СУРВАЛЖИЛГА: Цахилгаан халаагуурын өртгийг дийлэх айл ховор байна

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 15

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эхлүүлсэн шахмал түлшний хэрэглээтэй холбоотой сайн, муу мэдээ санаатай, санаагүй хөвөрч байгаа энэ үед утаа багасаж байна уу, үгүй юу гэдэг нь олны анхаарлын төвд байна. Ямартай ч иргэд олон нийтийн зарим нь утаа багассан гэх боловч нөгөө талаас нүүрс ч биш, мод ч биш шахмал түлшний эхүүн үнэр байна гэх. Танил бус зүйлдээ сэртэсхийн, сэрэмжлэх нь хүний зан. Энэ өвөрмөц, сонин үнэр хүний биед хортой эсэх талаар, шахмал түлшний угаарт хордсон иргэдийн гомдлоос үүдэж, найрлагыг нь шинжлүүлэхэд хэвийн хэмжээнд байна, хоргүй гэсэн дүгнэлт гарсан. Иргэд буруу зууханд, буруу түлсэн учир харамсалтай хэргүүд ар, араасаа гарч байна хэмээн шахмал түлшийг хэрэглэх заавар, зөвлөгөөгөөр “бөмбөгдөв”.  21 дүгээр зуунд галаа хэрхэн түлэхийг заалгаж байгаа бидний монголчууд  агаарын бохирдлоос хэрхэн салах талаар тал бүрийн арга чарга эрсээр байна. Шахмал түлшнээс зайлсхийж, цахилгаан халаагуурыг хэрхэн нэвтрүүлж буй талаар айл хунараар орж, ам уруулыг нь угзарсан минь энэ.

АГААРЫН БОХИРДОЛ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС НАЙМАН ХУВИАР БУУРСАН ГЭВ

Юуны түрүүнд агаарын бохирдол хэдэн хувьтай байгаа талаарх мэдээллийг Агаарын чанарын албанаас дараах тоог харьцуулав.

Нисэхэд бага бохирдолтой буюу 177, Толгойтод хэвийн буюу 66, Үндэсний телевиз орчимд 81, Мишээл экспо орчимд 108 бага бохирдолтой, Баруун дөрвөн замд бага бохирдолтой буюу 105, Бөхийн өргөө орчимд бага бохирдолтой буюу 108, 100 айлд бага бохирдолтой буюу 112, Нэгдүгээр хороололд хэвийн буюу 100 байсан бол хамгийн өндөр заасан газар нь Баянхошуу 255 буюу бохирдолтой байв. Агаарын чанарын индекс өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт 66-255, Хан-Уул дүүрэгт 107-177, Сүхбаатар дүүрэгт  115, Чингэлтэй дүүрэгт 81-105, Баянгол дүүрэгт 102-155, Баянзүрх дүүрэгт 109-147 зааж байв. Өнгөрсөн оны мөн үеэс агаарын бохирдол найман хувиар буурсан үзүүлэлттэй байна.

“ЕС ЭХЛЭХЭЭР ШАХМАЛ ТҮЛШНИЙ НОРМЫГ НЭМЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ”

Агаарын бохирдол буурсанд нь урам авч,  нийслэлийн хэмжээнд цахилгаан халаагуурыг хэчнээн айл өрх хэрэглэж байгаа талаар тодруулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хэвлэл мэдээллийн албанаас “Нийслэлийн хэмжээнд 40 мянган өрхийг цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлсэн. Харамсалтай нь цахилгаан халаагуурын хэрэглээ хангалттай биш байна” гэсэн юм. Энэ нь цахилгааны үнэ төлбөр өндөр гардагтай холбоотой юм. Цахилгаан халаагуурыг нэг жил хэрэглэсэн Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны иргэн Д.Солонгынд очив. Нэг цахилгаан халаагуур 20 мкв талбайтай урагш харсан цонхтой шавар байшинг боломжийн халаах чадвартай аж.  Ноднин жилийн хувьд өдөр нь нүүрс түлж, шөнө нь халаагуураа асаадаг байсан бөгөөд идэр есийн хүйтэнд эцэс дээр нь тавихаар өөрөө унтарчихдаг талаар гэрийн эзэгтэй учирлаж байв. Жилийн өмнө  “100 айл”-аас 130 мянган төгрөгөөр худалдан авсан ажээ. “Цахилгаан халаагуур хэрэглэснээс хойш тогны мөнгө 180 мянган төгрөг гарч,  хөнгөлөлт эдлээд 160 мянган төгрөг төлдөг байсан. Өмнө нь тогны мөнгө 30 мянга л гардаг байсан. Манайх сайжруулсан түлш өдөрт нэг шуудай түлж байгаа. Нэг шуудай нь 3750 төгрөг. Долоо хоногт зургаан шуудай түлш худалдаж авах нормтой. Сард 24 шуудай нь 90 мянган төгрөг болно. Өвөл ес эхлэхээр шахмал түлшний нормыг нэмэх байлгүй дээ. Угаартчих болов уу, дэлбэрчих болов уу гээд, хамаагүй түлэхээсээ айгаад бага, багаар түлж байгаа. Цахилгаан халаагуур хэрэглээд сард 160 мянган төгрөг өгөх боломжтой айл ховор” гэж гэрийн эзэгтэй хэллээ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнгөрөгч онд “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” 317, 318 дугаар тогтоолууд гаргаж, Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.ц, 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.ц-ыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгож, дахин таван тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байгаа билээ. 

Ирэх сарын 1-ний өдрөөс дахин тарифын хөнгөлөлтийн хугацаа эхэлнэ.  Энэ нь цахилгаан халаагуурыг өөрт тохирсон хэлбэрээр шийдэж болох гарцыг иргэдэд олгож байгаа юм. 

ӨДӨРТ 15-30 ХҮН ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ АВДАГ

Цахилгаан халаагуурын хэрэглээний талаар тодруулахаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах дэвшилтэт техник- технологийн төв”-ийг зорилоо. Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төв нь гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга зэрэг агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой олон талт мэдээ, мэдээллийг олгодог юм. Тус төв нь гэр хорооллын нягтаршил ихтэй Баянзүрх дүүрэгт Шархадны эцэст, Сүхбаатар дүүрэгт таван буудалд, Сонгинохайрхан дүүрэгт Таван шард байрлаж,  үйл ажиллагаагаа явуулж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төвийн зохицуулагч Г.Төмөрмөнх  “Манай төвд өдөрт 15-30 хүн ирж зөвлөгөө, мэдээлэл авдаг. Иргэд зуухныхаа хэрэглээнээс цахилгаан халаагуур руу шилжихэд бэлэн биш байгаа нь ажиглагддаг. Маш сайн заавар, зөвлөгөө өгөх шаардлагатай байдаг. Манай төвд цахилгаан халаагуур худалдан борлуулдаг “Завхан таван тансаг”, “Ёл эко”, “Домогт хийц”,  “Гэгээн өргөө”, “Буман хүү”,  “Хос цамхаг” , “Эко жигүүр” зэрэг арав гаруй компани бүртгэлтэй. Цахилгаан халаагууртай холбоо­той­гоор цахилгааны шөнийн хөнгөлөлтөд Баянзүрх дүүрэгт долоон хувь, Сүхбаатар дүүрэгт 12 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 11 хувь хамрагдсан” гэв.

ЦАХИЛГААН ХАЛААГУУР 150-960 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Цахилгаан халаагуурын худалдаа эрхэлдэг “Эко жигүүр” компанитай холбогдож үнэ ханшийг нь тодруулахад 15-20 мкв талбайтай айлд 1.2 1500кВт.ц хүчин чадалтай цахилгаан халаагуур 250 мянга болно. Цахилгаан халаагуур нь тосон, усан , хуурай гээд олон төрөл. Мөн шалны халаагуур, тень, дулаан хураагч, коллектор гээд олон төрөл байдаг. Төрлөөсөө шалтгаалаад үнийн хувьд 150-960 мянган төгрөгийн үнэ ханштай” гэлээ. Дулаан хураагч гэдэг нь шөнийн хямд тарифын цахилгааныг ашиглан дулаанаа нөөцөлж, нөөцөлсөн дулаанаа өдрийн цагт ялгаруулах зарчмаар ажилладаг учир уг төхөөрөмж нь орчин үед эрчим хүчний хамгийн хэмнэлттэй халаалтын шийдэл болоод байна. Ажиллах зарчмын хувьд дулаан хадгалагчийн дотор байрлах өндөр багтаамжтай, нягтаршуулсан чулуун тоосгыг 600 градус хүртэл халаах бөгөөд эх бие хэсэгт байрлах зориулалтын дулаан тусгаарлагч нь дулааныг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг. Дулаан түгээлт нь дулаан хадгалагчийн дуу чимээгүй зориулалтын сэнсний тусламжтайгаар явагддаг учир халуун агаар жигд, хурдан тархахаас гадна агаар дахь нянгийн хэмжээ ч буурдаг талаар Агаар орчны бохирдлыг бууруулах мэдээллийн төвийн зохицуулагч танилцуулав.

ИРГЭДЭД ЦАХИЛГААН ХАЛААГУУР, ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ ХУДАЛДАЖ АВАХАД ЗОРИУЛЖ “НОГООН ЗЭЭЛ”-ИЙГ САНААЧИЛЖЭЭ

Дулаан хураагч нь нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй учир иргэдэд хүртээмжтэй байдлаар түгээхийн тулд “Ногоон зээл”-ийг “Хас” банк, “Төрийн банк”, “Хаан” банкаас санаачилжээ. Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүнийг төлөөлж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд арилжааны банкуудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болсноо наймдугаар сард зарласан билээ. Гэр хорооллын бүсэд амь­дар­даг иргэдэд цахилгаан халаа­гуур, эко ариун цэврийн байгуу­ламж, дулаалгын материал худал­дан авахад нь зориулж, хөнгөлөлт­тэй нөхцөл бүхий зээл юм. Тодруул­бал, монгол гэр болон байшинд зориулсан төхөөрөмж авах эсэхээс шалтгаалж иргэдэд 15 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн найман хувийн хүүтэй өгөх юм.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ төрлийн зээлийн хүүд есөн хувийн хөнгөлөлт үзүүлж, улсын төсвөөс санхүүжүүлж буй нь байгаль орчин, нийгэмд ээлтэй, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжиж буйн нэг илэрхийлэл ажээ. Агаарын бохирдлыг бууруулах олон арга замаас цахилгаан халаагуурын хэрэглээ  болон үнэ ханшийн талаар сурвалжиллаа. Иргэд орон гэртээ  тохиромжтойг нь сонгож хэрэглэх нь тэдний сонголт бөгөөд агаарын бохирдлыг бууруулах нь хүн бүрийн идэвх, оролцоо болоод буй энэ цаг үед дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурмаа(49.0.135.174) 2020 оны 03 сарын 25

МАНАЙХ 150м2 байшиндаа ЭКО ЖИГҮҮРЫН ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫНГ 6ШИРХЭГИЙГ АВЧ ХЭРЭГЛЭЭД 7 ЖИЛ БОЛЖ БАЙНА , САРДАА 150-180 МЯНГА ГАРДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ САЯХАН БАС МАНАЙ ХҮҮГИЙНХ БАС ШАЛНЫ ХАЛААЛТ ТАВЬУУЛСАН ИХ ДАЖГҮЙ ШҮҮ. УТАС НЬ 94774085 88164085 БАЙНА ЛЭЭ ТА НАРТАА АЖИЛИЙН АМЖИЛТ.

0  |  0
Top