АНУ-ын Нью Йорк мужийн Засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх газар Домогт “The Beatles” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Жон Ленноны амийг 1980 онд буудаж хөнөөсөн Марк Чэпмэнийг хугацаанаас нь өмнө суллах хүсэлтэд 11 дэх удаа татгалзсан хариу өгчээ.
Өдгөө 65 настай 20 жил хоригдсоны эцэст 2000 онд хугацаанаас өмнө суллагдах эрх олж авчээ. Тэрбээр хоёр жилийн дараа дахин ийм хүсэлт тавих эрхтэй. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Чэпмэнийг суллахын эсрэг Ленноны бэлэвсэн эхнэр Йоко Оно /87 настай/ эсэргүүцэж байгаа юм. Тэрбээр тус газарт өөрийн байр суурийг илэрхийлсэн захидал хүргүүлсэн байна.
1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Жон Леннон эхнэрийн хамт гэртээ харих замд нь Чэпмэн домогт хөгжимчний араас таван удаа буудсан бөгөөд Леннон эмнэлэгт хүргэгдэх замдаа цус их алдсаны улмаас нас баржээ. Үүнээс хэдхэн цагийн өмнө Жон Леннон Чэпмэнд өөрийн гарын үсэг бүхий “Double Fantasy” цомгоо гардуулж байсан байна. Жон Ленноныг чандарлаж, чандрыг нь Нью Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнд цацжээ. Шүүх Чэпмэнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэн, бүх насаар нь хорих ял оноож байв.
Сэтгэгдэл ( 0 )