Өмнөговь аймгийн Баяндалай суман дахь Хойд Аргалант нэртэй манганы уурхайн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Монгол Манганез натурал ресурс" ХХК-ийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас байгаль орчинд, нутгийн иргэдэд тулгамдаад буй асуудлуудыг “Экологийн цаг”-ийн сурвалжлах баг олон нийтэд хүргэж байсан билээ.
Тодруулбал, малчин иргэд нутаг орондоо болон өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг газар дээр нь ирэн үзэж, олон нийтэд мэдээлж өгөхийг хүссэний дагуу "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр тэргүүтэй "Экологийн цаг" нэвтрүүлгийн баг, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд тус уурхайд хоёр удаа очсон юм. Түүнчлэн “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Эрс шинэчлэл хөдөлгөөн" ТББ-ынхан 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр манганы уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улмаар сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээлгэхээр гаргасан иргэдийн хүсэлт, иргэний нийгмийн байгууллагуудын шаардлагын дагуу сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, малчид, уурхайн төлөөллүүдтэй уулзалт хийж байсан. Уулзалтын үеэр уурхайн төлөөлөл хайгуулын үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдэж байв.
Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг компанийн хариуцлагагүй үйл ажиллагааг таслан зогсоох албан ёсны шийдвэрийг төр засгийн холбогдох байгууллагуудаас гаргаагүй байна.
Тиймээс “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр өөрийн байр сууриа ийнхүү илэрхийлжээ.
“100 хувь хятад эзэнтэй "Монгол Манганез натурал ресурс" ХХК-ийн Өмнөговь аймгийн Баяндалай суман дахь Хойд Аргалант нэртэй манганы уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн малчдын хүсэлтээр бид хоёр удаа газар дээр нь очин ажиллаж, хууль бус үйл ажиллагааг нь олон нийтэд ил болгож, төрийн байгууллагуудад уламжилсан. Тус компанийн зүгээс хууль бус хайгуулын ажлаа зогсоохоо мэдэгдсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн байгууллагуудаас ямар нэгэн шийдвэртэй арга хэмжээ авагдсангүй. Харин хятад эздийн гар хөл болсон этгээдүүд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, нутгийн иргэдийг төөрөгдүүлэх, мөнгөөр худалдаж авах, ажилд оруулна гэж хоосон амлах зэрэг оролдлогуудыг гарган иргэдийг хооронд нь талцуулж, сиймхийгээр нь нутаг ус руу минь хуульгүйгээр дайрдаг хариуцлагагүй уул уурхайн компаниудын хэрэглэдэг мөнөөх л башир аргаар ажиллаж эхлээд байна. Сумын засаг даргын зүгээс багийн ИНХ-ыг хуралдуулж асуудлыг шийдэх гарц шийдэлтэй гэв. Үүнийг дэмжиж байна. Орон нутгийн удирдлагууд арга мухарджээ гэсэн ойлголттой болов. Гэвч үүнээс өмнө тус компанид мэргэжлийн байгууллагаас албан ёсны шалгалт оруулж, тодорхой дүгнэлт гаргах шаардлагатай байна. Өмнөговь аймгийн холбогдох удирдлагууд, төрийн түшээд анхааралдаа авч ажиллахыг хүсье.
“Экологийн цаг” төслийн баг, иргэний нийгмийн байгууллагууд удахгүй газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, сурвалжлага бэлтгэх болно. Холбогдох албан тушаалтнуудад дахин шаардлага хүргүүлж ажиллана. Хуулийг сахин биелүүлж, эх нутагтаа эзэн байхыг иргэн бүрт уриалж байна” гэжээ.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Аргалантын хэцийн “ТАРХИ”-ийг цоолсон МАНГАНЫ УУРХАЙН ажил түр зогслоо
БАРИМТ: Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт газрын ховор элемент болох манганы хайгуул хийхээр очсон "Монгол Манганейз Натурал Ресурс" ХХК-ийн хууль бус, байгаль сүйтгэсэн үйл ажиллагааг БАРИМТААР ҮЗҮҮЛЖ БАЙНА!!!
Сэтгэгдэл ( 2 )
uul uurhaigaa boliochee..im uchraas eldev uvchin garcj bgaamdaa..vr hvvhdee bodoochee
Ix xurald umnugovios garsan gishyyded xand. Shiidej uguxgyi xudluxgyi bol gishyynees ni butsaaj tat. Odoo xariutslaga yarix tsag bolson shy.