МОНГОЛЫН БЯСЛАГ УРЛААЧДЫН АНХДУГААР ФЕСТИВАЛИАС ХИЙСЭН СУРВАЛЖИЛГА
Фестивалийн танхим хөл ихтэй. Тэнд яруу дуун эгшиглэж, энд хүмүүс найз нөхөдтэйгээ дарс, шар айраг шимэнгээ хөөрөлдөж, цаана Монголын бяслагчид бүтээгдэхүүнээ танилцуулаад завгүй. Монголын бяслаг урлаачдын анхдугаар фестивальд монгол бяслагийн гайхалтай амтыг дэлхийд таниулах, гаргах гаргахдаа тансаг зэрэглэлийн зах зээл дээр хүч сорих алсын бодолтой 10 компани оролцсон. Тэд Сэлэнгэ аймгийн Сайхан, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян- Улаан, Төв аймгийн Эрдэнэ, Жаргалант, Баянцогт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Хэнтий аймгийн Мөрөн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас иржээ.
Санаачлагч Я.Энхээгийн хэлснээр, “Бяслаг сонирхогчид, бяслаг хийе гэж бодож байгаа хүмүүсийг хооронд нь уулзуулах, арга туршлагаа солилцох, нөгөө талаар үзэсгэлэн худалдаа гэхээсээ илүү анд нөхөд зорин ирдэг, саатан тухалдаг өдөр болоосой” гэсэн зорилгоор энэхүү фестивалийг зохиожээ.
“Хоолондоо” теле шоуг хөтлөгч Я.Энхээ арав гаруй жилийн өмнө бяслаг үйлдвэрлэлийн салбарт хөл тавьжээ. Анх пиццандаа хийх бяслаг хайж яваад монгол бяслагийн амтанд орсон тогооч Я.Энхээ 2008 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Амарбаясгалант хийдийн хувраг, Ивэнгийн хөндийн малчдын аж амьдралыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж явахдаа бяслаг үйлдвэрлэгч болохоор шийдсэн гэнэ. Өнөөдөр Я.Энхээ Монголын Алтай, Хангайн таван аймгийн нутагт “Cheese republic” буюу “Бяслагийн Бүгд найрамдах улс”-ыг хөгжүүлэн ажиллаж байна. “Cheese republic” үхэр, сарлаг, ямаа, хонины сүүгээр хийсэн арав гаруй төрлийн бяслаг, бяслаган бүтээгдэхүүнийг монголын хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Түүний зэрэгцээ бяслагны соёлыг дэлгэрүүлэгч Сэлэнгэ аймагт байдаг “Сүүн зам дэйри” компани 2017 онд байгуулагджээ. Эднийх европ технологиор раклетте, чеддар, цөцгийтэй бяслаг, түүнчлэн уламжлалт монгол бяслаг, цөцгий, шар сүү, шар тос, сүүн ааруул үйлдвэрлэдэг юм байна. Тус компанийн ажилтан А.Нандин-Эрдэнийн танилцуулснаар хэрэглэгчид тэдний нэрийн бүтээгдэхүүн болсон моцарелла бяслагийг нь нэн таашаан худалдан авдаг ажээ. “Сүүн зам”-тай хөршилж, “МACU (Mongolian Artisan Cheese Makers Union)-гийнхан байрлажээ. Тэд хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон “Хустай гоуда” брэндийн бяслагаа борлуулж байв. “Хустай гоуда” бол Монголын анхны бяслаг үйлдвэрлэгчдийн нэг У.Төмөрхуяг хэмээх эрхмийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн. У.Төмөрхуяг 1995 оноос гараар бяслаг урлаж, монгол бяслагийн амтаар Монголд ирсэн гадаадынхныг бишрүүлж яваа юм.
2015 онд байгуулагдсан “МACU”-гийнхан Монгол даяар 100 гаруй жижиг үйлдвэр байгуулж, бяслаг үйлдвэрлэхээр зорьж буй. Өдгөө тэднийх дэлхийн жишигт нийцсэн 15 төрлийн, өвөрмөц амт чанартай бяслаг урлаж байна. Амтлуулахаар өрсөн төрөл төрлийн бяслаг дотроос 16 сар бойжуулсан гэсэн тайлбартай “Тува яки” бяслаг аргагүй ялгарав. Содон нэртэй энэ бяслаг тослог, тэгсэн хэрнээ бусдаас илт мэдэгдэхүйц өвөрмөц, гашуувтар амттай юм. Учрыг мэдвээс “Altai Tuwa Yaki” бяслагийг далайн түвшнээс 3000 метрийн өндөрт бэлчиж, 500 гаруй эмийн ургамлаар хооллодог сарлагийн сүүгээр хийдэг юм байна.“Чинагийн Галсан” сан Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг 31 тува өрхийн амьжиргааг дэмжиж, энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа аж. Сарлагийн сүүг үнэд оруулж, бэлчээрийг хамгаалах зорилготой энэ төслийг Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ дэмжиж, гарааны санхүүжилтийг нь олгосон бөгөөд “Чинагийн Галсан” сан өнгөрсөн хугацаанд 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Төслийн хүрээнд герман мэргэжилтнүүдийг авчирч, бяслаг хийх хичээл заалгадаг бөгөөд сонгосон айлуудаасаа сүүг нь худалдаж авахаас гадна өвс тэжээл, хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлдэг гэнэ. Саяхан айлууддаа сарлагийн ухна өгсөн байна. Нэг сарлагийн үнээ өдөрт 1 л сүү өгдөг, түүнээс 100 гр бяслаг гардаг, зундаа 90 хувийн чийгшилтэй орчинд бойжуулж, 300- 500 кг бяслаг хийдэг гэнэ. Ийм нөхцөлд гаргасан хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх талаар тодруулж “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Г.Галтайхүүтэй уулзвал ” энэ бол ашгийн төлөө биш нийгмийн сайн сайхны төлөө төсөл. Монголын эко бяслагийг дэлхийн зах зээл дээр гаргаж чадвал олон малчин айлын амьжиргааг сайжруулах боломжтой” гэсэн.
Г.Галтайхүүгийн нэмж хэлснээр, “Канадын эрдэмтдийн судалгаагаар 3000 метрээс дээш өндөрт эмийн ургамал ургадаг бөгөөд линолийн хүчил буюу Омега тос их агуулдаг. Энэ нь зүрх судасны үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй” тул судасны нарийсал, ясны сийрэгжилт, чихрийн шижин, зүрхний шигдээс, харвалттай хүмүүст “Алтай Тува Яки”-гийн бяслаг эм л гэсэн үг ажээ.
Монголын бяслаг үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл бол түүхий эдийн олдоц. Чухамдаа нүүдлийн мал аж ахуйтай, зундаа л саадаг Монголд бяслаг үйлдвэрлэнэ гэдэг амаргүй хөдөлмөр болохыг уулзсан бүхэн хэлнэ. “Fine cheese” компанийнхан энэ асуудлыг шийдэж, үхрийн фермтэй болжээ. Эднийх герман технологиор хатуу, зөөлөн, цөцгийтэй бяслаг, моцарелла бяслаг хийдэг. Ирсэн зочдыг бүтээгдэхүүний дээжээрээ дайлахад нь “Fine cheese” компанийн менежер Д.Нэргүйтэй уулзвал:
-Манай бяслаг шинээрээ гардаг. Задалснаас хойш долоо хоногийн дотор хэрэглэх болохоор удаан хадгалах нэмэлт бодисгүй. Энэ цөцгийтэй бяслагийг гэхэд бид амтлагчгүй, жимстэй, ногоон сонгинотой, чинжүүтэй гээд дөрвөн төрлөөр хийж байна. Бас саяхнаас пармезан бяслаг хийж байгаа гэж танилцуулсан.
Бяслаг бол уураг, олон төрлийн амин дэмээр баялаг хүнс. Монголчуудын уламжлалт цагаан идээний нэг төрөл. Гэхдээ түүнийг цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлж, монгол бяслагийг өдөр тутмын хэрэглээнд оруулах, монголчуудаа эрүүл хүнсээр хангах, эрүүл үндэстэн болох том зорилгын төлөө бяслаг урлаачид нэгдэж байна.
Анхдугаар фестиваль дээрээ тэд бахархалтай, бардамханаар зарлалаа.
“Монголын сүүний үйлдвэрлэлд “Бяслаг үйлдвэрлэл” гэдэг шинэ салбар нэмэгдлээ. Одоо бид монгол бяслагаа дэлхийн зах зээлд өндрөөр үнэлүүлэхийн төлөө ажиллах болно.
ХАТУУ БЯСЛАГ БОЛ БЯСЛАГНЫ ХААН
Бяслаг урлаачдын фестиваль дээр хоёр жил бойжуулсан хатуу бяслаг шуугиан тарив. “Khongo Yak Cheese” брэнд бол Монголын анхны бяслаг урлаач С.Цэцгээгийнх ажээ.
Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагчаар ажиллаж байгаа энэ эмэгтэй Монголын бяслаг үйлдвэрлэлийн салбарын түүхийг бичилцсэн хүмүүсийн нэг. Түүнтэй монгол бяслаг үйлдвэрлэлийн салбарын талаар хэсэг хөөрөлдлөө.
-Та хэдийнээс энэ салбартай холбогдсон бэ?
-Ардын аж ахуйтны холбооноос 1994 онд малчдын амьжиргааг дээшлүүлж, тэдний бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах төслийг “Конрад Аденуэрийн сан”-гийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн юм. Би сүүний инженер технологич мэргэжилтэй хүний хувьд энэ төсөлд орчуулагч, технологичоор ажилласан. Тэр төслөөс үүдэн “Майхант” компаниа байгуулсан юм. Тэр үед “Сүү” ХК-ийн технологичид хэдэн тийшээ салаад “Монсүү”, “ГУМ”, “Майхан” гэсэн компанийг байгуулсан юм.
1994-1999 онд монгол бяслагийг зах зээлд гаргах гэж нэлээн зүтгэсэн. Үнэхээр ярвигтай ажил л даа. Тэр үед “Cheese Republic”-ын Я.Энхээ манай анхны худалдан авагч байсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Японы Засгийн газрын санхүүжилтээр том хотуудын сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн үндэсний сангийн захирлаар ажиллаж байлаа.
-Хоёр жил бойжуулсан бяслагийг хийхэд хэцүү юу?
-Энэ гриуере бяслагийг Швейцарь, Францад хийдэг юм. Францад арай өөр нэртэй. Бяслагийг хатуу, хагас хатуу, шинэхэн бяслаг гэж ангилдаг л даа. Шинэхэн бяслаг бол 14 хоногийн настай. Хагас хатуу бяслаг бол 1-2 сар бойжуулаад бүтэн жил хадгална. Хатуу бяслаг болохоор 4- 6 сар бойжуулж, олон жил хадгалж болдог.
Ер нь Хатуу бяслаг бол бяслагны хаан юм. Яагаад гэхээр арай ажиллагаа ихтэй, дээр нь удаан хадгалагддаг. Манайх энэ жил хатуу бяслаг хийгээгүй, хагас хатууг хийнэ гээд чеддарыг түлхүү хийсэн. Яагаад гэвэл чеддар бяслаг зөөлөн амттай, монголчуудад их тохирсон, дээр нь хайлдаг. Паста, пиццанд хийнэ.
Тэгээд бяслаг урлаачдын фестиваль дээр хоёр жил хадгалсан бяслагаа гаргасан чинь хамгийн шилдэгээр өргөмжлөгдлөө.
-Монголчууд өнөөдөр хэчнээн төрлийн бяслаг хийж байна?
-Монголчууд өнөөдөр итали гаралтай моцареллаг ч, англи чеддарыг ч, швейцарь гриуере, герман бяслагийг ч хийж байна. Гэхдээ европ технологийг монголдоо нутагшуулж, монгол малынхаа сүүгээр хийж байна. Олон улсын жишгээр бол, газар дээр нь хийж байгаа бяслагууд газарзүйн заалттай, хамгаалалттай байх ёстой, яагаад гэвэл тэр бүс нутгийн онцлог.
-Хэрэглэгчид монгол бяслагийн амт арай өөр гэдэг. Монгол моцарелла итали моцареллагаас амтаараа хэр их өөр вэ?
-Хоёр бүс нутгийн сүү өөр. Идэж байгаа ургамал, тэжээлээсээ хамаарна, дээр нь манайх бэлчээрийн мал аж ахуйтай. Сүү саалиа зуны сардаа л авдаг. Тэгээд ирэхээр амтны хувьд ялгаатай. Тийм болохоор бид яг адилхан технологи ашиглаж байгаа хэрнээ бяслагийг их аргадаж хийдэг.
1994 онд бид гал түлж бяслаг хийж байсан. Одоо бид тоног төхөөрөмжтэй боллоо, цахилгаантай байна, сайхан цэнгэг устай байна. Бяслагны үйлдвэрлэлд ус маш чухал. Монголын бяслаг урлаачид өөр олон төрлийн бяслаг хийнэ.
-Та Ази тивийн сүү үйлдвэрлэлийн холбооны нарийн бичгийн дарга нарын газрын зохицуулагч юм байна. Холбооныхоо талаар танилцуулахгүй юу?
-Ази тивийн сүү үйлдвэрлэлийн холбоо бол 13 орныг нэгтгэсэн байгууллага. Тивийн хэмжээнд ярихад Өмнөд Ази, Төв Ази хоёр ялгаатай. Өмнөд Азийн орнуудаас Энэтхэг, Пакистан хоёр манай монголчууд шиг сүүний хэрэглээтэй. Бусад нь, Хятад, Япон гээд ургамал, амьтны гаралтай хэрэглээтэй улсууд байгаа. Азийн улсууд дундаа Монгол Улс сүүний хэрэглээтэй, таван хошуу малаа саадаг гэдгээрээ лидер байя, санаачилгатай байя гэдэг үндэслэлээр 2020 оны зургаадугаар сард Засгийн газраас тогтоол гаргаж, Ази тивийн үйлдвэрлэлийн холбооны хоёр дахь бүсийн төвийг Монголд байгуулсан.
-Та монгол бяслагийн үйлдвэрлэл, зах зээлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манайх шиг уур амьсгалтай оронд, бэлчээрийн мал аж ахуйд массын тав, 10, 20 тн бяслаг үйлдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл бяслаг бол амьд бүтээгдэхүүн, хийх нөхцөл, агуулах их чухал. Маш нарийн стандарт, технологи шаарддаг. Хар л даа, өнөөдөр Монголд бяслаг хийдэг 10 компани л байна. Ийм нарийн хэцүү ажиллагаатай болохоор энэ салбар руу хэр баргийн хүн орохгүй байна. Монголын бяслаг үйлдвэрлэл массын үйлдвэрлэл биш. Артизан буюу гар аргаар хийж байгаа, үнэлж, үнэлүүлж чадвал дахин давтагдашгүй амттай, органик, тансаг зэрэглэлийн бяслаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )