"Ногоогоо өдөрт нь дуусгаад, өглөө бүр ШИНЭ НОГОО дэлгэдэг"

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

Намрын улирал ирж, тариаланчдын хавар, зуны хөдөлмөрийн үр шим иргэдийн гарт очих цаг болжээ.

Байгалийн үржил шимтэй хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногооны үзэсгэлэн, худалдаа Улаанбаатар хотын 45 байршилд наймдугаар сарын 25-наас хойш худалдаалагдаж байна. Саяхан л тэнгэрт хадсан өндөр үнэтэй байна гэж иргэдийн бухимдлыг төрүүлж байсан төмс, хүнсний ногоо хямдарчээ.

Шинэ ургацын ногоо худалдаанд гарахаас өмнө нийслэлийн Статистикийн газраас долоодугаар сарын 29-нд ногооны үнийн талаар мэдээлэх үед төмс 2045, лууван 2444, байцай 2920, манжин 3129 төгрөг байгааг мэдээлж байсан. Тэгвэл шинэ ургацын ногоо худалдаанд гарснаар ногооны үнэ ханш эрс буурсан нь илт байна. 

Лангуун дээр нэг кг төмс 700-800, байцай 700, лууван 1000-1300 төгрөг байсан бол шар манжин 800, улаан манжин 1000, сонгино 2500 төгрөгийн үнэтэй байна. Харин улаан лооль 6000, юуцай 4000, хулуу 3000, Монгол сармис 15000 төгрөг гэж байсан юм.

Дээрх үнэ бол барилгачдын талбай дээр зарагдаж байгаа төмс хүнсний ногооны үнэ юм. Харин "SKY" худалдааны төвийн гадна илүү хямд байгааг иргэд хэлж байлаа.
 

Барилгачдын талбайд асар байрлуулан, ногоо зарж байна. Энд Сэлэнгэ болон Өмнөговь аймгийн ногоочид шинэ ургацын ногоотойгоо иржээ. Ногоо авах гэж байгаа хүмүүс тийм ч их байсангүй. Гэхдээ худалдан авагч тасрахгүй, ээлж дараалан ирсээр байсан юм.

Иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар Сэлэнгэ аймгийн Сант сумаас ирсэн ногоочин М.Мишээл ингэж ярив. 

-Яг килограммаар багцаалж мэдэхгүй байна. Гэхдээ ногоо нэлээд сайн зарагдаж байгаа. Энд зарж байгаа ногоог дэлгүүрийн ханшнаас арай илүү хямд байна гэж ногоо авч байгаа үйлчлүүлэгчид хэлдэг. Манайд жишээ нь нэг кг төмс 600-700 төгрөг. Харин лууван, манжин 1000 төгрөгийн үнэтэй байна. Хүмүүс өдрийнхөө хэрэгцээгээр авч байгаа ажиглагддаг. Зарим үед долоо хоногийн хэрэгцээгээр, эсвэл бүр хүнд бэлэглэхээр авч байна гэдэг.

Ерөнхийдөө бүх ногооноос хольж авдаг болохоор их, бага гэхээргүй жигд зарагдаж байгаа. Сүүлийн үед хүмүүс даршилсан өргөст хэмх авахаас илүүтэй өөрсдөө даршилж иддэг болсон болохоор өргөст хэмх их авдаг болсон. 

Ногоогоо өдөр өдөрт нь дуусгаад, маргааш нь дахиад шинэ ногоо гаргадаг. Өмнөх өдөр нь өдөржин халуун наранд лангуун дээр байсан ногоог маргааш нь дахиад зарж болохгүй шүү дээ.

Худалдан авагч өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ нь хүмүүс хаана хямд, чанартай ногоо зарагдаж байгааг мэддэг болсонтой холбоотой гэж бодож байна.


Төмс, хүнсний ногоог бөөнөөр нь аваад хэрэглэхээр муудах гээд байдаг тул үйлчлүүлэгчид өдрийн хэрэгцээний ногоогоо худалдаж авдаг болжээ. Үзэсгэлэнгээс худалдан авалт хийж буй иргэд дэлгүүрээс ногоо аваагүй удаж байна гэж байлаа. Дэлгүүрт зарагдаж байгаа төмс, хүнсний ногооноос үзэсгэлэн, худалдаа нь илүү хямд байгааг ч онцолж байсан юм. Дээр нь амт чанартай гэж ам амандаа магтаж байлаа.

Харин ажил тарах цагийн алдад төмс, хүнсний ногооны худалдаа явагдаж байгаа газруудын нэг болох Жуковын талбайд очиход худалдаачид үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаад их л завгүй харагдав.

Энд нэг кг төмс мөн л 700-800, лууван, манжин 1500 төгрөгийн үнэтэй байсан бол байцай 800,  хүрэн байцай 2000 төгрөгийн ханштай байна.
 

Өдөр бүр өнөөдрийнх шиг үйлчлүүлэгч ихтэй байдаг эсэхийг худалдагч А.Батаас тодруулахад “Шинэ ургацын ногоо болохоор хүмүүс сайн авдаг. Наймдугаар сарын сүүлээр худалдан авагч их байсан, одоо ч хэвээр байна. Манайд зарагдаж байгаа ногоонуудын хувьд төмс 700, лууван манжин 1200, байцай 800 төгрөгийн үнэтэй. Өдөр болгон шинээр ирж байгаа. Аравдугаар сар хүртэл худалдаа үргэлжлэх учраас хүмүүс өдөр өдрийн хэрэгцээгээрээ авч хэрэглэж байна” гэсэн юм.

Жил бүрийн ес, аравдугаар сард томуу, томуу төст өвчний гаралт нэмэгддэг. Мөн коронавирусний өвчлөл гарсан үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн учир иргэд амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж буй. Иймд дархлааг дэмжих, амин дэмээр баялаг шинэхэн ургацын ногоо хямд үнэтэй байгаад сэтгэл ханамж өндөртэй байсан юм.

 

Б.ХОНГОРЗУЛ


ШИНЭ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ 45 БАЙРШИЛ

 

Баянгол дүүрэг

  • Хоёрдугаар хороо, KFC-ийн зүүн талд
  • Төмөр замын Арктай шар байрны урд
  • "Ачтан" эмнэлгийн урд талд
  • 12 дугаар хорооны ард талд
  • 18 дугаар хорооны ард талын талбайд

Сүхбаатар дүүрэг

  • 11 дугаар хороо, Хангай хотхоны дунд талын талбайд
  • 9 дүгээр хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
  • 12 дугаар хороо, 32-ын тойргийн уулзварын зүүн талд

Хан-Уул дүүрэг

  • 20 дугаар хороо, Дельта комплекс трейдинг ХХК-ны гадна талбайд
  • 20 дугаар хороо, “Комет сервис” ХХК-ны Лавай худалдааны төв
  • 15 дугаар хороо, “Их наяд плаза” ХХК-ны “Их наяд” худалдааны төв
  • 10 дугаар хороо, Нисэхийн эцсийн буудал
  • 21 дугаар хороо, “Буянт Ухаа 2” хороолол

Сонгино хайрхан дүүрэг

  • 12 дугаар хороо, 1,2 байрны дунд талд
  • 13 дугаар хороо, 8,9 дугаар байрны дунд талд
  • 14 дугаар хороо, 2 дугаар үйлчилгээний төвийн урд талбайд
  • 15 дугаар хороо, 19,20 дугаар байрны дунд талд
  • 15 дугаар хороо, 22,23 дугаар байрны дунд талд
  • 16 дугаар хороо, 3 дугаар үйлчилгээний зүүн талд
  • 16 дугаар хороо, 32,33 байрны дунд талд
  • 37 дугаар хороо, Содон хорооллын дунд талд
  • 19 дугаар хороо, Депогийн автобусны буудлын ойролцоо
  • 10 хороо, Баянхошууны эцсийн буудалд
  • 22 дугаар хороо, Орбитын тойргийн дэргэд

Баянзүрх дүүрэг

  • 4 дүгээр хороо, Жуковын талбайд
  • 8 дугаар хороо, Тэнгэр плаза гадна талбайд
  • 14 хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
  • 14 хороо, Сандей худалдааны төвийн зам дагуу
  • 1-р хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай

Чингэлтэй дүүрэг

  • 1 хороо, Ард кино театрын урд талд
  • 2 хороо, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвийн урд талбайд
  • 3 хороо, Мандухай зочид буудлын урд талбайд
  • 4 хороо, Барилгачдын талбайд
  • 5 хороо, Баавгайтай цэцэрлэгийн урд талбайд
  • 7 хороо, Зурагтын хуучин эцсийн буудалд
  • 13 хороо, 17-ын автобусны буудалд ойролцоо
  • 14 хороо, хорооны ард талд
  • 16 хороо, Хайлаастын Хаан банктай эцсийн буудалд
  • 17 хороо, Микрийн эцсийн буудалд

Налайх дүүрэг

  • 1 дугаар хороо, Соёл урлагийн ордны өмнөх төв талбайд
  • Багануур дүүрэг
  • 1 хороо, ЭМН төвийн урд талбайд
  • 2 хороо, "Хишиг Уул" ХХК-ийн “Хэрлэн” худалдааны төвд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top