Хугацаа нь саатсан Баянбүрдийн замыг энэ долоо хоногт дуусгана гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх 600 метр газарт замын хойд талын урсгалыг хааж, цэвэр, бохир усны шугам, зам засварын ажил хийж байгаа билээ. Тус ажлыг наймдугаар сарын 6-ны өдөр эхлүүлж, мөн сарынхаа 19-ны өдөр 14 хоногийн хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч хугацаа хойшлогджээ. Ажил удааширсан шалтгааныг төслийн ерөнхий гүйцэтгэгч “Грийн ресурс” ХХК-ийн менежер М.Батзоригоос тодруулахад “Анх наймдугаар сарын 31-нд ажил дуусгах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл цаг агаарын байдал бороо орох болон газар шорооны өвөрмөц онцлогууд ажил удаашрахад нөлөөлсөн. Хөрснөөсөө ус ихтэй учраас гүн нүх ухахад хана нурах зэргээр дүүргэлт хийхэд хүнд, шугамын хамгаалалт бэхэлгээ хийхэд ч усны ундаргаас шалтгаалаад бэрхшээл байлаа.

Өнөөдрийн байдлаар далд ажлууд болох цэвэр усны ф900мм-ийн шугам, бохир усны ф600мм-ийн шугам, хоолой суурилуулж гүйцэтгэх ажил дууссан байна. Дагалдах цэвэр усны худаг зэрэг ажлууд явагдаж байгаа нь нэг хоногтоо дуусчихна. Хэд хэдэн үеэр нягтаршуулалт хийгээд дүүргэлтийн ажил 85 хувьтай явж байна. Хатуу хучилтын бетоны ажлаа дуусгаад энэ сарын 9-нөөс асфальт авахад бэлэн болчих байх. Элдэв саад учрахгүй бол энэ сарын 11-нээс ажлыг гүйцэтгэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Асфальтын хучилтаа аваад замын тэмдэг, тэмдэглэгээг сэргээж, замын эвдрэл гэмтэл, цэвэрлэгээг хийгээд ажил дуусна” гэлээ.

Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүртэлх замын хойд талын урсгалын голоор 3.5 метрийн өргөнтэй зүсэлт хийж, далд ажлуудаа дуусгаад дүүргэлтээ цутгаад явж байгаа аж. Харин замын нөгөө урсгалд гурван эгнээгээр автомашинууд түгжирч зогсоно. Баянбүрдийн тойргийнхоо уулзварт ачаалал хэтэрч, эмх замбараагүйгээр эгнээ байраа эзэлсэн баахан машинууд гацсан байлаа. Уулзварыг замын цагдаа зохицуулна. Цагдаагаас мэдээлэл авахаар очтол Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбож өглөө.

Тус төвөөс “Тасганы овоо, Баянбүрдийн тойргоос зүүн чиглэсэн хөдөлгөөний ачаалал маш их байна. Гэрлэн дохиогоор зохицуулалт хийгдэж, аль болох ачаалалтай цагаар ачаалалтай замуудад замын цагдаа зохицуулалт хийж байна. Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүртэлх 600 метр зам энэ сарын 10-нд нээгдэх ёстой” гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд Дарь-Эхийн гудамжны 2.2 км авто замын ажил, Эх нялхсын хойд уулзварын зам засварын ажил, Баянхошууны Жанцангийн уулзварын зам засварын ажил, Баянгол дүүргийн 15 дугаар хороо Хасбаатарын гудамжны зам засварын ажил, Чингис хааны музейн зүүн уулзвараас МУИС-ийн зүүн уулзвар хүртэлх чиглэлийн хэсэг, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто замын ажлууд наймдугаар сардаа багтаж хийгдэж дуусах ёстой байсан. Гэтэл сургууль, цэцэрлэг орохоос өмнө хийгдэж дуусаагүй замын ажлын нэг нь дээрх Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх зам засварын ажил болж байгаа юм. Тус замаар зорчих иргэд, жолооч нар, зам засварын ажил явагдаж байгаа ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд бүгдээрээ чамгүй бухимдалтай байлаа.

 

ХОЁР ЦАГ ГАРУЙ ЯВДАГ БАЙСАН ГАЗАРТ ДӨРВӨН ЦАГИЙН ДАРАА Л ОЧИЖ БАЙНА

Засварын ажил хийгдэж байгаа Баянбүрдийн автобусны буудал дээр найман чиглэлд том оврын автобус үйлчилгээ үзүүлдэг. Тэдгээрийн нэг “Ч:41-Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд үйлчилгээ үзүүлдэг жолооч Б.Сүхбат “Баянбүрдийн тойргоос баруунаас зүүн чиглэсэн хөдөлгөөн төв замаараа явж байгаа. Харин зүүн зүгээс буцахдаа Шинэ замаараа тойроод явж байна. Бүтэн эргэлтэндээ хоёр цаг 10 минут явдаг байсан бол зам засварын ажилтай болохоор тойрч явахаас гадна хичээл сургууль эхэлсэн учраас дөрвөн цаг гаруй хугацаанд нэг бүтэн тойрч байна. Зах ачаалалтай үед таван цаг ч явдаг. Сансарын туннель уруудаад зах хүртэл хэдхэн км газарт хоёр цаг түгжирдэг. Нийтийн тээврээ төв замаараа явуулаад жижиг автомашинуудаа Шинэ замаараа явуулсан бол эргэлтийн хугацаа арай багасах байлаа. Шинэ замаар тойрч явахаар чиглэл өөрчлөгдсөн, удаан хүлээлгэж байна гээд зарим иргэд уурлаад байна лээ. Хойгуураа “Ногоон нуур”-ын буудал, “Цагаан байр”, “39 дүгээр сургууль”, “Дэнжийн 1000”-ын буудлаар зогсоод явж байна” гэв. Хоёр цаг гаруй явах газарт дөрвөн цаг гаруй явж байж хүрнэ гэхээр иргэдийн хувьд ч бухимдалтай байлаа. Баруун салааны эцэст амьдардаг иргэн Н.Дорж “30-40 минут хүлээж байж Баруун салааны автобус ирж байна. Түгжрэл их, олон хүн шахцалдаад автобусанд явах юм. Коронавирус гарч эхэллээ гэсэн сургаар ямар цэвэрхэн байлаа даа. Автобусанд одоо бүр ариутгал, цэвэрлэгээ ч хийхээ байжээ. Халдвартаас Баруун салаа руу буцахдаа Баянбүрдийн зам засвартай гээд “Дэнжийн 1000”-аар тойрч маш удаан явж байна” гэсэн юм. Ийнхүү зүүнээс баруун зүг рүү явж байгаа бүх том оврын автобус зам засварын ажил дуустал Шинэ замаараа тойрч явж байгаа аж.

 

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛЖ БУЙ ИРГЭД: БИД ДАМПУУРЧ БАЙНА

Зам засварын ажил явагдаж байгаа хэсэгт үйл ажиллагаа явуулдаг автомашин засварын газруудад ямар бэрхшээл учирч байгааг тус хэсэгт 20 жил ажиллаж байгаа Сүхбаатар дүүргийн иргэн Ц-гээс тодрууллаа. Тэрбээр “Энэ хавийн аж ахуйн нэгжүүдэд наймдугаар сарын 6-19-ныг хүртэл зам засварын ажил явагдана гэсэн мэдэгдлийг өгсөн. Гэтэл нэг сар гаруйн хугацаа өнгөрч байхад ажил нь дуусаагүй л байна. Миний хувьд гэхэд хоосон хонохдоо тулаад байна. Засварын газар руу машин орох боломжгүй, зай талбайгүй нэг ч үйлчлүүлэгч алга. Энэ хавийн газрууд хаалгаа барьчихсан. Манай засварын газрын урд замын ажил явагдаад зайгүй, хойно барилгын ажил явагдаад бүр засварын газрын шалнаас маань ухаад авчихсан. Орж гарах ч зай байхгүй болсон” гэлээ. Тус засварын газар энгийн үедээ өдөрт багадаа 150 мянган төгрөгийн орлого олдог байжээ. Гэтэл засварын ажил эхэлснээс хойш сарын хугацаанд ямар ч орлогогүй болсон. Түрээсийн төлбөрөө ч төлөх мөнгөгүй байгаа гэнэ. Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх 0.6 км шугам хоолой, зам засварын ажлыг “Шинэ дэд төв” Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-аас захиалж хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид ч төслийн хүрээн дэх засварын ажлууд үе шаттай үргэлжлэх юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top