ИРГЭД ХУДАЛДАЖ АВАХААСАА ИЛҮҮ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНИЙГ СУДАЛЖ ЯВНА
Зуны улиралд барилгын ажил эд өрнөж, байшин барих иргэдийн тоо ч нэмэгддэг. Тиймээс бидний нэрлэж заншсанаар 100 айлын барилгын материалын захад байдал ямар байгааг сурвалжилахаар өчигдөр үдээс хойш зорьж очлоо. “Цар тахлын улмаас хүн цөөнтэй байж мэдэх юм” гэж бодсоор очтол байдал төсөөлснөөс шал өөр байв. Том, жижиг машинууд, худалдаа хийхээр ирсэн олон арван иргэдтэйгээ нийлээд зарим жижиг лангуу дүүрсэн байна. Амны хаалтгүй иргэд наашаа цаашаа холхилдож, худалдан авагчид ачааны машин хайж, бараагаа зарж байгаа хүмүүс төрөл бүрийн материалаа ийш тийш зөөнө. Зөвхөн худалдагч нарын ихэнх нь өөр хоорондоо юм ярилцан, утсаа оролдож, халуунаас залхсан янзтай хийцгүйрч сууна.
Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их байгаа аж. Барилгын жижиглэнгийн барааг зардаг лангууны худалдагч “Хил хаалттай болохоор харанхуй захиалга л хийж байна даа, буруу зөрүү бараа их ирэх юм. Худалдан авалт тун муу байна” гэж нэлээн цөхрөнгүй байдлаар хэлэв.
Дулааны улиралд байшингаа засахаар иргэд обойн дээр оочерлоно. Обой 6-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд элдэв янзаараа жирийтэл өрөгджээ. “Хүүхдүүд ханаар нэг сарааччихсан. Боломж байвал обойгоо солих гээд л өнгө үзэмж, үнийг судлаад явж байна” гэж барилгын материалын материалын зах дээр явж байгаа иргэдийн нэг нь хэллээ. Обой зарж буй худалдагчаас “Өнөөдөр борлуулалт хэр байна вэ” гэж асуухад бухимдаж байсан зүйлийг нь асуучихсан мэт “Урдаас авчирдаг үнээсээ ч хямд үнээр зарж байна. Байгаа бараагаа зарж дуусгачхаад обой зарахаа болихоор шийдсэн” гэлээ. Худалдагчийн байр байдлаас харвал, ер нь ч барилгын материал зарахаа болихоор шийдсэн бололтой.
Хашаа, хаалга, дээврээ будах гэж буй иргэд ихэвчлэн улаан, шар будагны үнэ сурцгааж байлаа. Тэр дунд “Бүх будаг адилхан. Хятад будаг нэг литр нь 6500” гэж хэлэх худалдагчийн дуу содон байлаа. Иргэд ихэвчлэн тав, 10 кг будаг авна. 100 айлын барилгын материалын зах дээр хамгийн худалдан авагч багатай өдрүүд цар тахлын үед үргэлжилж байгааг худалдагч нарын царайнаас харахад андашгүй. Цаашлаад барилгын дулаалгад ашигладаг хөөсөнцөр хоёр метр квадрат нь 75 мянган төгрөг, шилэн хөвөн 15 мянган төгрөг, дээврийн хар цаас мөн л 15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин байшингийн дээврийн төмөр хийц зардаг худалдагч “Хамгийн борлуулалттай дээврийн төмөр нэг метр нь 7500 төгрөгийн үнэтэй байна” гэлээ. Дээврийн төмрийн үнэ 5000-9000 төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.
Түүнчлэн вакум цонх давхар шилтэй, дан шилтэй гэж олон янзын хийцтэй бөгөөд дунджаар 110 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байлаа. “Өнгөрсөн жилийг яаж гүйцэх вэ, гэхдээ өдөртөө 25-30 цонх гаргаж байна” гэж цонх үйлдвэрлэгчид ярилаа. Хадаас харин дундаж үнэ нь 3500 төгрөг. Дотор заслын материалууд дундаас эмульс литр тутамдаа 5000 төгрөг, нэг кг замаск 700 төгрөгөөр зарагдаж байв. Барилга байшингийн суурь тавихаас эхлээд өрлөг хийхэд хүртэл хамгийн ихээр ашиглагддаг материал бол цемент. “44” барилгын материалын зах дээр нэг шуудай цемент 15 мянга гэж байсан бол 100 айлын барилгын материалын зах дээр 20 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Захууд дээр зарагдаж байгаа цемент нь ихэвчлэн МАК-ынх буюу дотоодын үйлдвэрийнх байгааг сайшааж явлаа.
Барилгын материалын эд эрэлттэй үе нь яг өдийд тохиож байгаа ч захууд дээр иргэд худалдан авалт хийхээсээ илүү материалын үнэ ханшийг сонирхож судалж аль болохоор хямд барааг хайж явна. Харин худалдаа эрхлэгчид цар тахлын нөхцөл байдал бидний борлуулалтад маш ихээр нөлөөлж байна. Дампуурахдаа тулсан лангуу хүртэл байгааг хэллээ. Нөхцөл байдалтай танилцаад 100 айлын барилгын материалын захаас гарч явахад шороо тоосондоо дарагдсан хувцсаа ч тоох завдалгүй хүмүүс ажилласаар үлдлээ. Их наядаар хэмжигдэх хөрөнгө оруулалт яригддаг барилгын салбарын бяцхан захаар зочлоход байдал “баргар” байна.
А.ЗОЛЗАЯА
Сэтгэгдэл ( 2 )
Хужаа цементийг өргөнөөр оруулж ирэх ёстой.
15-20 мянгын үнэтэй цемент хараад эх орныхоо үйлдвэрлэлээр бахархдаг хөлдүү сэтгүүлч. Хужаа цемент тасралтгүй орж ирдэг байхад шуудай нь 7500-8500 байсан гэвэл энэ хүн яах юм бол? Монголдоо үйлдвэрлэсний балгаар бид 2-3 дахин өндөр үнээр худалдаж авч байна. Энэ салбарын талаар ямар ч мэдлэггүй гэдгээ харуулаад өнгөрөхөөс өөр үр дүнгүй амитан. Кг-аар хэмждэг барилгын материалын үнийн судалгаа ч гэж юу байхав. 2 м2 хөөс 75 мянга гэнэ. Юу бичиж байгаагаа ерөөсөө хайхардаггүй бололтой. Зүй нь бондын зээлээр монополь тогтоож буй Мак, Монцемент, Хөтөл цемент зэрэг үйлдвэрүүдийг балиашиглахаа больж х