Налгар намрын өдрүүд хаяанд ирж, тариаланчид тариа, ногоо, шинэ ургацаа хураан, нийслэлийг зорьжээ.
Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон зохиогддог шинэ ургацын үзэсгэлэн худалдаа энэ жил ч мөн арвин их ургацаа дэлгэсэн байв. Нийслэлчүүдийг өргөн хэрэглээний хүнсний болон нарийн ногоо, жимс жимсгэнээр хангахаар Сэлэнгийн тариаланчид “Скай” их дэлгүүрийн гадна талбайд цуглажээ.
Нэг сарын өмнө төмс 3000, лууван 5000 төгрөгт хүрч иргэдийг бухимдуулаад байсан бол шинэ ургацын ногоо гарснаар хүнсний ногооны үнийн хөөрөгдөл буурчээ.
Ногоон асрын үүдээр ороход тариаланчид ам уралдан ногооны үнийг хэлцгээнэ. 10 кг төмс авахад нэг килограммыг нэмэн өгч байна гэсэн чимээ ч сонсогдов.
Хүмүүсийн хөл хөдөлгөөн ид өрнөж, лангуу болгоны урд олноор цуглажээ.
Уг үзэсгэлэнг “Баянзүрх” дүүрэг, Скай Их дэлгүүр, "Ногоон хөгжил иргэдийн оролцоо", "Ширхэнцэг өгөөж" хоршоо, Орхон сумын “Амтлаг” баг, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын “Сэлэнгэ ахмадын золбоо”, Баруун бүрэн сумын “Бүрэн өгөөж”, Өмнөговь аймгийн “Булган сум”ын тариаланчид оролцож байв.
Тус үзэсгэлэн худалдаа арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэв.
Худалдаачдаас ногооны үнэ ханшийг тодруулахад нэг кг төмс 800 төгрөг, лууван болон манжин 1500 төгрөг, байцаа 800 төгрөг бол сонгино, ногоон сонгино 2500 төгрөг байв.
Сүүлийн үед хүмүүсийн ихээр турших болсон кето дэглэмийг барьдаг нэгэн эмэгтэй нарийн ногооноос сонголтоо хийж байна.
Нэг кг хулуу 4000 төгрөг, өргөст хэмх 3500 төгрөг, улаан лооль 6000 төгрөг, шанцай 1500, брокли 5000 төгрөг бол чинжүү 7000 төгрөг байна.
Мөн даршилсан өргөст хэмх болон даршилсан хүрэн манжин 3500 төгрөг байлаа. Улаан хормогч зүүсэн худалдагч эгчээс үзэсгэлэнгийн талаар асуухад духны хөлсөө шудрангаа “Манайх Зүүнхараагаас таван хоногийн өмнө ирсэн. Энэ жил ногооны үзэсгэлэн маш их хөл хөдөлгөөнтэй өрнөж байна. Ногоо, жимсээ зарахаар ирсэн хүмүүс ч их нэмэгдсэн, монгол хөрсөнд ургасан амттай сайхан ногоонуудаа хүмүүс их авч байна. Бүх худалдаачдын ногоо ямар ч зөрүү байхгүй, яг адилхан үнэтэй байгаа гэдгийг онцоллоо.
Өргөн дэлгэр энэхүү худалдаанд нохойн хошуу, үхрийн нүд, долоогоно, тэхийн шээг, мойл болон уулнаас түүсэн зэрлэг чацаргана борлуулж байв. Хүнсний ногооны лангуунуудыг бодвол харьцангуй цөөхөн лангуунд зарагдах Сэлэнгийн ерөө, Хүдэр сумдаас түүж авчирсан зэрлэг жимсний үнийг сонирхоно уу. Нэг кг мойл, чацаргана, чонын элэг, нохойн хошуу, тэхийн шээг бүгд 8000 төгрөг, долоогоно 7000 төгрөг, нэрс 18000 төгрөг, тарвас нэг килограмм нь 2500 төгрөг байв. Худалдан авалт хийж буй залуу “Шинэ ургацын ногоо гарахаас өмнө ногооны үнэ маш өндөр байсан, харин Сэлэнгийн үзэсгэлэн худалдаа гарснаар хүнсний ногооны үнийг маш сайн хямдруулжээ. Би жил бүр хүнсний ногоогоо эндээс цуглуулдаг. Манайхан өөрсдийн тарьсан ногоогоо борлуулж байгаа учраас сэтгэл хангалуун байдаг.” гэж байлаа.
Ж.ЭНХЧИМЭГ
Сэтгэгдэл ( 1 )
шинэ ногоо гарсанаар ногооны үнэ буурч байгаа юм бишээ. Тариаланчид жилийн жилд яг ижил үнээр зардаг, Харин ченжүүд үнэ буулгаж тариаланчдаас авчихаад үнээ өсгөж ард иргэдэд худалдаалдаг. Тариалагчдаас хэд нугалсан үнээр худалддаг