СЭМҮТ-ийн сэтгэл заслын эмч, бэлгийн эмгэг судлаач Г.Гантулгатай ярилцлаа.
-Бэлгийн боловсрол гэхээр хүмүүс шууд л бэлгийн харилцаа гэж ойлгодог. Бэлгийн боловсрол гэдэг ойлголтод юу юу багтдаг вэ?
-Бэлгийн боловсрол гэдэг ойлголтод нөхөн үржихүй, халдварт өвчлөл, бэлгийн ариун цэвэр, жирэмслэлтээс хамгаалах арга гэх мэт олон зүйлс багтдаг. Жишээлбэл, бие махбодын хөгжил ба сэтгэл зүйн хувьд бэлгийн харилцаанд ороход хэзээ бэлэн болох, хувь хүн бэлгийн мэдлэг хуримтлуулсны дараа тохирох хамтрагчаа зөв сонгох, өөрийгөө болон хамтрагчаа хэрхэн халдвараас хамгаалах, буруу хандлагаас үүдэлтэй ирээдүйн үр хөндөх, гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт гэх мэт асуудлууд хамаардаг. Тиймээс бэлгийн боловсролыг цогц гэж харах хэрэгтэй.
-Манай улсын нийт өсвөр насны хүүхэд, залуучуудын дунд бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн мэдлэг хэр хэмжээнд байна вэ?
-Ихэнх эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн хувьд энэ талын мэдлэг мэдээлэл хомс байгаа нь ажиглагддаг. Өсвөр насны залуучууд цахим орчноос болон найз нөхдөөсөө ихэвчлэн бэлгийн харилцааны таашаалын талаар эрж хайдаг. Харин үндсэн ойлголт болох нөхөн үржихүй, эрүүл мэндийн мэдээллүүд орхигдоод байдаг сул талтай. Тиймээс энэ талын мэдлэг харьцангуй муу байна.
-Эцэг, эхийн зүгээс хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярилцаж чадаж байна уу?
-Эцэг эхчүүдийн хувьд энэ талаар ярилцахгүйгээр болоод л ирсэн гэх хандлага их байдаг. Арван үйлчлүүлэгч ирэхэд найм нь эцэг эх, хүүхэдтэйгээ бэлгийн боловсролоор ярилцах тал дээр дулимаг, үлдсэн хоёр үйлчлүүлэгчийн нэг нь мэдээлэл сайтай, эх сурвалжийг зөв замаар авч хүүхдэдээ тайлбарлаж ярилцдаг, харин нөгөө үйлчлүүлэгч нь цахим орчноос авсан буруу ташаа мэдээллээр дүгнэж, хүүхдэдээ орон зай олголгүй зэмлэх, ичээх хандлагатай байдаг.
-Тэгвэл эцэг эхчүүд ямар арга барилаар хүүхдэдээ зөв мэдээлэл өгч, ярилцах ёстой вэ?
-Нэн түрүүнд хүүхэдтэйгээ ойр дотно, найз нөхөд шиг нь нээлттэй байж чаддаг эсэхээ мэдэх хэрэгтэй. Хоорондын харилцаа дотно, нээлттэй биш байхад гэнэт бэлгийн харилцааны талаар ярилцъя гэвэл хүүхдийн зүгээс хүлээж авахад тавгүй байна. Эцэг эхийн хувьд хүүхэдтэйгээ ярилцахад бэлэн бус буюу итгэлгүй, мэдлэг мэдээлэл хангалтгүй байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран мэдээлэл хүргэх, зөвлөгөө авах боломж нээлттэй байгаа.
-Хүүхэд, залуучууд энэ талын мэдлэг мэдээллийг ихэвчлэн үе тэнгийн найз нөхдөөсөө асууж мэддэг гэлээ. Энэ нь хэр оночтой зөв мэдээлэл болж чаддаг бол?
-Аль ч цаг үед хүмүүс бэлгийн боловсролын талаарх мэдээллийг найз нөхдөөсөө авах хандлагатай байсаар ирсэн. Ихэнх ярьсан зүйл нь үнэн байх тохиолдол цөөн. Учир нь ам дамжсан, нэмж хачирласан яриа байдаг. Үе тэнгийн залуучууд өөрсдийн хувийн асуудлаа шууд ярихаас ичдэг учраас буруу ташаа мэдээлэл маш их өгдөг. Бодит байдал дээр хүн бүр ондоо мэдрэмжтэй, өөрөөр хайрладаг болохоор сонссон зүйлс нь зуун хувь зөв байж чадахгүй. Тиймээс тулгарч байгаа асуудлаа шийдвэрлэх хамгийн зөв зам бол мэргэжлийн эх сурвалж байдаг.
-Цахим орчинд байгаа шүүлтүүргүй мэдээллээс үүдэж өсвөр насныханд ямар сөрөг үр дагаварт хүрч байна?
-Цахим орчинд байгаа тодорхойгүй мэдээллүүд нь өсвөр насны залуучуудад даган дуурайх сэдлийг өгдөг. Энэ нь нөхөн үржихүй болон бэлгийн тогтвортой амьдралд өрөөсгөл ойлголт өгөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, ирээдүйн гэр бүл төлөвлөлт, үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт зэрэг олон асуудлыг дагуулах эрсдэлтэй юм. Орчин үед цахим орчинд бэлгийн боловсролын талаар маш олон мэдээлэл, бичлэг, подкастууд тавигдаж байгаа. Эдгээрийн ихэнх нь бэлгийн амьдралд нээлттэй болсон нас биед хүрсэн хүмүүст зориулагдсан байдаг. Харин дөнгөж бэлгийн амьдралыг ойлгож эхэлж буй өсвөр насныханд сэдвийн хувьд хүнд буюу тохиромжгүй байдаг.
Н.ХАЛИУНАА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )