Эдийн засагт шинэ эргэлт бий болгох төмөр замын ажил ЭРЧТЭЙ БАЙНА

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам энэ онд багтаж ашиглалтад орно-

Наймдугаар сарын 12-ны өдөр орсон их хэмжээний борооны улмаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын далан үерт автлаа гэсэн мэдээлэл сошиалаар тархсан билээ. Энэ мэдээллийн дараа иргэдийн шүүмжлэл газар авч, 1.5 их наяд төгрөгийн төсвөөр баригдаж байгаа төмөр зам баригдаж дуусаагүй байхдаа эвдэрлээ, чанаргүй гүйцэтгэл хийж, их хэмжээний үр дүнгүй зарлага гарч байна гэж шуугисан. Тэгвэл бодит байдал дээр төмөр замын далан бус гүүр барьж буй хэсгийг тойруулан барьсан түр замын далан үерт автжээ. Сошиалаар гарч байгаа мэдээллийн үнэн зөвийг тодруулахаар бид Дорноговь аймгийг зорьж, газар дээрээс нь сурвалжилга бэлтгэсэн юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Дорноговь аймгийн Мандах сум, Сайншанд сумын Зүүнбаян баг, Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумаар дайран 414.6 км урт, нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Биднийг очиход төмөр замын барилгын ажил чанар, стандартын өндөр түвшинд, төлөвлөгөө графикийн дагуу амжилттай явагдаж байлаа. Одоогоор газар шорооны ажил 99 хувийн гүйцэтгэлтэй, хоолойн ажил 94 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Төслийн хэмжээнд 27 гүүр баригдана. Гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барьж, материал техник зөөх, дээд бүтэц тавих зэргээр барилгын ажлын хэвийн үйл ажиллагааг хангаж байгаа аж. Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас гүүр тойрох түр замын далан үерт автсан ч шуурхай ажиллаж, асуудлыг шийдэн, төмөр замын барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байлаа.

Учрыг тодотговол, Төмөр замын гүүр төлөвлөсөн хэсэгт гүүр тойрох зам буюу түр зам барьж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг аж. Учир нь гүүрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд цаг хугацаа ихээр шаардагддаг бөгөөд хугацаа алдахгүйн тулд гүүр төлөвлөсөн хэсгүүдэд гүүр тойрох түр замыг барьдаг байна.

Биднийг Дорноговь аймгийн Зүүнбаянд очиход төмөр замын ажил ид өрнөж, дорнын говийн их тоос бужигнасан зах хязгааргүй талд залуус завсар чөлөөгүй ажиллаж байлаа. Хэдхэн хоногийн өмнө орсон их бороо, үерийн ул мөр арилаагүй хэвээр байсан юм. Говийн ус хөрсөндөө шингэдэггүй учир гүүр тойрох түр замын үерт автсан далангийн хажууд нуур мэт их ус тогтжээ. Уг ус мөддөө шингэхгүй нь үер буугаад долоо хоног өнгөрсөн ч дөнгөж зах хэсгээрээ багахан шингэснээс харагдана. Говийн их үер түр замын далан төдийгүй машин явдаг сайжруулсан замыг хамарч, шавартай зуурчээ. Гэсэн ч дорнын говьд бүтээн байгуулалтын ажил цаг алдалгүй үргэлжилж байсан юм.

М.МЭНДСАЙХАН: Түр замаа ухаж аваад, байгаль орчны нөхөн сэргээлт хийнэ

Монголын төмөр зам ТӨХК-ийн Хиймэл байгууламжийн инженер М.Мэндсайхан ийнхүү ярьсан юм.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан үерт автлаа гэсэн мэдээлэл сошиалаар гарсан. Уг үер хэзээ болсон бэ, сошиалаар явж буй буруу ойлголтод үнэн зөв хариултыг өгөөч...

-Бид нийт 151.1 метрийн урттай төмөр бетон гүүрийн байгууламж барьж байна. Төмөр зам сэтэрсний хувьд наймдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд их хэмжээний усан бороо орсон. Ер нь манай гүүрүүд рүү 3-4 удаа борооны ус орж ирсэн. Бид гүүрэн байгууламжийг барихын тулд далан засаад ажлаа эхэлсэн. Үерийн улмаас гүүр тойрох түр замын далан сэтэрсэн. Үндсэн далан үерт автсан, сэтэрсэн зүйл байхгүй. Сэтэрсэн зам дээр хоёр хоолой тавьж, их хэмжээний усыг сэтэлж гаргаад ажиллаж байна. Түр замаар бид төмөр замын барилгын ажлын бараа материалаа нийлүүлдэг. Төмөр замын дээд бүтэц нь 50 км явчихсан байгаа. Өдөрт 2.3 км явж байна. Гүүр ашиглалтад орохоор түр замаа ухаж аваад, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар?

-Газар шорооны ажил ерөнхийдөө дууссан гэж ойлгож болно. Трассын дагуу 594 хоолой, 27 гүүр барина. Гүүрний ажил 68 хувьтай, зарим гүүр нь түрүүчээсээ дам нуруугаа тавиад эхэлчихсэн байгаа.

-Төмөр замыг хэзээ тавьж дуусах вэ?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг энэ ондоо багтаан хүлээлгэж өгнө. Гүүрний хувьд энэ хавар, зун бороо ус их байлаа. Улс орон даяараа цементийн хомсдол үүссэнээс болж тодорхой саатал үүссэн. Гэхдээ бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй явуулж байгаа. Монгол инженерүүд зургийг нь зураад монголчууд өөрсдөө анх удаа гараар угсарсан төмөр зам юм. Энд ирээдүйн Монголын хөгжлийг авч явах залуучууд ажиллаж байна. Монгол инженерүүд хийж чаддаг гэдгийг нотоллоо.

О.ЦАЦРАЛ: Ажил хурдацтай явагдаж байгаа нь монгол инженерүүдийн ур чадвар

Монголын төмөр зам ТӨХК-ийн Төмөр замын инженер О.Цацралтай ярилцлаа.

-Төмөр зам тавихад бэлэн болсон далангуудын доогуур ус зайлуулах хоолойнууд байрлуулсан байгаа. Монголд анх удаагаа хүнд даацын төмөр замын бетон гүүрийг гараар угсарч байна. Өмнө нь авто замын гүүр хийдэг байсан бол одоо төмөр замын гүүрийг анх удаагаа гараар угсарч байна. Нийт 154 метр урттай, 27 гүүрийг бид барьж байгаа. Олон тоннын ачаатай вагон явах учир төмөр замын гүүр өндөр даацтай байх шаардлагатай. Энгийн авто замын гүүрийг бодвол техникийн маш өндөр шаардлагатай байдаг. Даацын хувьд хэд дахин илүү.

-414.6 км замыг ямар технологиор барьж байгаа вэ?

-Ерөнхийдөө бол манайх гуравдугаар зэрэглэлийн зам гэж явдаг. Төмөр зам аль болох тэгшхэн байх ёстой. Тиймээс эхлээд геодезийн судалгаа хийнэ. Газраа хэмжинэ, хөрсөө судална. Газрын хотгор, гүдгэрээс хамаараад хаана ямар далан, хаана өндөрлөг сэтлэх вэ гэдгээ төлөвлөдөг. Дор хаяж 10 см хөрс хуулна, дараа нь нягтруулна. Нягт нь 95 хувь хүртэл байх ёстой. Уг стандартыг хяналтын баг, гүйцэтгэгч компаниуд шалгана. Зөвшөөрөгдсөн тохиолдолд дараагийн үеэ авна. Төмөр замын далангийн хувьд нэг үе нь 30 сантиметр хүртэл өндөр явна. Далангийн үе авсны дараа байгалийн өөрийнх нь чийг гэж байгаа. Дээрээс нь нягтруулахын тулд усалгаа хийнэ. Говийн нөхцөлд бол усны хүндрэл тулгарна. Монголын төмөр зам компани төмөр замын трассын дагуу бүх туслан гүйцэтгэгч компаниуддаа худаг гаргаж өгсөн байгаа. Далангаа усалсны дараа индүүднэ.

-Энэхүү төмөр замын насжилтын тухайд?

-Насжилтын хувьд 100 гаруй жил болно. Гүүр ч мөн 100 жил болно. Аливаа байгалийн гамшиг тохиолдохгүй бол хэвийн нөхцөлд насжилт нь ийм байх зам юм.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ачаа тээврийн л зориулалттай гэж ойлгож болох нь ээ?

-Зөвхөн ачаа тээвэр бус 414.6 км зам ирээдүйд олон улсын хилтэй залгагдана. Энэ бол дөнгөж эхлэл нь. Дахиад цаашаа сүлжээ замууд тавигдаад эхлэхээр олон улсын чанартай зам болно. Энэ төмөр зам нь суурьшлын бүс багатай нутагт баригдаж байна. Уул уурхайн бүс нутагт, ашигт малтмал олборлоод байгаа уул уурхайгаа түшиглээд баригдаж байгаа. Зам дагаад хөгжил гэдэг. Хөгжөөд ирэхээр өөр олон зориулалт, зорчигч тээврийн чанартай болно. Мөн олон улсын чанартай болоод ирвэл олон улсын тээвэр явна. Мөн Замын-Үүдээс Тавантолгой чиглэлийн төмөр замын дагуу стратегийн том ордууд байдаг. Эдгээр орд маань өөрсдөө тээвэрлэлтээ явуулахад маш хүндрэлтэй байдаг асуудлыг шийднэ. Орон нутгийн хувьд ч эерэг үзүүлэлттэй төмөр зам болж байна. Яагаад гэхээр ачааны тээврүүд ийш тийшээ яваад, байгаль орчинд хор хөнөөл гаргаад байхгүй. Бороотой үед ачааны том машин битгий хэл жийп машин явах аргагүй болж байгааг та бүхэн харсан байх. Энэ бүх асуудал шийдэгдэнэ. Ачаа тээвэр төмөр замаараа явж, орон нутгийнханд хүндрэл биш хөгжил авчирна.

-Хаанахын технологиор баригдаж байгаа вэ?

-Технологио гүүрийн авторууд боловсруулдаг. Ерөнхийдөө энэ төмөр замын технологийг Орос стандартаас хуулбарлаж авч байгаа. Орос бол зам тээвэр бүх талаараа хөгжсөн улс. Харин төмөр замын барилгын ажлыг 100 хувь монголчууд хийж байгаа гэдгээрээ онцлогтой. “Ковид-19”-ийн халдвар дэгдэж, гаднаас нэг ч ажилчин оруулах боломжгүй болсон энэ үед манай төсөл зогсолтгүйгээр маш хурдацтай явагдаж байгаа нь 100 хувь монгол инженерүүдийн маань ур чадвар. Энд маш олон залуу инженер ажиллаж байна. Төмөр замын инженерүүд л ажиллаад байгаа юм шиг хүмүүс ойлгоод байгаа. Гүүрийн, цахилгааны, замын инженерүүд, дохиолол холбоо, шилэн кабель, барилга гээд олон чиглэлээр инженерүүд ажиллаж байна. 100 хувь монгол компани, монгол инженерүүдийг ажиллуулж байна гэдэг нь шинэ төгсөж байгаа залууст боломж олгож байгаа гэсэн үг. Ажлын байр хангалттай олдоцтой, өөрсдийгөө сорьё, хөгжүүлье гэсэн шинэ инженерүүдэд боломж нээж өгсөн үр ашиг өндөртэй ажил болж байна.

Өдөрт 200 мянган м.куб газар шорооны ажил хийж байна

2019 оны тавдугаар сарын 24-нд эзгүй хээр талд нээлтээ хийж байсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын компаниуд өөрсдийнхөө тоног төхөөрөмжөөр тавьж байна. Монгол инженерүүдийн ур ухаанаар энэхүү том бүтээн байгуулалтыг хийж байгааг газар дээр нь очиж нүдээрээ үзэх бахархам сайхан байлаа. Төмөр замын үндсэн даланд 26 сая м.куб шороо оржээ. Энэ нь нэг сая 300 мянган ширхэг машин шороо гэсэн үг юм. Даланг 30 см-ийн зузаантайгаар услаж, индүүдэн нягтаршуулах замаар тавьж байгаа аж. Хамгийн өндөр далан нь 14 метр. Өдөрт 200 мянган м.куб газар шорооны ажил хийх замаар их ажлыг богино хугацаанд хийснээ Монголын төмөр зам ТӨХК-ийнхан ярьж байлаа.

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам хоёр ерөнхий гүйцэтгэгчтэй. Зэвсэгт хүчний жанжин штаб хоолойны ажлыг, УБТЗ дээд бүтцээ хариуцан ажиллаж байна. Цэргийн алба хаагчдаас мэргэжил дөхүү хүмүүсийг төмөр замын бүтээн байгуулалт руу татан, сургаж ажиллуулж байгаа аж. Асар том үндэсний бүтээн байгуулалт болж буй энэхүү замын далангийн ажилд 46 компани оролцож, ажил бүрэн дуусжээ. Одоо жижиг сажиг, суваг шуудуу татах ажлууд үлджээ. 594 хоолойны барилга угсралтын ажил дууссан бол 27 гүүрийн ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Төмөр замын бетон дэрийг мөн л үндэсний компаниуд хийж, газар дээр нь угсраад явж байгаа харагдлаа.

Энэхүү төмөр замын түр далан үерт автсанаас болж мөнгөний алдагдалд орлоо, үер усны байдлыг харж байж далангаа тавьсангүй гэх шүүмжлэлийн тухайд, байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн түр далангийн ажилд олон зуун сая төгрөг зарцуулагдаагүй, харин ч түр далан үерт автсан нь усны судалгаа сайн хийгдсэнийг, уг хэсэгт гүүр барих нь зөв байсныг нотолжээ.

Шинээр баригдаж буй төмөр замын эргэн тойронд эрчим хүчний ажил ч ид өрнөж байлаа. Шонгуудаа тавиад, утсаа татчихсан байх бөгөөд хоолой, гүүр, өртөө зөрлөгийн барилгууд баригдаж байв. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 464 км эрчим хүчний шугам тавигдаж, хагас автомат дохиолол төвлөрүүлэлт, хориглолын систем бүхий суурь бүтцийн байгууламжууд баригдана. Төмөр замын эхний 60 км дээр очиход, гүүр барьж байгаа компанийн талбай руу ус орж ирсэн ч усыг гаргаж цэвэрлэн хугацаа авч байгаагаас өөрөөр төмөр замын ажилд хүндрэл учирсан зүйл ажиглагдсангүй. Төмөр замыг анхныхаа төсөвт багтаагаад хийнэ гэдгээ Монголын төмөр зам төрийн өмчит компанийнхан хариуцлагатайгаар хэлж байсан юм.

20 гаруй гүний худгийг малчдад хүлээлгэж өгнө

Шинээр баригдаж буй төмөр замын трассын дагуй 20 гаруй гүний худаг гаргажээ. Худгууд 160-250 метрийн гүнээс гарна. Үйлдвэрийн зорилгоор нэг секундэд зургаан литр ус гарах зориулалттай. Төмөр замын ажил дуусаад гүний худгуудыг орон нутагт нь хүлээлгэн өгнө.

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д улсад шинээр баригдах төмөр замыг гурван үе шаттайгаар, нийт 6600 гаруй км төмөр зам барихаар заасан бөгөөд үүний эхний үе шатанд баригдах 1100 орчим км төмөр замын хэсэгт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахаар тусгажээ. Төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг Монголын төмөр зам ТӨХК-д олгосон.

Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар жилд 15 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ. Төмөр замын газар шорооны ажлын талбарт 6000 орчим хүн, 4000 орчим машин механизмын хүчин чадалтайгаар ажиллаж байгаа аж. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ-руу экспортлох шинэ гарц бий болж, тээврийн зардал дөрөв дахин багасаж, 1000 гаруй ажлын байр шинээр нэмэгдэх зэрэг эдийн засгийн үр өгөөжүүдийг дурдвал олон. Мөн нэг зөрлөгт ажилчдын тав тухыг бүрэн хангасан дэд бүтцийн болон интернетийн шугам сүлжээг бүрэн шийдсэн 1-2 өрөө бүхий 13 айлын орон сууц болон технологийн дэвшлийг нэвтрүүлсэн техник, орчинтой оффис баригдаж, ашиглалтад оржээ. Харин дараагийн өртөөнд 40 айлын орон сууцтай зөрлөг баригдана. Төмөр замын ажилчид нийгмийн асуудлыг нь цогцоор шийдэж, ажиллах боломжоор бүрэн хангаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд байх ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар эдийн засгийн эргэлтэд орно. Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрсийг ОХУ, БНХАУ руу экспортлох шинэ гарц бий болгох ба төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөө үзүүлэх төмөр замын чиглэл болно. Энэхүү төмөр замыг барьж одоо байгаа дотоодын төмөр замын сүлжээгээр дамжуулан Орос, Хятадын төмөр замын сүлжээнд холбогдох, цаашлаад далайн боомтод хүрэх бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятад, Солонгос, Японы зах зээлд хүргэх боломжтой болно.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.24.3) 2020 оны 10 сарын 08

Мтз ххк цалингаа өгөхгүй байна

0  |  0
Zochin(64.119.20.166) 2020 оны 10 сарын 02

Сайншанд руу ачааны галт тэрэг явахаар суулт өгөх аяддаг. Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан гэж ярьдаг

0  |  0
Зочин(66.181.180.216) 2020 оны 08 сарын 25

Эртний хотууд бул чулуугүй газарт боссон. Бул чулуугүй газарт суулт өгдөггүй технологыг монголд.

0  |  0
иргэн(202.9.46.94) 2020 оны 08 сарын 24

монголчууд бүтээн байгуулж чаддаг л юм байна. та нараараа бахархаж байна. амжилт хүсье.

0  |  0
Том ах(139.5.218.27) 2020 оны 08 сарын 24

Женко мундаг . Хүрэлсүх ”0”

0  |  0
Top