Сурагчдын амралтын өмнө “Сурагчид амралтаараа үнэгүй сурч болох газрууд” сурвалжилгыг бэлтгэн уншигчиддаа хүргэж байсан билээ. Үүний үргэлжлэл болгон энэ удаагийн сурвалжилгыг бэлдлээ.
Монгол Улсын хэмжээн дэх хамгийн том “Хүүхдийн төв номын сан” Соёлын төв өргөөний зүүн талд байдаг. Одоогоор 90 мянган номтой уг номын санд уншигч хүүхдүүд 2000 мянган төгрөгөөр, насанд хүрсэн хүмүүс 3000 мянган төгрөгөөр карт нээлгээд жилийн турш олон үйлчилгээг төлбөргүй авах боломжтойг та мэдэх үү. Хоёр давхар тус номын сангийн уншлагын танхимуудаар зочиллоо. Хоёрдугаар давхар дахь герман хэлний бие даасан уншлагын танхимаас бяцхан аяллаа эхлүүллээ. Герман хэл сонирхдог хүүхэд, залууст зориулаад 8000 ном, сонин, сэтгүүл сонголттойгоор өрөөстэй байлаа. Чимээгүй орчинд ном уншиж суух ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхныг харахад сайхан юм. Тэд уншлагын танхимдаа аудио, СD, DVD хэлбэрээр номыг сонсож, харж ашиглах боломжтой. Хэрэгцээт компьютер, хөгжим, зурагтыг зөв боловсон ашиглавал хэнд ч нээлттэй. Хамгийн чухал нь өөр хаана ч байдаггүй гэрээр номыг үнэгүй олгох үйлчилгээ Хүүхдийн төв номын сангийн таван уншлагын танхимд хөгжсөн харагдана. 7-14 хоногийн турш хүссэн номоо гэртээ аваачиж цэвэрхэн ашиглаад буцаан өгөөд дахин хугацааг нь сунгаж авч уншиж болох нь ээ. Үнэ төлбөргүй ном олгосноос хойш уран зохиолын номын эргэлт 60 хувь өссөн байна.
Ер нь дэлхий нийтэд гадуур зээлээр авч уншсан номыг чанартай уншилт хэмээн үздэг учраас тус номын сангийн номын фондын эргэлт, чанартай уншилт сайжирсан ажээ.
Дараа нь бид “Боловсрол хөгжил” гэсэн нэртэй уншлагын танхимд орж ирлээ. Тус танхимд 20 гаруй оюутан залуус ном уншиж байлаа. Хүүхдийн төв номын сангийн 16-аас дээш насныхан үйлчлүүлдэг ганц уншлагын танхим, дээрээс нь чөлөөт сонголтгүй, захиалгаар ном авч уншдаг ганц танхим бол энэ аж. Уг танхимд 46 мянга гаруй монгол номын фондоос гадна 13 өдөр тутмын сонины жил жилийн дугаарууд үдээстэй хэвтэнэ. Урлаг, уран зохиол, танин мэдэхүй, сурах бичиг гээд таны нэрлэж болох бүхий л ном энд байгаа аж. “Гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй хаалтын цаана ном, сонины фондуудыг ашиглалт, хамгаалалтын горимын дагуу хадгалдаг. Ном, сониныг хадгалж байгаа газарт дулаан, чийгшил стандартад нийцэх нь чухал учраас устай савнууд тавиур бүрийн ойролцоо байрлуулаад, хэмжилтийн багажийг ч тавьж өгсөн нь сонин.
Номын сангийн хоёр давхарт 1960-1980 оны Буриад айлын хэв шинжийг харуулсан зохиомжтой орчин бий болгосон нь анхаарал татна. Энд хүүхдүүд ном уншихын хажуугаар чөлөөт цагаа өнгөрөөж тухлан сууж болно. Улаан хүрэн модоор хана хийж, төмөр пүрштэй хөнгөн цагаан ор, модон сандал, авдран шүүгээ тэргүүтнийг Буриад айлын зохиомждоо байрлуулжээ. Мөн нэг давхар руу буух шатны ойролцоо шилэн хоргонуудад үе үеийн хүүхдийн зохиолчдын зохиолын гар бичмэл болон шивсэн бичвэрийг нь эх хувиар нь хадгалж, цаашдаа музей үүсгэхээр төлөвлөж байгаа тухайгаа номын сангийн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг дурдаад өнгөрлөө. Хүүхдийн төв номын сангийн хоёр давхарт шатаар зүүн гар тийш эргэнгүүт байх буйдхан уншлагын танхим бол “Их мэдэх”. Энд 0-9 насны багачууд ном уншиж, зураг зурж, наадаж тоглож ч болох тав тухтай орчин бүрджээ. Таазнаас нь хүүхэлдэйн баатруудын чихмэл өлгөөстэй. Ханыг нь эцэг, эх, хүүхдүүдийн хамтарч урласан бүтээлүүд чимээстэй гээд л анхаарах татах зүйлс олон. Ёстой л балчир үрсэд зориулагдсан гэмээр.
Тус хүүхдийн уншлагын танхимын номын санч Г.Дарьсүрэн “Манай танхимд бага насны хүүхдүүд ирдэг учраас ээж, аавтайгаа хамт ном уншдаг хүүхдүүд ч бий. Дөрөв, тав, ес, арав, арваннэгдүгээр саруудад “үлгэрийн цаг” гэж зохион байгуулдаг. Энэ үеэр ихэвчлэн номын санчид, заримдаа эцэг, эх ээлжлэн хүүхдүүдэд сонирхолтой үлгэр уншиж, ярьж өгдөг юм. Үдээс хойш 13:00-16:00 цагийн хооронд бага насныхан илүү цугладаг. Манай уншлагын танхимд 10 хүртэлх насны хүүхдийн онцлогт тохирсон 11 мянган ном бий. Эцэг, эх хүүхдэдээ ямар ном уншуулахаа төдийлөн сайн мэддэггүй учраас сонголт хийхэд хэцүү байна гэж хэлдэг. Ерөнхийдөө тэд зурагтай цуврал ном, үлгэр сонгох нь элбэг. Гэхдээ номын санчдын зүгээс аль болох хөнгөн хэрнээ сонгодог зохиол хүүхдүүдэд уншуулахыг хичээдэг. Жишээлбэл, “Хорвоотой танилцсан түүх” номыг хүүхдүүд заавал уншвал зүгээр. Л.Түдэв, Д.Давааням, Ж.Дашдондог гээд сайн зохиолчдын бүтээл олон бий. Хоёр зурагтай ном гэрээр авлаа гэхэд нэг сонгодог ном аваарай гэх мэтчилэн урамшуулах байдлаар зохиолууд уншуулах гэж зорьдог. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн унших номуудыг нэрлэж, зааж өгдөг болсон байна лээ. Үүний дагуу ном сурж ирдэг хүүхдүүд байдаг” гэсэн юм.
Хүүхдийн төв номын сан нь нийт 24 номын санчтай ажил, амралтын бүхий л өдөрт тэд ээлжлэн хүүхдүүдэд үйлчилдэг байна. Ямартаа ч долоо хоногийн бүх өдөр та хүүхдийн төв номын сангаар зочилоход нээлттэй л гэсэн үг. Мөн тэд жилд 200 гаруй соёл, хүмүүжлийн ажил зохион байгуулдаг гэвэл та итгэх үү. Г.Дарьсүрэн номын санчийн ярьсан шиг үлгэрийн цагнаас эхлээд сар бүр хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх гэх мэтчилэн соёл, хүмүүжлийн том, жижиг ажлуудыг өдөрт заримдаа хоёр гурваар нь зургаан уншлагын танхимдаа зохион байгуулдаг гэнэ. Мөн нийслэлийн алслагдсан дүүргүүдийн 18 жижиг номын санд зориулаад зөөврийн номын сан үйлчилгээг явуулдаг байна. Хэрвээ та хүүхдийн төв номын сангийн уншигч бол цахим номын сан апплейкишныг гар утсан дээрээ татаад 33 хувийн хөнгөлөлттэй буюу 20 мянган төгрөгөөр нэг жилийн турш ашиглаж, ном уншиж болно гээд л бидний төдийлөн мэддэггүй үйлчилгээнүүд “Хүүхдийн” гэх тодотголтой номын санд байдаг ажээ.
Түүх сөхвөл, энэ номын сан нь 2003 онд Хүүхдийн номын ордон нэртэйгээр анх байгуулагдаж, 2015 оноос нэрээ өөрчлөн үйлчилгээгээ улам сайжруулж Хүүхдийн төв номын сан нэртэй болсон гэнэ. 18 хүрэхгүй жилийн түүхтэй хэдий ч хүүхдүүдийн унших хэрэгцээ, оюуны цангааг тайлах их үйлсэд шамдангуй хувь нэмрээ оруулж байгаа нь энэ.
Ингээд уншигчдаа Хүүхдийн төв номын сангийн хоёр давхраас шатаар буулгаад нэг давхарт нь хүргэе.
Нэг давхарт орос, англи хэл сонирхогчдод зориулсан Дорно дахины уншлагын танхим, хятад, япон, солонгос хэл сонирхогчдод зориулсан Өрнө дахины уншлагын танхим байдаг аж. Тэнд ном уншиж байсан XII дугаар ангийн сурагч “World history” номыг англи хэлээр уншиж байлаа. Тэрбээр “Миний сонирхсон номууд байдаг учраас энэ номын санд тогтмол суугаад гурван сар болж байна. Уншихад хялбар бичигдсэн, зураг олонтой болохоор сонирхолтой байдаг. Долоо хоногийн гурваас дөрвөн өдөрт нь цаг заваа зохицуулаад номын санд суудаг” гэлээ. Орос, англи, хятад, япон, солонгос хэл дээрх номуудаас гадна нэг давхарт “Мөрөөдөл” уншлагын танхим байдаг. Энэ танхимд ихэвчлэн 10-16 насны дунд ангийн сурагчид суудаг учраас тэдэнтэй хэсэг хором ярилцлаа.
33 дугаар сургуулийн IX ангийн сурагч Г.Анужин, Н.Мишээл, Б.Намуунаа нар сурагчдын амралтынхаа гэрийн даалгавраа хийцгээж байлаа. Тэд хичээл орсон үед зөвхөн амралтын өдрөө л номын санд суух завтай болдог байна. Мөн 35 дугаар сургуулийн VI ангийн сурагч М.Хадхүү анх удаа Хүүхдийн төв номын сантай танилцаж байгаа бөгөөд “Геннисийн дэлхийн амжилтууд” номыг шимтэн уншиж байлаа. Түүний найз О.Ганбаяр харин номын сангийн тогтмол уншигч гэнэ. Гимнастикийн дугуйланд явдаг бага ангийн дүүгээ хүлээнгээ байнга л номын санд ном уншиж суудаг юм байна. Гуравдугаар ангийн сурагч “Шинэ жил ирлээ” гэдэг шүлэг, дуу, үлгэртэй ном уншиж байна. “Сайн санаат сүнснүүд”, “Гурван анар” үлгэр, зохиол уншиж байгаа хүүхдүүд ч байв. Уншиж буй номондоо юу гардаг, юу ойлгож байгаагаа ч хүүхдүүд ам булаацалдан хэлнэ. Номын санчдаа карт өгч аван, чөлөөт сонголттой номын фондуудаас хүссэн номоо сонгож сурна гэдэг нэг төрлийн төлөвшил гэж би бодов.
Дунд ангийн сурагчдын суух уншлагын танхимын номын санч Б.Аръяа “Хүүхдүүд гэрээр ном авч унших дуртай. Өдөрт 40-50 хүүхэд орж, гарч үйлчлүүлдэг. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл орсон үед үдээс өмнө ч гэсэн хүүхдүүд их ирдэг байсан бол сурагчдын амралтаар их эрт ирэх хүүхэд цөөн. Ээж, аав нь хүргэж өгдөг хүүхдүүд бий. Мөн ээж, аавын ажил ойрхон, гэр ойр, өөрсдөө ирдэг хүүхдүүд ч бий. Янз янз. Хичээл орж байгаа үед сургууль, ангийн багшийн зохион байгуулалтаар ангиараа ирж ном уншдаг хүүхдүүд байдаг. Тэд долоо хоногт нэгээс хоёр удаа ирж “уншлагын цаг” гэж гаргаад ном уншдаг.
Номын фондын хувьд гадаадын болон монголын хүүхдийн уран зохиол 70-80 хувийг эзэлдэг. Үлдсэн хувийг бусад шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном, ардын аман зохиолууд, сурах бичиг эзэлдэг” гэв. Ер нь, хүүхдүүд ихэвчлэн адал явдалтай, уран зохиолын ном сонирхдог боловч танин мэдэхүйн, шинжлэх ухааны номыг ч орхигдуулдаггүй байна. Ингээд үндсэн фондын номууд дээр нэмэгдээд жилд 3500-4500 шинэ номыг Хүүхдийн төв номын санд хүлээн авдаг гэнэ. Эдгээр номыг төсвийн санхүүжилтээр болон бэлэг, хандиваар бүрдүүлдэг байна.
Энэ талаар бидэнд уншлагын танхимуудаа танилцуулсан хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг “Номын сангийн тухай хууль 2015 онд гарахад “заавал авах хувь” гэж зааж өгсөн. Үүнд, хэвлэлийн компаниудаас хүүхэд, залуучуудад зориулж монгол хэл дээр гарч байгаа шинэ номоос нэгээс гурван хувийг заавал өгч хадгалуулж байх ёстой хэмээсэн байдаг. Үүний дагуу манай улсад зохиол бүтээлээ туурвиж байгаа 40 орчим хүүхдийн зохиолч шинэ гарч байгаа бүтээлээсээ номын санд хандивладаг” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 5 )
tiim shuu
ene teneg huuhduud nom unshij yadag yum mal hariulj nadad uilchilj baih yostoi bizdee bi l gantshan nom unshih erhtei
ene teneg huuhduud nom unshij yadag yum mal hariulj nadad uilchilj baih yostoi bizdee bi l gantshan nom unshih erhtei
амжилт хүсье.
Манай номын сангийн үйл ажиллагааг сурвалжилсан та нартаа баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.\n