Наймдугаар сарын 12-ны өдөр орсон их хэмжээний борооны улмаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын далан үерт автлаа гэсэн мэдээлэл сошиалаар тархсан билээ. Тэгвэл бодит байдал дээр бол төмөр замын далан бус гүүр барьж буй хэсгийг тойруулан барьсан түр замын далан үерт автжээ. Сошиалаар гарч байгаа мэдээллийн үнэн зөвийг тодруулахаар бид Дорноговь аймгийг зорьж, газар дээрээс нь сурвалжилга бэлтгэлээ.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах сум, Сайншанд сумын Зүүнбаян баг, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумаар дайран 414.6 км урт, нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Биднийг очиход төмөр замын барилгын ажил чанар, стандартын өндөр түвшинд, төлөвлөгөө графикийн дагуу амжилттай явагдаж байлаа. Өнөөдрийн /2020.08.20/ байдлаар газар шорооны ажил 98.29 хувийн гүйцэтгэлтэй, хоолойн ажил 94 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Төслийн хэмжээнд 27 гүүр баригдана. Гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барьж, материал техник зөөх, дээд бүтэц тавих зэргээр барилгын ажлын хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа аж. Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас гүүр тойрох түр замын далан үерт автсан ч шуурхай ажиллаж, асуудлыг шийдэн, төмөр замын барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байлаа.
Сошиалаар гарсан зураг дээрх усанд автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр замын хэсэг юм. Төмөр замын гүүр төлөвлөсөн хэсэгт гүүр тойрох зам буюу түр зам барьж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг аж. Учир нь гүүрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд цаг хугацаа ихээр шаардагддаг бөгөөд хугацаа алдахгүйн тулд гүүр төлөвлөсөн хэсгүүдэд гүүр тойрох түр замыг барьдаг байна.
М.МЭНДСАЙХАН: МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ХИЙЖ ЧАДДАГ ГЭДГИЙГ НОТОЛЛОО
Монголын төмөр зам төрийн өмчит компанийн Хиймэл байгууламжийн инженер М.Мэндсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан үерт автлаа гэсэн мэдээлэл сошиалаар гарсан. Уг үер хэзээ болсон бэ, сошиалаар явж буй буруу ойлголтод үнэн зөв хариултыг өгөөч...
-Бид нийт 151.1 метрийн урттай төмөр бетон гүүрийн байгууламж барьж байна. Төмөр зам сэтэрсний хувьд наймдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд их хэмжээний усан бороо орсон. Ер нь манай гүүрүүд рүү 3-4 удаа борооны ус орж ирсэн. Бид гүүрэн байгууламжийг барихын тулд далан засаад ажлаа эхэлсэн. Үерийн улмаас гүүр тойрох түр замын далан сэтэрсэн. Үндсэн далан яагаа ч үгүй. Сэтэрсэн зам дээр хоёр хоолой тавьж, их хэмжээний усыг сэтэлж гаргаад ажиллаж байна. Түр замаар бид төмөр замын барилгын ажлын бараа материалаа нийлүүлдэг. Төмөр замын дээд бүтэц нь 50 км явчихсан байгаа. Өдөрт 2.3 км явж байна. Гүүр ашиглалтад орохоор түр замаа ухаж аваад, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар?
-Газар шорооны ажил ерөнхийдөө дууссан гэж ойлгож болно. Трассын дагуу 594 хоолой, 27 гүүр барина. Гүүрний ажил 68 хувьтай, зарим гүүр нь түрүүчээсээ дам нуруугаа тавиад эхэлчихсэн байгаа.
-Төмөр замыг хэзээ тавьж дуусах вэ?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг энэ ондоо багтааж хүлээлгэж өгнө. Гүүрний хувьд энэ хавар, зун бороо ус их байлаа. Улс орон даяараа цементийн хомсдол үүссэнээс болж тодорхой саатал үүссэн. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй явуулж байгаа. Монгол инженерүүд зургийг нь зураад монголчууд өөрсдөө анх удаа гараар угсарсан төмөр зам болно. Энд ирээдүйн Монголын хөгжлийг авч явах залуучууд ажиллаж байна. Монгол инженерүүд хийж чаддаг гэдгийг нотоллоо.
О.ЦАЦРАЛ: ЭНЭ ЗАМ ОРОН НУТАГТ ХӨГЖИЛ АВЧИРНА
Монголын төмөр зам ТӨК-ийн Төмөр замын инженер О.Цацрал ийнхүү ярилаа.
-Төмөр зам тавихад бэлэн болсон далангуудын доогуур ус зайлуулах хоолойнууд байрлуулсан байгаа. Монголд анх удаагаа хүнд даацын төмөр замын бетон гүүрийг гараар угсарч байна. Өмнө нь авто замын гүүр хийдэг байсан бол одоо төмөр замын гүүрийг анх удаагаа гараар угсарч байна. Нийт 154 метр урттай, 27 гүүрийг бид барьж байгаа. Олон тоннын ачаатай вагон явах учир төмөр замын гүүр өндөр даацтай байх шаардлагатай. Энгийн авто замын гүүрийг бодвол техникийн маш өндөр шаардлагатай байдаг. Даацын хувьд хэд дахин илүү.
-414.6 км замыг ямар технологиор барьж байгаа вэ?
-Ерөнхийдөө бол манайх гуравдугаар зэрэглэлийн зам гэж явдаг. Төмөр зам аль болох тэгшхэн байх ёстой. Тиймээс эхлээд геодезийн судалгаа хийнэ. Газраа хэмжинэ, хөрсөө судална. Газрын хотгор, гүдгэрээс хамаараад хаана ямар далан, хаана өндөрлөг сэтлэх вэ гэдгээ төлөвлөдөг. Дор хаяж 10 см хөрс хуулна, дараа нь нягтруулна. Нягт нь 95 хувь хүртэл байх ёстой. Уг стандартыг хяналтын баг, гүйцэтгэгч компаниуд шалгана. Зөвшөөрөгдсөн тохиолдолд дараагийн үеэ авна. Төмөр замын далангийн хувьд нэг үе нь 30 сантиметр хүртэл өндөр явна. Далангийн үе авсны дараа байгалийн өөрийнх нь чийг гэж байгаа. Дээрээс нь нягтруулахын тулд усалгаа хийнэ. Говийн нөхцөлд бол усны хүндрэл тулгарна. Монголын төмөр зам компани төмөр замын трассын дагуу бүх туслан гүйцэтгэгч компаниуддаа худаг гаргаж өгсөн байгаа. Далангаа усалсны дараа индүүднэ.
-Энэхүү төмөр замын насжилтын тухайд?
-Насжилтын хувьд 100 гаруй жил болно. Гүүр ч мөн 100 жил болно. Аливаа байгалийн гамшиг тохиолдохгүй бол хэвийн нөхцөлд насжилт нь ийм байх зам юм.
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ачаа тээврийн л зориулалттай гэж ойлгож болох нь ээ?
-Зөвхөн ачаа тээвэр бус 414.6 км зам ирээдүйд олон улсын хилтэй залгагдана. Энэ бол дөнгөж эхлэл нь. Дахиад цаашаа сүлжээ замууд тавигдаад эхлэхээр олон улсын чанартай зам болно. Энэ төмөр зам нь суурьшлын бүс багатай нутагт баригдаж байна. Уул уурхайн бүс нутагт, ашигт малтмал олборлоод байгаа уул уурхайгаа түшиглээд баригдаж байгаа. Зам дагаад хөгжил гэдэг. Хөгжөөд ирэхээр өөр олон зориулалт, зорчигч тээврийн чанартай болно. Мөн олон улсын чанартай болоод ирвэл олон улсын тээвэр явна. Мөн Замын-Үүдээс Тавантолгой чиглэлийн төмөр замын дагуу стратегийн том ордууд байдаг. Эдгээр орд маань өөрсдөө тээвэрлэлтээ явуулахад маш хүндрэлтэй байдаг асуудлыг шийднэ. Орон нутгийн хувьд ч эерэг үзүүлэлттэй төмөр зам болж байна. Яагаад гэхээр ачааны тээврүүд ийш тийшээ яваад, байгаль орчинд хор хөнөөл гаргаад байхгүй. Бороотой үед ачааны том машин битгий хэл жийп машин явах аргагүй болж байгааг та бүхэн харсан байх. Энэ бүх асуудал шийдэгдэнэ. Ачаа тээвэр төмөр замаараа явж, орон нутгийнханд хүндрэл биш хөгжил авчирна.
-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэзээ эхэлсэн бэ?
-Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхэлсэн. Газар шорооны ажил ерөнхийдөө 100 хувь дууссан. Одоо гүүрийн ажил л үлдсэн. Гүүрийн ажил маш нарийн үйл явцтай байдаг. Бид зохион байгуулалттай сайн ажилласны үр нөлөөгөөр далангаа маш хурдан тавьсан.
-Хаанахын технологиор баригдаж байгаа вэ?
-Технологио гүүрийн авторууд боловсруулдаг. Ерөнхийдөө энэ төмөр замын технологийг Орос стандартаас хуулбарлаж авч байгаа. Орос бол зам тээвэр бүх талаараа хөгжсөн улс. Харин төмөр замын барилгын ажлыг 100 хувь монголчууд хийж байгаа гэдгээрээ онцлогтой. “Ковид-19”-ийн халдвар дэгдэж, гаднаас нэг ч ажилчин оруулах боломжгүй болсон энэ үед манай төсөл зогсолтгүйгээр маш хурдацтай явагдаж байгаа нь 100 хувь монгол инженерүүдийн маань ур чадвар. Энд маш олон залуу инженер ажиллаж байна. Төмөр замын инженерүүд л ажиллаад байгаа юм шиг хүмүүс ойлгоод байгаа. Гүүрийн, цахилгааны, замын инженерүүд, дохиолол холбоо, шилэн кабель, барилга гээд олон чиглэлээр инженерүүд ажиллаж байна. 100 хувь монгол компани, монгол инженерүүдийг ажиллуулж байна гэдэг нь шинэ төгсөж байгаа залууст боломж олгож байгаа гэсэн үг. Ажлын байр хангалттай олдоцтой, өөрсдийгөө сорьё, хөгжүүлье гэсэн шинэ инженерүүдэд боломж нээж өгсөн үр ашиг өндөртэй ажил болж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Гашуунсухайтын төсөл бас явагдаж байгаа
автсан бсан ч ер нь яадгийн? байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бид яаж ч чадахгүй ш дээ. үерт автаагүй гэж ямар олон удаа бичдэгийн?
Urd hilluugee taviach ee zuun bayand hytaduud nuursee avhuu mal yumaa
Ene hymraltai uyd ene zamiig barhiin turuund shuud urd hilluugee tavih ni zuv bsan yum yu boddog humuus bnaa
Баяр хүргэе