Франц улс Ливан руу эмч нараа илгээнэ

2020 оны 08 сарын 05

Франц улс дэлбэрэлтийн улмаас гарз хохирол амсаад байгаа Ливан улсын Бейрут хот руу эмч нар болон эмнэлгийн хэрэгслийг илгээхээ мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Бид Ливан руу иргэний хамгаалалтын хүчээ болон хэдэн тонн ариун цэврийн болон эмнэлгийн хэрэгсэл илгээнэ. Бейрут руу түргэн тусламжийн эмч нарыг аль болох эрт илгээх болно. Тэд Бейрутын эмнэлгүүдэд тусална” гэж “Twitter” хуудсандаа бичсэн байна.

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казыми мөн Бейрут хотод тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Иракаас эмнэлгийн тусламж зөөсөн онгоц Ливаныг зорих аж.

Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Инас Хамам Ливан руу гэмтлийн болон мэс заслын эмчилгээний хэрэгслүүдийг шархадсан хүмүүсийн эмчилгээнд туслахаар ДЭМБ-аас илгээсэн талаар мэдэгджээ.

Ливаны нийслэл Бейрут хотын боомтын агуулахад болсон дэлбэрэлтийн улмаас 78 хүн амиа алдаж, 4000 хүн шархдан, олон хүн сураггүй болсонд тооцогдож байгаа юм. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг гаргаж авах, таних ажиллагаа үргэлжилсээр байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (64.119.25.185) 2020 оны 08 сарын 06

манайх ч гэсэн хот дотор байдаг шаваарладсан шатахуун түгээх станцыг гадагш гаргах л хэрэгтэй дээ ер нь дэлбэрэх аюул бий шүү

0  |  0
Top