СУРВАЛЖИЛГА: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, ахмадууд шүүхэд хандаж чаддаггүй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

-Монгол Улсад олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэж байна-

Монгол Улс нь Дэлхийн эрх чөлөөний нөхцөл байдал индексээр “Эрх чөлөөтэй” гэсэн статустай. Боолчлолын индексээр 167 улсаас 13 дугаар байрт, Хүний хөгжлийн индексээр 189 улсаас 92 дугаар байрт ордог. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд дэлхий нийтээрээ хүний эрхийн өдрийг тэмдэглэдэг уламжлалын дагуу манай улсад ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Хүний эрхийн тухай ярихын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг нэн түрүүнд харах хэрэгтэй. Тус тунхаглал нь 500 гаруй хэлээр орчуулагдаж, дэлхийн хамгийн түгээмэл тархсан баримт бичиг болсон юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр ямар нэгэн байдлаар ялгаварлалгүй адил тэгш эрх эдэлнэ” гэсэн ерөнхий санааг тусгасан байдаг. Тухайлбал, монгол хүн та амьд явах эрхтэй. Сурч боловсрох эрхтэй. Шударга шүүхээр шүүлгэх, халдашгүй чөлөөтэй байх, өмчлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах гээд олон эрхийг эдлэх үүрэгтэй. Эрх тань зөрчигдвөл Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандаж болох юм.

Бие даасан, хараат бус үйл ажиллагааг явуулах ёстой тус байгууллагаас таны эрхийг зөрчсөн байгууллагад албан ёсны шаардлага хүргүүлж, шалгаад зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг харьяаллын дагуу холбогдох газарт шилжүүлж шийдүүлэх үүрэгтэй. Энэ бүх эрх нь гудамжинд гуйлга гуйж байгаа нялх хүүхдээ тэвэрсэн ээж, архичин дээрэмчин гээд нийгмээс хөсөр хаягдсан нэгэн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн болон хүчирхийлэл үйлдэгч, хөдөлмөрлөх эрхээ шударгаар эдэлж чадахгүй байгаа хүн гээд нийгэмд оролцож байгаа хүн бүрт хамаатай. Олон улсын хүний эрхийн өдөрт холбогдуулан зохион байгуулж байгаа “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төр, олон улс, иргэний нийгмийн байгууллагын хамтарсан форумаас болон ХЭҮК-ын гишүүдийн мэдээлэлд үндэслэн энэ удаагийн сурвалжилгаа бэлдлээ.

 

2017-2018 ОНД ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ НЭГ Ч ГЭМТ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЙДВЭРЛЭЭГҮЙ
 


Энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар 599 гомдлыг хүний эрхийн асуудлаар ХЭҮК-т хүлээж авсан байна. Энэ нь өдөрт гурваас дөрвөн гомдол ирдэг гэсэн үг. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Хууль зүй, эдийн засаг, улс төр гээд хүний эрхийг бүрдүүлдэг гурван гол баталгаа бий. Манай улсад эдгээр баталгаа тодорхой түвшинд хэрэгжиж байгаа. Гомдлын төрлийн хувьд хөдөлмөрлөх эрхийн тухай гомдол хамгийн их ирдэг. Дараа нь, ажлын байрны дарамт, тэр дундаа ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар гомдлууд ирж байна. Мөн цагдан хорих байрны асуудлаар гомдлууд ирдэг ч тэдгээр гомдлыг шийдвэрлэх эрх нь бидэнд байхгүй учраас холбогдох газрууд болох хууль хяналтын байгууллага руу шилжүүлдэг” гэсэн юм. Тэгвэл эдгээр гомдлоос 54 нь эрүү шүүлттэй холбоотой гомдол байгаа аж. Ерөнхийдөө нийт гомдлын 20-30 хувийг халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гомдол эзэлдэг. Үүн дотроо эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн болон хууль бусаар цагдан хорьсон, бусад орон байр, бие эрхтний халдашгүй байдлын эрх гэж хуваагддаг байна. Эрүү шүүлттэй холбоотой гомдлын дийлэнх нь “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байгааг албаныхан онцолж байгаа юм. Жишээлбэл, 2017-2018 оны байдлаар эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нэг ч хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдээгүй гэнэ. Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамираас тодруулахад “Эрүү шүүлттэй холбоотой асуудлаар ХЭҮК-оос УИХ-д 18 илтгэл өргөн барьсны 15-д нь Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлын талаар тусгасан. ХЭҮК-ын гишүүдээс хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоохын тулд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд 32 шаардлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 57 зөвлөмжийг хүргүүлсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт боллоо” гэлээ.

Засгийн газрын XI байранд байрлах ХЭҮК-ынхноос мэдээлэл авсны дараа “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” форумыг зорилоо. Форумын үеэр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн тайланг танилцуулж, хүний эрхийн асуудлаар зургийн үзэсгэлэн, зөвлөгөө мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байлаа. УДБЭТ-ын урд талбайд хүний эрхийн төлөө баатарлагаар тэмцэгчдийн түүхийг өгүүлсэн зургууд, “Хүн та ямар эрхтэй вэ” сэдвийг илэрхийлсэн зургуудыг хоёр талд хэсэгчлэн байрлуулжээ. Эндээс зургуудын талаарх өр өвтгөсөн тайлбаруудыг ч уншиж болох нь ээ. Хүн бүхэнд төрөлхөөс заяагдсан, байх ёстой жам ёсны эрхүүд бий. Гэтэл тэдгээр эрхээ ч эдэлж чадаагүйн улмаас тэмцсэнийхээ төлөө олон жил шоронд сууж, мөн сураггүй алга болсон тэмцэгчид дэлхийн өнцөг булан бүрт байсаар байна. Энэ талаар “Эмнести интернэшнл” олон улсын хүний эрхийн төлөөх байгууллагын долоон сая гишүүний төлөөлөл болсон Монголын сурагчид тайлбарлаж байлаа. Гадаа хүйтэн ч гартаа бээлий өмсөөгүй хэрнээ бахдал дүүрэн инээмсэглэн зогсох нэгэн эмэгтэй сурагч “Оюутан, сурагч, хөгшин, залуу, ажилтай, ажилгүй хэн ч хүний эрхийн төлөөх байгууллагад элсэх боломжтой. Сайн дурын ажилд оролцох нь хувь хүний төлөвшил, хандлагад их эерэгээр нөлөөлдөг. Мөн одоо цагт гадаадын их сургуульд суралцахад сайн дурын ажлын үнэлгээг өндөрт үнэлдэг болсон” гэлээ. Цааш УДБЭТ дотроо болж байгаа зөвлөгөө, мэдээллийг сонирхлоо. “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”-ноос ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар зөвлөгөө өгч байлаа. ХЭҮК-т 2018 онд ажлын байрны бэлгийн дарамттай найман гомдол, энэ онд долоон гомдол бүртгэгдсэн байна. Долоон гомдлынх нь талаас илүү нь төрийн удирдах албан тушаалтантай холбоотой байсныг онцолъё. Иймд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал тулгарвал дарамт үйлдэгчийг огт өөгшүүлж болохгүй гэнэ.

Энэ талаар төрийн бус байгууллагын гишүүн Э.Цолмон “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхийн тулд сануулах, шаардах, гомдол гаргах эрхүүдээ хэрэгжүүлэх ёстой. ХЭҮК-т хандвал гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хариу өгнө. Харин судалгаа нэмж хийх шаардлагатай гэвэл 60 хүртэл хоногоор хугацааг сунгаж болдог. Үүнээс өмнө л гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй” гэлээ. Хүний эрхийн асуудлаар өөрөө эрхээ хамгаалах боломжгүй хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд шүүхэд хандаж чадахгүй байх нь түгээмэл. Тэдний өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй төлөөлөл бол нөгөө л ХҮЭҮК-ынхон. Тус комиссоос энэ онд хилс хэрэгт холбогдуулан шалгасан гурван нэхэмжлэхийг шийдүүлээд байгаа аж.

 

ХҮҮХЭД НЬ ТОМ БОЛСОН ХОЙНОО ЭЦЭГ, ЭХЭЭ АСРАХ ЗАЙЛШГҮЙ ҮҮРЭГТЭЙ
 


Ахмад настны тухай хууль 2017 онд шинэчилэн батлагдаж, хүний эрхтэй нь холбогдох дорвитой заалтуудыг оруулж өгчээ. Жишээлбэл, хүүхэд нь ахмад настай эцэг, эхээ асран хамгаалах үүрэгтэй гэж хуульд тусгасан. Улмаар үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүний эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр болох юм. Ахмад настай аав, ээжээ гэрт нь ганцааранг нь үлдээж тоохгүй хаядаг тохиолдлууд бий. Энэ байдал газар авсаар асрамжийн газруудад очих хөгшчүүдийн тоо нэмэгдэж байгаа аж. Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг ахмад настны асрамжийн газарт 180 гаруй ахмад настан байна. Мөн аймгуудад байрлах есөн асрамжийн газар төрөлжөөгүй учраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд нэг дор байдгаас бэрхшээлүүд үүсдэг гэнэ. Тиймээс “Ахмадууд очдог өдөр өнжүүлэх газар байх нь зүйтэй” гэдгийг ахмад настнуудын эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Митчелл сангийн гүйцэтгэх захирал Б.Баттогтох хэлж байна. Иргэдийн хувьд хуульчдаас хүний эрх гэлтгүй төрөл бүрийн сэдвээр хуулийн зөвлөгөө авч байлаа. Жишээлбэл, 40 орчим насны эмэгтэй ажиллаж байсан байгууллага нь нийгмийн даатгалыг хугацаанд нь төлөөгүй, тасалдуулсан учраас хохирч байгаагаа хэлэхэд хуульч шүүхэд хандахыг зөвлөлөө.

Улсын хэмжээнд хөдөлмөрлөх эрх зөрчсөн гомдлууд их гардаг байна. Үүн дотроо цалин хөлсөө авч чадахгүй, ажлаас үндэслэлгүй халагдсан, ажилтныг эрэгтэй, эмэгтэй хүйсээр ялгаварласан тохиолдлууд түгээмэл бүртгэгдсэн гэнэ. Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд “Төрийн албаны харилцаанд ямар нэгэн байдлаар ялгаварлах, давуу байдал тогтоох, бэлгийн болон бусад байдлаар дарамт шахалт үзүүлэхийг хориглосон” зохицуулалт шинээр орсныг сануулъя. Төрийн болон хувийн байгууллагуудын зүгээс ажилтныхаа цалин хөлс, нийгмийн даатгал, ажиллах нөхцөлөөр хангах асуудалд хойрго хандах болсныг ч иргэд дээрх форумын үеэр хуульчдад хэлж, зөвлөгөө авч байх юм. Жишээ хэлэхэд, ямар ч байгууллага ажиллаж байх хугацааных нь хүрээнд ажилтныхаа нийгмийн даатгалыг заавал бөглүүлж, цаашлаад ажилтанд буцаан өгөх хуулийн дагуух үүрэгтэй гэнэ. Мөн ажилтанд албан тушаалтны зүгээс илүү цагаар ажиллуулах, хүсээгүй ажлыг хийлгэх гэж шаардах, амралтын өдөр ажиллуулах зэрэг дарамт ирсэн тохиолдолд хуульчид хандах эрх зүйн зохицуулалт байдаг аж. ХЭҮК-ын зүгээс гомдлуудад хоёр үндсэн арга хэмжээг авдаг байна. Нэгдүгээрт, иргэдийг эвлэрүүлэх, ойлголцолд хүргэх, хоёрдугаарт, хяналт шалгалтаар хүний эрхийн зөрчил илэрсэн бол шаардлага хүргүүлж, холбогдох байгууллагад зөвлөмж хүргэх арга хэмжээ авдаг аж. Цаашлаад олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаас нь бодлогын зохицуулалтад санал хүргүүлэх боломжууд бий.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top