СУРВАЛЖИЛГА | Ж.Наранцэцэг: Алгын чинээ газраасаа жилд 10 сая төгрөгийн ашиг олдог

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Бэлхийн энгэрт, Дамбын Рашаанд амьдардаг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Жүгдэрийн Наранцэцэгийг хүмүүс ногоочин гэдгээр нь андахгүй. Түүнийг "Хулууны хатан" гэвэл ч тохирмоор. Эднийх 380 м.кв хашаандаа байшин, амбаар бариад  үлдсэн 150 м.кв талбайд нь л долоон бэсрэг хүлэмж байгуулсан. Намар гэдэг тариаланч, ногоочдын баяр баяслын улирал. Хүн юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг хөлс хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээн тарьсан жимс ногоо нь ургаад урамтай. 30 гаруй жил хүлэмжийн аж ахуй эрхэлсэн. Ж.Наранцэцэг эгч үүдэндээ биднийг тосов. Хашааныхаа гадаа өнгө алагласан цэцгийн мандалтай, цэвэр цэмцгэр, ажилч хичээнгүй айл гэдэг нь үүднээсээ л андашгүй. Блокоор хашаалсан ногоон хаалга нь цэлийгээд үүдээр нь алхмагц ургамал ногоо, цэцэгт хүрээлэнд ороод ирэв үү гэлтэй. Байшин руу ордог засмал замын хоёр талаар үзэсгэлэнт цэцэгс өндөрт тэмүүлэн дэлбээлж, түүний цаана дотроо түмэн амьдрал агуулсан хүлэмжүүд сэтгэл татна. Зочин ирнэ гээд ширээ дүүрэн амтат салад, даршилсан ногоо, хулууны компот, өржээ. Цонхон дээр нь цэцэгс мишээж сагсанд төрөл бүрийн хулуу бөндийнө.

10 МЯНГАН ШИРХЭГ ҮРСЭЛГЭЭ БОЙЖУУЛЖ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛДЭГ

Тахианы махтай луувангийн салат, хулууны компот нь аргагүй л амттай болжээ. Юугаараа баян, түүгээрээ гэдэг шиг Ж.Наранцэцэг эгч орж гарсан хүмүүсийг гарынхаа бүтээгдэхүүнээр дайлаад гаргадаг аж. Хамгийн удаан хадгалагддаг ногоо болох  хулуугаар компотоос эхлээд чанамал ч хийж болдог. Мөн даршилсан алаг салат, өргөст хэмх , хүрэн манжин, улаан лоолиор арааны шүлс асгарам амттан олныг үйлдвэрлэжээ. Ж.Наранцэцэг эгч жоготой нүдээрээ инээмсэглээд "Эгч нь “Газар шим” ХХК-ийн  жороор, тогооч нарт зориулсан гарын авлага ашиглаж олон төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж сурсан. Зав л олвол хоолны жортой номоо бариад суучихдаг” гэлээ. Юуны түрүүнд түүний хүлэмжээр аялж ургаж буй болц нь гүйцсэн төрөл бүрийн ногоотой танилцлаа. Улаан лооль, өргөс хэмх, хулуу, бууцай, жууцай, навчит ногоо, цэцэгт байцаа, чинжүү зэрэг хурдан ургадаг  нарийн ногоо түлхүү тариалжээ. Удаан ургаж, ургац бага өгдөг  төмс, манжин, лууван тарьдаггүй гэв. Химийн бордоо ч огт хэрэглэдэггүй бөгөөд үхэр, хонины бууц болон “Түмэн шувуут”-аас гаргасан шувууны сангасаар борддог аж.

Тэрбээр 40 гаруй нэр төрлийн нарийн ногоо, 10 мянган ширхэг үрсэлгээ бойжуулж зах зээлд гаргадаг. Хулуу нь л гэхэд 20 төрлийнх. Иддэг хулуу байхад гоёлын хулуу хүртэл байна. Хэлбэр, хэмжээ, өнгө зүс нь өөр, өөр тэдгээр хулууг хэдэн жил хатаагаад, будаж гоодоод сувинер маягаар зардаг гэнэ. Түүний хашаанд 15-16 нэр төрлийн цэцэг ургаж байгаа аж. “Экстра” үр, үрсэлгээний газраас цэцгийн үрээ авдаг гэдгээ ч нэмж хэлэв. Тэрбээр өрхийн тариаланчийн зээл авч, ногоо хэрчигч машин авчээ. Даршилсан бүтээгдэхүүн бэлдэхэд хамгийн хэцүү нь ногоо хэрчих. Тэгвэл ногоо хэрчигчтэй болсноор энэ ажлыг нь хөнгөвчилж, илүү хурдан, цаг хугацаанд ч хэмнэлттэй болжээ.
 

ГАР ХӨДӨЛВӨЛ АМ ХӨДӨЛНӨ

Ж.Наранцэцэг залуу насандаа 37 дугаар баазад дарга нарын жолоочоор 20 жил ажиллажээ. Цэл залуухан 30 насандаа хань ижлээ алдаж, дөрвөн хүүхдээ тэврээд үлдэхдээ хэрхэн амьдрах тухай эрхгүй бодсон гэдэг.  Яг л тэр үеэр “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын шугамаар өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих зорилгоор 180 өрхөд ногоо хэрхэн тарихыг зааж сургажээ. Энэхүү сургалтаар туршлага хуримтлуулснаар газар тариалантай хүйн холбоотой болжээ. “Манай орон шиг дэлгэр уудам газар нутагтай улсад нэг ч хүн ядуу амьдрах эрхгүй. Үгүй ядлаа гэхэд алгын чинээ газар олоод тариалан эрхлээд амьдраад байж болдог байхгүй юу” гээд тэрбээр гуниг үргэтэл инээв. Алгын чинээ газраасаа жилд 10 сая төгрөгийн ашиг  олдог, үрсэлгээнээс гэхэд 4-5 сая төгрөг, зун намрын улиралд контейнертаа зогсож нарийн ногоогоо борлуулдаг аж. Түүний даршилсан хүрэн манжин, хулууны чанамалд хүмүүс их дуртай. Гэрийнх нь зооринд төрөл бүрийн бүтээгдэхүүн нөөцөлсөн буй. Ер нь маш сайн сортын үрээр тариалбал ашиг өндөртэй байдгийг ч  нуусангүй. Чингэлтэй дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Барилгачдын талбай дээрх үзэсгэлэн худалдаа болон "Намрын ногоон өдрүүд"-д Сүхбаатар, Ялалтын талбайд дээр үрсэлгээгээ зарсаар  байнгын үйлчлүүлэгчтэй болжээ. Хөдөө, хот хаанаас ч гэсэн түүний үрсэлгээг авахаар гэрт нь зорьж ирэх хүмүүс ч бий. Ж.Наранцэцэг эгч ач, зээ нараа ч гар хөлийн үзүүрт зарна аа. “Ам хөдөлвөл гар хөдөлнө” гэж тэднийгээ сургадаг. “Усалгааны зориулалттай худгаа өрөмдлөгийн компаниар гаргуулах гэтэл 10 сая төгрөг гэсэн. Тэр их мөнгийг дэмий үрж байхаар гээд гурван хүүгээ дайчлаад гараараа худаг ухсан. Одоо хүртэл энэ худгаараа ногоогоо усалж байна” гэж даналзав. Чадаж байгаа юманд арга байхгүй шүү дээ. Болохгүй байвал болох юм байхгүй. Болгохын төлөө явж байгаа түүнд бурхан гурван сайхан үр заяасан. Хөвгүүд нь хар бор ажил, газар шороо, үр бордооны ажилд тус нэмэртэй гэж жигтэйхэн. Хүүхдүүдийнх нь хоёр нь төрийн байгууллагад, хоёр нь хувиараа ажилладаг. Бүгд л эрвийх дэрвийхээрээ ээждээ тусалж, хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчээ.  “Газар тариаланг улирлын чанартай гэж би боддоггүй. Жилийн дөрвөн улиралд ажиллаж, өвөл нь үрсэлгээгээ бойжуулж, хавар нь тариалж, зун нь тордож, намар нь ургацаа хураадаг. Зүгээр суусан өдөр гэж надад байхгүй дээ” гээд тэрбээр ахиад л гуниг үргээн инээв.

БИ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР 2000 ГАРУЙ ШАВЬТАЙ

Ж.Наранцэцэг эгч өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн 2000 гаруй шавийг бэлтгэн гаргаснаараа бахархдаг. Өөрөө мэдэхгүйн зовлонг тойроогүй дайраад гарсан болохоор шавь нартаа амаа цангатал хичээнгүйлэн зааж өгдөг гэнэ. Тариалангийн чиглэлээр 30 шахам жил ажиллахдаа Нийслэл, дүүргийн тэргүүний тариаланч, Сүхбаатар дүүргийн 13 удаагийн аварга ногоочин, Хүнсний шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Тэргүүний ногоочин өрх болж, олон ч хүнийг ажил амьдралын захтай болгожээ. Түүний эргэн тойронд ногоо тарьдаггүй айл гэж байхгүй. Хороо хорин, иргэний танхимд ногоогоо хэрхэн тарих вэ гэсэн сургалтыг тогтмол явуулсаар ирсэн. Хэлэхээ хаа ч, хэнд ч хэлчихдэг тэрбээр 1111 гомдол санал хүлээн авах төв байранд өөрийн биеэр очиж, гараараа бичсэн захидал, мэндчилгээ, хүсэл, санал, гомдол шүүмжлэлээ хэлээд тавьчихдаг нэгэн. Жишээ нь хамгийн сүүлд тэрбээр 11 газарт талархал, мэндчилгээ илгээж, гурван  хүнд гомдол шүүмж бичсэн аж. Иргэнийхээ эрхийг ч эдэлж, үүргээ ч биелүүлдэг тэрбээр өөрийгөө тун “хэнхэг” гэж тодорхойлов. Хороо хорин дээр хурал хуй болвол тасална гэж байхгүй бөгөөд энэ дашрамд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо нь “Тэргүүний хороо” болсонд тун сэтгэл өндөр байлаа. Ж.Наранцэцэг эгч  хорооныхоо нийгмийн ажилтанд хэлж байгаад амьдрах гэж хичээж байгаа, ухамсартай залуухан, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай айлуудад хийсэн бүтээгдэхүүнийхээ дээжээс жил бүр өгдөг.  Ахмадын баяраар хорооныхоо 20 гаруй ахмадад нэрийн бүтээгдэхүүнээ гардуулдаг. “Харин би архи уудаг хүнд дургүй” гээд нэгийг бодох шиг харц нь бодлогошронгуй болов. Түүний амьдралын зарчим бол өөрөө ганцаараа сайхан амьдрахдаа гол нь биш олон хүнийг энэ зам руу хөтөлж, амьдрал ахуйд нь эерэг өөрчлөлт, тус нэмэр болж нөлөөлөхийг боддог.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЭД ХӨЛ, ГАРГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ

Ногоочин эгч маань сонсголын бэрхшээлтэй нэгэн.  “Би л хөл, гаргүй, нүд, чихгүй гээд зовлон тоочоод бэлэн хоол ам руугаа хийлгэх гээд суугаад байж болохгүй. Амьдралын төлөө тэмцдэг хүнийг бурхан шагнадаг юм” гэж  тэр хэлэх дуртай. Түүн шиг сонсгол муутай ч  хөл гар нь эрүүл саруул, нүд ам нь бүрэн бүтэн хүмүүс олон.  Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан гээд тогтоочихдог. Төрөөс энэ мэтчилэн хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй гэсэн нэр зүүлгээд халамжийн бодлогоор тэжээх сэтгэлгээ суулгачихсан нь нууц биш. Улсаас аж ахуй эрхлэгчдийг дэмжиж , бүх дүүрэгт контейнер байрлуулж өгчээ. Тэндээ тавдугаар сарын эхээс аравдугаар сарын дунд хүртэл зогсож, таван жил дараалан ногоогоо борлуулсан. Хүйтэн үед дулаахан газар зогсъё гэхээр түрээс төлөх шаардлага гардаг болохоор хэцүү байдгаа ч тэр хэлээд амжив.  Хөгжлийн бэрхшээлтэй гээд гараа хумхиж хойш суух дургүй, хөдөлмөрч байхыг үлгэрлэдэг энэ эмэгтэй  “Бид өөрсдөө л хичээгээд, дүрэм журмын дагуу ажиллавал төр засгаас дэмждэг шүү дээ. Тэр тусмаа манай Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс бидний төлөө олон зүйл хийсэн. Иргэд маань өөрсдөө тун хойрго ханддаг.  Дүүрэг, хорооноос сургалт явууллаа гэхэд тав, зургаахан хүн л ирдэг” хэмээн учирлаж байв.

ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЧ БОЛДГИЙГ ЗАЛУУС МААНЬ МЭДЭРЧ ЭХЭЛЖЭЭ

Ж.Наранцэцэг “Бага залуудаа астматай болсон болохоор үг даггүй ханиалгаад үнэхээр хэцүү байсан. Заримдаа үхэх юмсан л гэж бодож явдаг байлаа. Нэг удаа манайхтай айл саахалт байсан 70 нас гарсан хөгшин хашаандаа алимны мод тарьсан ирж үз гэж дуудлаа.  Гэртээ буцах замдаа өндөр настай хүн алимны мод тарьчихаад, алимыг нь ургахаар иднэ гээд сууж байхад  би залуу хүн байж, юун үхэх вэ гээд муу юм бодохоо байсан. Ногоо тарьж завгүй болсноор бие ч илааршиж, өвчин хуучгүй болсон. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм байна шүү” гэлээ. Тэрбээр өглөө зургаан цагт босно. Ногоогоо усалчихаад л зүгээр суухгүй, танана, тайрна, цэвэрлэнэ, хураана. “Газартай болохоор би баян хүн. Дарга нар дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл бид мөнгөө төлөөд ус, халаалтаа татуулаад хашаандаа амьдармаар байна. Хашаандаа амьдрах шиг сайхан юм алга. Сүүлийн үед залуус хашаандаа өөрийн дураар хүссэнээрээ сайхан амьдарч болохын үнэ цэнийг их мэдэрдэг болж. “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг групп хүртэл байдаг юм байна. Залуус маань хэчнээн бүтээлч, ажилсаг болоо вэ” гэж дуу алдав. Мөн  “Нийгэмд сайнаар үлгэрлэдэг залуус их болжээ. Нэг хүн сайн явахад нийгэм тэр чигээрээ л сайн сайхан болно гэсэн үг. Нийгэм маань сайн сайхан байвал улс орон минь өөдөлж дэвшинэ. Тиймээс залуус минь хичээх, хөдөлмөрлөх хэрэгтэй. Би нэг үгийг хэлэх дуртай “Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дарханаас(66.181.179.88) 2020 оны 08 сарын 28

Наранцэцэг эгч бол хөдөлмөрч дайчин шударга хүн. Агуу

0  |  0
Оргилмаа(43.242.243.41) 2020 оны 08 сарын 27

Нараа эгчээрээ үнэхээр их бахархаж байна.

0  |  0
Зочин(202.55.188.87) 2020 оны 08 сарын 27

mundag ehch shvv. ..hudulmurch yumaa амжилт

0  |  0
Зочин(202.21.108.166) 2020 оны 08 сарын 26

Ямар гайхалтай юм бэ. Баяр хүргэе. Сурах юмсаан.

0  |  0
Bulgan(66.181.161.31) 2020 оны 08 сарын 26

Ystoi mundag ymaa.Amjilt.

0  |  0
Zochin(103.26.194.164) 2020 оны 08 сарын 26

Boljl bna sh dee uuriin hudulmuruur amidrana gedeg saihan bayar hufgii

1  |  0
Alsiin od(83.250.213.21) 2020 оны 08 сарын 26

Hursnii bohirdol gedeg mash tom ayul shuu dee.hashaanii hursund tarihguigeer arguud baidag shuu dee.

2  |  0
(66.181.190.219) 2020 оны 08 сарын 25

gants nogoo harsnaa uilj muilahgeed bnuu

0  |  0
ЗОЧИН(103.10.21.32) 2020 оны 08 сарын 26

БАХАРХМААР САЙХАН АЖИЛСАГ ЭМЭГТЭЙ ЮМ ТАНД АМЖИЛТ.....Гэр хороололын хөрсний бохирдол дээд цэгтээ \nхүрсэн ...Ямар хөрсөнд ямар орчинд ямар бордоо гэх мэт.....ЛАБОРТОРИ ШИНЖИЛГЭЭ ЧАНАР гэх мэт . Эрүүл хөрсөнд тарьсан бол ч янзтай л байна...

3  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 26

yamar mundag goe um be, jinhen zever ajilsag shudarga irgen iim saihan baigaa um shyydee....baharhaj baina

4  |  0
Zochin(43.228.129.86) 2020 оны 08 сарын 26

Yostoi mundag emegtei bn daa,

3  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 27

Eruul ahuin gazaraas labortoorin shinjilgee zuvshuurul avsiim uu,yamarch bodistoi hursnii bohirdoltoi yum zaraad baigaan ter hashaa horoond yamar oligtoi yum baiv gej

7  |  9
Hooh(112.96.167.212) 2020 оны 08 сарын 26

Gaihaltai! Tan shig otloh yumsan, nas garsan ch hiisen yumtai, gar humhihgui. Mundag yumaa

6  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 27

Baliar tugalaga huntsel,baastai

2  |  5
Top