өндөрт гарах юм.
“Starlink” сүлжээ нь олон тооны бичил хиймэл дагуулыг /500 хүртэл кг жинтэй/ дэлхий орчмын тойрог замд ажиллуулах замаар дэлхийн бүх хүн амыг интернет хэрэглэх боломжоор хангах зорилготой. Харилцаа холбооны энэ сүлжээ хүн ам багатай, хүрэхэд бэрх бүс нутаг зэрэг дэлхийн өнцөг булан бүрийг 5G стандартад нийцсэн 1 Гб/с хурдтай өргөн зурвасын интернет холболтоор хангах аж.
Эхний үе шатанд “SpaceX” компани 2020 оны сүүлч гэхэд АНУ-ын өмнөд хэсгийн хэрэглэгчдийг өргөн зурвасын холболтоор хангахаар төлөвлөж байна. Тус компани нийт 11 мянган бичил хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээг тойрог замд байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд нийт 10 тэрбум ам.доллар зарцуулах аж. 2019 оны тавдугаар сард эхний 60 бичил хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн бол хоёрдугаар ээлж өнгөрсөн оны арваннэгдүгээр сар, гурав, дөрөв, тавдугаар ээлжийн хиймэл дагуулуудыг энэ оны нэг, хоёрдугаар сард, зургаа дахь ээлжийг өнгөрсөн гуравдугаар сард хөөргөсөн билээ.
Сэтгэгдэл ( 0 )