БНСУ АНУ-ын цөмийн хүчийг хамтарсан сургуулилтад ашиглахыг хүсэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 02

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл Хойд Солонгосын цөмийн заналхийллийг сөрөх зорилгоор тус улс АНУ-ын цөмийн хүчийг оролцуулсан хамтарсан сургуулилтыг төлөвлөх, явуулах тухай хэлэлцээг АНУ-тай хийж байна гэж мэдэгджээ.

БНСУ-ын төрийн тэргүүн Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болсноос хойш Өмнөдийн ард иргэдийг “цөмийн шүхэр” эсвэл тогтоон барих хүчний тусламжтай АНУ хамгаална гэсэн мэдэгдлээр тайвшруулахад хүндрэлтэй болсон гэж онцолсон байна. Цөмийн зэвсгийг АНУ эзэмшиж байгаа ч талууд мэдээлэл солилцож, цэргийн сургуулилтыг хамтран төлөвлөж, зохион байгуулах учиртай гэж Юн Сог Ёл онцолжээ. Түүний хэлснээр, АНУ-ын тал энэ тал дээр эерэг байр суурьтай байна. Хамтарсан сургуулилтыг хэлэлцэх нь цөмийн зэвсгийг хамтран хэрэглэнэ гэсэн үг огт биш гэж Юн Сог Ёл онцлоод гэхдээ энэ нь томоохон дэвшил хэмээн илэрхийлжээ.

Тэрбээр мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн хэмээн мэдэгдээд уулзалтын үеэр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр бодит үр дүнд хүрэх шаардлагатай гэжээ. Юуны өмнө хүмүүнлэгийн асуудлаас эхэлж, Өмнөд, Умард хоорондын яриа хэлэлцээний үүдийг нээх шаардлагатай. Тодорхой тооны хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын чиглэлийг тодорхойлсноор дээд хэмжээний уулзалт эерэг үр дүн авчирна гэж Юн Сог Ёл онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top