Өчигдрийн байдлаар 198 зах, худалдааны төвийн 13500 татвар төлөгч и-баримтаа QR код уншуулж өгөх боломжтой болжээ.
Татварын албанаас нийт 198 зах, худалдааны төвд QR код бүхий наалтыг байршуулаад дуусжээ. Уг наалтыг иргэд утсан дээрх и-баримт апплейкишн рүү ороод уншуулахад и-баримтын бүртгэл автоматаар хийгдэх боломж бүрдсэн байна. Энэ талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүрэгт байрлах “Нисдэг машин” авто худалдааны төвийг зорилоо. Тус худалдааны төвд худалдаа эрхлэгч иргэн Ч.Галбадрах сар орчмын өмнө QR код бүхий наалтыг лангууныхаа ойролцоо нүдэнд тод харагдах хэсэгт хананд байршуулж хэрэглэж байгаа аж.
Түүний хэлж буйгаар “QR код бүхий наалт байршуулаад үйлчлүүлж буй хүмүүстээ и-баримт өгөх нь маш амар байна. Наанадаж тоног төхөөрөмж авч, компьютер дээрээ баримт шивээд суух шаардлагагүй боллоо. Хэвлэх машин авчихна. Дараа нь и-баримт өгөх гэхээр машины хор дуусчихвал бухимддаг үйлчлүүлэгч бий. Тэр асуудлыг шийдчихлээ. Бас зарим хүн авсан барааныхаа үнийн дүнд эргэлзэх, цаасаар и-баримт авсан бол бүртгүүлсний дараа бүртгэгдсэнгүй гээд гомдол хэлэх байдал ч шууд газар дээрээ алга болж байгаа юм. Шууд тэр наалтыг уншуулаад цаанаасаа бүртгэгдэж байгаа учраас худалдан авагчдад эргэлзэж, гомдоллох зүйл ч гарахгүй байна.
Өмнө нь хэвлэх машины хэрэглээнд зарцуулдаг байсан хэдэн төгрөгөө түрээсэндээ зарцуулдаг боллоо. Худалдан авагч ихтэй үед и-баримт авах гэж дараалал хүлээхгүй шууд хэрэглэгч өөрөө утсан дээрээ бүртгүүлээд явж байна. Бүртгүүлсний дараа би эндээс “баталгаажуулах” товч дараад л болчихно” гэж хэллээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-баримт системд технологийн талаасаа олон шинэчлэл хийгдсэн. Тэдгээр шинэчлэлийн нэгэн жишээ гэвэл ийнхүү хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж болон НӨАТ суутган төлөгч компаниудын и-баримтыг хялбаршуулсан аргаар бүртгэлжүүлдэг болжээ. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2016 онд нийт 192 сая ширхэг НӨАТ-ын баримт бүртгэгдэж байсан бол энэ тоо жил ирэх тусам өссөөр 2018 онд гэхэд хэрэглэгчдийн тоо 800 сая, баримтын тоо 435 сая ширхэг болтлоо эрчимтэй өссөн билээ. Тиймээс олон хэрэглэгчтэй и-баримт системийг илүү хялбар болгох талаас нь татварын албанаас ч онцгойлон анхаарч ажиллаж байгаа аж.
Ц.Эрдэнэхүү: Цаашдаа зах худалдааны төв ч гэлтгүй бүхий л үйлчилгээнээс иргэд и-баримт авдаг болно
Татварын системийн шинэчлэл болон зах, худалдааны төвүүдэд и-баримт өгч байгаа талаар ТЕГ-ын хуулийн хэрэгжилтийг хангах газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
-Зах, худалдааны төвүүд хэзээнээс и-баримт олгож эхэлсэн. Хэрэгжилт ямархуу явж байна. Ихэнх худалдааны төв, захууд и-баримт олгох боломжтой болсон уу?
-Зах, худалдааны төвд QR код бүхий наалт буюу цахим и-баримт үүсгэх хялбар шийдэл гээд технологийг наймдугаар сарын 31-нээс судалгааны дагуух нийслэлийн хэмжээн дэх 207 зах, худалдааны төвд байршуулж эхэлсэн. Татварын албанаас QR код бүхий наалтыг ажлын байран дээр нь байршуулах ажиллагаа хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар 198 зах, худалдааны төвийн 16033 татвар төлөгчөөс 13500 татвар төлөгчид нь QR код бүхий наалтыг байршуулсан байна. Иймээс худалдан авагчид QR код бүхий наалтыг уншуулаад баримтаа үүсгэж авах боломжтой. НӨАТ-ын тухай шинэ хууль 2016 оноос хэрэгжиж эхлэхэд зөвхөн борлуулагч нь л баримт үүсгэх боломжтой байсан бол ийм хялбар шийдэлтэй болсноор худалдан авагч маань өөрөө баримтаа үүсгэх боломжтой болсон нь тун давуу талтай. Иргэдийн зүгээс И-баримт апплейкишнээрээ QR код бүхий наалтыг уншуулаад, өөрийнхөө худалдан авалт хийсэн мөнгөн дүнгээ хийгээд илгээхээр борлуулагч талын и-баримт дээр мэдээлэл очно. Улмаар борлуулагч тал нь тухайн баримтыг баталгаажуулснаар шууд цахимаар бүртгэгдэнэ. Ингэснээр цаас хэмнэж байна. Цаг хугацаа хэмнэж байна. Борлуулагч тал баталгаажуулчих юм бол шууд баримт бүртгэгдэнэ гэсэн үг. Нийслэлийн хэмжээн дэх зах, худалдааны төвүүдэд QR код бүхий наалтыг суулгаж ерөнхийдөө дуусаж байна.
-Иргэд зах, худалдааны төвүүдэд үйлчлүүлэхдээ баримт шаардах ёстой болжээ. Хэрвээ худалдагч баримт өгөхгүй бол ямар арга хэмжээ тооцдог вэ?
-Баримт олгохгүй бол Зөрчлийн тухай хуулийн хэд хэдэн заалтын дагуу хариуцлага тооцдог. Жишээлбэл, өмнөх тайлант хугацааны борлуулалтын хоёр хувь хүртэлх хэмжээгээр торгох гэсэн заалт бий. Орлогыг нь тодорхойлох боломжгүй бол хувь хүнийг 1.5 сая төгрөг, хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллагыг 15 сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалтууд хэрэгжээд одоо явж байгаа. Бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүс энэ хялбар шийдлээс өөр аргаар баримт олгож байж болно. Гэхдээ энэ QR код уншуулах шийдэл бол ашиглахад хамгийн хялбар, дээрээс нь и-баримт апплейкишнээ ашиглахад дата унахгүй гээд онцлогууд бий.
-Үлдсэн зах, худалдааны төвүүдээ хэзээ QR код бүхий наалтаар хангаж дуусах вэ?
-Дөрөв, таван зах, худалдааны төв үлдсэн учраас энэ долоо хоногтоо багтаад наалтаар хангаад дуусна. Зах, худалдааны төв гэлтгүй хойшид энэ хялбар шийдэл үргэлжлээд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа бичил бизнес буюу жижиглэн худалдаа эрхэлж байгаа хүмүүс, хувь хүмүүс гээд ямар ч хүн хэрэглэж болно. Жишээлбэл, үсчин, гоо сайхан гээд бүхий л үйлчилгээнд QR код бүхий наалт байршуулсан л бол и-баримтаа та авах боломжтой болно. Эдгээр ажлыг эхний ээлжид зах, худалдааны төвүүдээс эхлээд ажил дуусах шатандаа явж байна.
-Үйлчилгээ үнэ төлбөргүй гэсэн үг үү?
-Ямар ч үнэ төлбөргүй. Үнэтэй тоног төхөөрөмж шаардахгүйгээр шууд QR код бүхий наалтыг лангуундаа ч юм уу боломжтой газраа байршуулаад ашиглана. Өмнө нь наалтаа авсан бол үргэлжлүүлээд ашигласан ч болно.
-Цаашдаа и-баримтыг хөгжүүлэх чиглэлээр ямар төлөвлөлт хийж байгаа бол?
-Манай хэлтсээс хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээндээ үндэслээд судалгаа хийж саналаа өгөөд явдаг. Үүнийхээ үндсэн дээр хөгжүүлэлтийг ТЕГ-ын Гааль, татвар, санхүү мэдээллийн төвөөс хамтарч хийж байгаа.
Ашиглахад хялбар, цаг хугацаа, мөнгө хэмнэж байна
Чингэлтэй дүүрэгт байрлах зарим худалдааны төвүүдээр ороод анзаарч харвал QR код бүхий наалтыг ихэнх лангуунд байршуулсан байлаа. “Теdy” гар утас, засварын төвөөс худалдан авалтаа хийгээд и-баримтаа утсан дээрээ уншуулж буй иргэн Ч.Хулангаас QR код уншуулж и-баримтаа бүртгүүлэх үйлчилгээний талаар асуухад “И-баримт апплейкишныг датагаа асаагаад ашиглахад нэгж унадаггүй. Тиймээс худалдан авалт хийх бүрдээ аль болох и-баримт авахыг боддог.
Зах, худалдааны төвүүдэд саяхнаас ийм наалт уншуулаад и-баримт уншдаг болж байгаа юм байна. Хэрэглээд сурчихвал дажгүй санагдлаа” гэв. QR код бүхий наалт нь зүйрлэвэл тал бичгийн цаас шиг хэмжээтэй, утасны ард байршуулж болох дундаж болон жижиг хэмжээтэй гээд долоон төрлийн сонголттойгоор гарчээ. Худалдаа эрхлэгчдийн зүгээс ихэвчлэн тал бичгийн цаас буюу АЗ хэмжээтэй QR кодыг сонгож байгаа аж.
“Нисдэг машин” худалдааны төвийн худалдагч н.Номин “10 хоногийн өмнө QR код бүхий наалтыг лангуун дээрээ тавиад ашиглаж байна. Үйлчлүүлж байгаа хүмүүс баримтаа яаж уншуулах тухай их асууж байна. Гэхдээ заагаад өгөхөд хүндрэл чирэгдэл алга. Манайх өмнө нь “Авто плаза” салбар дээрээсээ и-баримтыг хэвлэж өгдөг байсан. Байгууллагад и-баримт өгөхдөө тэндээсээ и-мэйлээр ч юм уу илгээж болдог байсан.
QR код бүхий наалтыг иргэн утсан дээрээ уншуулчихаад, мөнгөн дүнгээ хийж заавал худалдаа хийсэн газраараа баталгаажуулах ёстой юм билээ. Баталгаажуулахгүй бол QR код бүхий наалтыг хэн ч уншуулаад баримт бүртгүүлж болно шүү дээ” гэлээ. Худалдагч, худалдаа эрхлэгч эзэн, үйлчлүүлж буй иргэдийн аль алины үйл ажиллагаа, цаг хугацаа, мөнгийг хэмнэсэн хялбар үйлчилгээ болсон хэмээн худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэд ам сайтай байсан юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан мэдээ байна.Сугалааг больж,буцаалт нэмээсэй.
Татварын албанд талархая.Сугалаагаа зогсоож,буцаалтаа нэмэх л үлдлээ. өнөөдөр фермерийн зах ебаримт үгүй байсан шүү?