БНАСАУ хиймэл дагуул хөөргөх тухай Японд анхааруулга өгөв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

БНАСАУ энэ сарын 22-оос арванхоёрдугаар сарын 1-ний хооронд хиймэл дагуул хөөргөх гэж байгаа тухай Японы эргийн харуулд мэдэгджээ.

Мэдэгдэлд хиймэл дагуул хөөргөхтэй холбогдуулан Зүүн Хятадын тэнгис, Шар тэнгис болон Филиппиний Лусон арлын зүүн хэсгийн усан хилийн бүс эрсдэлтэй бүсэд орж буй тухай анхааруулсан байна.

БНСУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Шин Вон Сик энэ сарын 30-нд анхны цэргийн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж буй БНСУ-аас урьтахын тулд БНАСАУ энэ сард багтаан хиймэл дагуул хөөргөж болзошгүй хэмээн мэдэгдэж байсан. БНСУ нь энэ сарын 30-нд АНУ-ын Калифорни муж дахь “SpaceX” компанийн баазаас “Falcon 9” пуужингийн тусламжтай цэргийн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөжээ. Хожим нь БНСУ-ын тал Хойд Солонгост хандан хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэх ажлаа даруй зогсоохыг шаардаж байсан билээ.

Пёньян тав болон наймдугаар сард тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн боловч бүтэлгүйтэж, аравдугаар сард гуравдах оролдлогоо хийнэ гэж мэдэгдэж байсан ч одоогоор хиймэл дагуул хөөргөөгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top