Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.04.28/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаан 10:00 цагт эхэлсэн бөгөөд цар тахлын үеийн хорио, цээрийг сунгах болон цаг үеийн асуудалтай холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Хуралдаанаар ямар шийдвэр гаргасан талаар яг одоо Улсын Онцгой комиссоос мэдээлэл өгч байна. Хэвлэлийн бага хуралд Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОБЕГ-ын дарга Т.Бадрал нар оролцож байна.
Энэ үеэр Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Хуралдаанаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг ярилцлаа. Нөхцөл байдал амаргүй болж байна. Өнөөдрийн байдлаар гурван сая гаруй хүн халдварласан байна. Манай хойд хөршид 24 цагийн дотор 6894 нэмэгдэж байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 38 хүн халдвар аваад байна. Халдвар авсан хүмүүсийн дотор эхний хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гараад гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарч байна. Ингэхээр энэ вирус хувирч байна, шинж тэмдэг нь өөрчлөгдөж байна. Энэ нь их аюул дагуулж байна. Коронавирус хүнээс хүнд халдварлаж байсан бол хүнээс амьтанд хүртэл халдварлаж байна" гэв.
Түүнчлэн "Долоо дахь эрсдэлийн үнэлгээг хийлээ. Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарч байна. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугасарын 31-ний өдрийг дуустал гаргах шийдвэрийг гаргаж байна. Энэ хугацаанд нислэгийг хязгаарласан хугацааг сунгаж байна. Монгол Улсын иргэдийг гурван боомтоор л хүлээж авна. Гаднын орны иргэдийг авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна. Мэргэжлийн холбоод, танхимын сургалтын үйл ажилллагааг нээх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ асуудлыг яриад энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оролцуулна. Монгол иргэдээ авч ирэх ажлыг үргэлжүүлнэ. Ойрын хугацаанд гурван нислэг хийнэ" хэмээн ярилаа.
Мөн "Гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн иргэдийн тоо байнга нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 9890 хүн хүсэлтээ ирүүлсэн байна. Иргэдээ татан авч ирж байна. Нислэг, авто зам, галт тэргээр татан авч ирж байна. Нийт 190 мянган Монгол иргэн байгаа болохоор эхний ээлжид гэдэг шалгуурыг тавьсан. Тухайлбал, гадаадад эмчлүүлэх гэж явсан, өндөр настан, бага насны хүүхэдтэй хүн, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ эхний ээлжид татаж авч байна. Ялангуяа БНСУ руу олон ч нислэг үйлдлээ. Цаашид ч хийх гэж байна. Яг энэ шалгуураа л тавина. Иргэд янз бүрийн суулт хийгээд нэмэргүй. Суулт хийлээ гээд Монгол Улсын онгоцны тоо нэмэгдэхгүй. АНУ руу нислэг хийх бололцоо байхгүй. Байнгын нислэг хийдэг орон руугаа л нислэг хийнэ. Нислэг хийдэггүй улс, орон руу нислэг хийх боломжгүй. Хэрэв нэг л нислэг хийдэггүй орон руу иргэдээ татаж авах нислэгийг зохион байгуулах юм бол 57 орон руу нисэх хэрэг болно. Би байнгын нислэг хийдэггүй орон руу нислэг хийнэ гэж амалж чадахгүй, худлаа ярьж чадахгүй" гэх мэдээллийг өглөө.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 3 )
Монголын төр байдаг чадлаараа ажиллаж байна.Ганц Улаанбаатар олон хүнийг авч чадахгүй мэдээж ттөмөр зам авто замын боомт Замын үүд Баян өлгий Дархан Эрдэнэт зэрэг аймаг хотод орос хятад улсаар дамжин иирэгчдыг авч хөл хорио хийж байна.\nБидний чадал ийм шүү
МОНГОЛ УЛС 5000 ИРГЭНЭЭ ТАТААД АВЧИХ ЧАДАМЖГҮЙ УЛС УУ , ТЭР ИРЭХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮС ЧИНЬ ҮНЭГҮЙ ИРЭХ ГЭЭГҮЙ , МӨНГӨӨ ТӨЛӨӨД ИРЬЕЭ ГЭЖ БАЙНА, ХҮННҮ АЙР , АЙРО МОНГОЛИА НИСЭЭД ИРЬЕЭ ГЭЭД БАЙНА , ХОТЫН ГАДУУР ДҮҮРЭН АМРАЛТ СУВИЛАЛЫН ГАЗРУУДЫГ ТУСГААРЛАХ БАЙР БОЛГОН АШИГЛААЧ , БИТГИЙ ӨӨРСДӨӨ Л БОЛОЖ БАЙВАЛ БУСАД НЬ ХАМААГҮЙ ГЭСЭН ХУВИА ХИЧЭЭСЭН БЭРТЭГЧИН СЭТГЭЛЭЭР ХАНДААД БАЙГААЧ\n\n
зөвөө хил гаалаа чангатгаад дотоодоо хэвийн байдалдаа оруулах хэрэгтэй ядуурал ихсэж байна