Хойд Солонгос Өмнөд Солонгост “ухуулгын дайн” зарлахад шаардлагатай хуудсуудыг бэлдэж эхэлсэн талаар мэдээлсэн. Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр хуудсуудыг хэвлэж байгаа аж. БНАСАУ Сөүлийг ёс суртахууны энгийн зарчмыг ч алдсан гэжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын эсрэг хоригийг жилээр сунгасан билээ. Тэгвэл Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргаа энэ сарын 17-нд Хойд Солонгос БНСУ-ын Төрийн тэргүүнийг гутаан доромжилж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгахад чиглэсэн үйлдэл хийж байгааг тэвчихгүй гэж мэдэгдсэн юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээн дээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “ичгүүргүй заль мэх” гэж шүүмжилжээ.
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны төлөөлөгч “Умардын Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх аливаа оролдлогод Өмнөд Солонгос хатуу хариу барина” гэж мэдэгджээ.
БЭЛЭН БАЙДАЛ
БНСУ-ын Зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, Хойд Солонгосын үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа аж. Өдөөн хатгалгад шуурхай хариу үзүүлнэ гэдгээ Өмнөд Солонгосын зүгээс мэдэгджээ. Тэгвэл Хойд Солонгос хилийн бүс рүү цэргээ татжээ. БНАСАУ Кымгансан, Кэсон хилийн бүсүүдэд цэргээ оруулж, хээрийн сургуулилтуудыг сэргээх төлөвлөгөө боловсруулж байна гэж Солонгосын Ардын армийн төлөөлөгч мэдэгдэв. Солонгос хоорондын хамтын ажиллагааны бүсүүдийг 2000 оны эхээр хил орчмын Кэсон хот болон Кымгансан ууланд байгуулжээ. Сөүлээс 50 км зайд орших Кэсон нь цэргийн ажиллагаа эхэлсэн тохиолдолд Хойд Солонгосын цэргийн хүч Өмнөд рүү довтлох хамгийн чухал чиглэлүүдийн нэг гэж үздэг байна. Үүний сацуу Хойд Солонгосын тал цэрэггүй бүсэд цэргийн цагдаагийн хяналтын цэгүүдийг дахин байрлуулахаар болжээ. БНАСАУ-ын цэргийн командлал бүх фронтод ухуулах хуудас тараахад тохиромжтой хэсгүүдийг нээхээр төлөвлөж байгаа аж. Солонгосын Ардын армийн Ерөнхий штаб дээрх төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, ойрын үед Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комисст танилцуулах гэнэ.
БНСУ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээ хийх зорилгоор тусгай төлөөлөгчдийн БНАСАУ-д илгээх боломж олгох хүсэлт гаргасан ч Хойд Солонгосын тал хүлээж аваагүй. Өмнөд Солонгосын тал БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улсын аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён, Үндэсний тагнуулын албаны дарга Со Хуныг тусгай төлөөлөгчдийн хувиар илгээх санал тавьсан гэж Хойд Солонгосын цахилгаан мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон Сөүлийн “овжин” саналыг хүлээж авахыг хориглосон аж. Мэдэгдэлд “Тусгай төлөөлөгчдийн илгээх Өмнөдийн санал анхнаасаа бодит бус байсан. Коронавирусний цар тахалтай холбогдуулан БНАСАУ хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд тус улсын хилээр зорчихыг хориглоод байгаа билээ” гэжээ.
Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон энэ сарын 4-нд мэдэгдэл хийснээс хойш Солонгосын хойг дахь нөхцөл байдал хурцадсан юм. Мэдэгдэлд Ким Жон Уны дүү Өмнөд рүү дүрвэн гарсан хойд солонгосчууд ухуулах хуудас тарааж буйг буруутгаж, Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр талын тохиролцоог биелүүлэхгүй байна гэж шүүмжилсэн билээ. Энэ сарын 10-нд Хойд Солонгосын тал Өмнөдтэй бүх харилцаа холбооны шугамаа тасалж, 16-нд хил орчмын Кэсон бүс дэх Солонгос хоорондын харилцаа холбоог зохицуулах товчооны хамтарсан байрыг дэлбэлжээ.
НЭГ САЯ УХУУЛАХ ХУУДАС
БНАСАУ руу дахин нэг сая ухуулах хуудас илгээнэ гэж Умард Солонгосоос оргон зугтаж БНСУ-д оршин суугаа хүмүүсийг нэгтгэдэг төрийн бус байгууллага мэдэгдлээ. Ирэх долоо хоногт БНАСАУ руу тус улсын удирдлагыг шүүмжилсэн шинэ ухуулах хуудас илгээнэ гэж “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөөх тэмцэгчид” төрийн бус байгууллагын дарга Пак Сан Хак мэдэгджээ. Идэвхтнүүд бэлтгэл ажлаа дуусгасан бөгөөд ирэх долоо хоногоос БНАСАУ-ын зүг суртал ухуулгын нэг сая хуудас бүхий агаарын бөмбөлөг хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ арга хэмжээг Солонгосын дайн эхэлсний /1950-1953 он/ 70 жилийн ойг энэ сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлэхэд зориулан явуулна гэдгийг Пак Сан Хак онцолж, ухуулах хуудсуудтай бөмбөлгүүдийг хэзээ хөөргөх нь салхины чиглэлээс хамаарна гэдгийг цохон тэмдэглэжээ. Өмнө нь уг байгууллага БНАСАУ-ын зүг 500 мянган ухуулах хуудас илгээснийг Пёньян БНСУ-ын эрх баригчидтай харилцаагаа муутгаж, цэргийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх шалтаг болгон ашиглажээ. Үүний улмаас Өмнөд Солонгосын хэд хэдэн мужийн эрх баригчид ухуулах хуудас бүхий бөмбөлөг хөөргөхийг хориглосон байна. Хоригийг зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдох, 8.2 мянган ам.доллароор торгуулах аюултай аж. Хоёр улс Солонгосын дайн дууссанаас хойш 1953 онд түр хугацаанд гал зогсоох гэрээний дагуу цэрэггүй бүс байгуулж, үзэл суртлаараа хуваагдсан юм. Солонгосын дайныг АНУ, ЗХУ-ын мэдэгдлээр зогссон гэж үздэг ч албан ёсоор дайн эцэслэх, энхийн гэрээнд гарын үсэг зураагүй өдийг хүрсэн. Хойд Солонгосын “Rodong Sinmun” сонинд “Манай ялагдашгүй хувьсгалт арми манай ард түмнийг гутаан доромжилсны өшөөг авах болно. Манай ард түмэн урьд өмнө хэзээ ч ийм хүчтэй эгдүүцэж байгаагүй” гэж бичжээ.
Мөн “Өмнөд Солонгосын эрх баригчид бидний ариун дээд удирдлагын нэр төрийг гутаасныхаа төлөөх хариуцлагаас хэзээ ч зайлж чадахгүй. Энэ өшөө авалт эцсээ хүртэл үргэлжлэх болно. Ард түмний хүчтэй уур хилэнд суурилсан хариу төлөвлөгөө нэгэн санаагаар үндэсний зөвшилцөл болж хувирсан” гэв. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга, Ким Жон Уны дүү Ким Ё Жон "Өмнөд Солонгосын талтай харилцаагаа таслах шаардлагатай" гээд Солонгосын Ардын армийн Ерөнхий штаб дараагийн алхмын талаар шийдвэр гаргах үүрэг хүлээж байна гэж онцолжээ. Хойд Солонгос энэ сарын 9-нд Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагуудаас ухуулах хуудас тараасныг Солонгос хоорондын энхийн хэлэлцээрийг зөрчсөн дайсагнасан үйлдэл гэж үзэн харилцаа холбооны бүх шугамыг тасалсан билээ.
КИМ ЖОН УН ХААНА БАЙГАА ВЭ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны талаар сүүлийн хэдэн сард янз бүрийн мэдээллүүд гарсан. Түүнийг нас барсан, бие нь муу байгаа гэх зэргээр бичиж байсан ч Ким хоёр долоо хоногийн өмнө эрүүл саруул гарч ирсэн юм. Мөн түүний "Ан-148" онгоц өнгөрсөн лхагва гарагт тус улсын зүүн нутаг руу ниссэнийг нисэх онгоцны хөдөлгөөн ажиглагч "Aircraft Spot" сайтын мэдээллийг дурдан "Ёнап" агентлаг мэдээлжээ. Ким Жон Уны хувийн онгоц тэр бүр нислэг үйлддэггүй тул ажиглагчдын анхааралд байнга өртдөг. Онгоц зүүн хойд зүгийн чиглэлд нисэж, Умард Хамкён мужид дохио нь алга болсон байна. Нисэх онгоцонд хэн сууж явсан нь одоогоор тодорхойгүй ч нисэх онгоцны хөдөлгөөн ажиглах сайтын операторуудын тайлбарласнаар, нисэх онгоц Хойд Солонгосын удирдагчийн ордны зүг чиглэн нисэж байжээ. Гэхдээ Ким Жон Ун хоёр долоо хоног үзэгдээгүй. Нислэгийн чиглэлээс үзвэл нисэх онгоц зүүн эрэг дэх Синпо боомт хотод газардсан байх боломжтой гэнэ. Синпо хотод шинэ төрлийн усанд шумбагч хөлөг барьж байгаа бөгөөд төгсгөлийн шатандаа орсон гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )