
Хятадын тэрбумтан Хэ Сянь Зяний гэрт гэмт этгээдүүд дайран орж, барьцаанд авчээ. Харин хүү нь гэрээсээ зугтан гарч, гол гатлан сэлж, Цагдаагийн газарт болж буй явдлын талаар дуулгаж чадсан аж.
Гэр ахуйн бараа үйлдвэрлэгч Midea Group-ийг үүсгэн байгуулагч 77 настай Хэ Сянь Зянь нь Хятадын өмнөд хэсэгт орших Фошань хот дахь тансаг эдлэндээ байхад нь тэсрэх бодисоор зэвсэглэсэн этгээдүүд эдлэнд нь дайран орж ирсэн юм байна.

Түүний хүү 55 настай Хэн Зян Фэн түрүүн өгүүлсэнчлэн эзэмшил газраасаа оргон зугтаж амжсан бөгөөд зургаадугаар сарын 15-ны үүрээр гэмт этгээдүүдийг баривчлан, тэрбумтныг суллажээ. Гэмт этгээдүүд Хэ Сянь Зяний биед ямар нэгэн гэм шарх учруулаагүй ажээ.
Хэ Сянь Зянь нь 2019 онд Forbes-оос гаргасан Хятадын толгой баячуудын жагсаалтын 6-д 23.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигдсэн юм. Одоо харин хөрөнгийг нь 24.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж таамаглаж буй ажээ.
Тэрбээр 1968 онд Midea Group-ийг үүсгэн байгуулж, 2012 он хүртэл өөрөө удирдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )