Үхрийн цул мах 9500 төгрөг болж БУУРЧЭЭ

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Махны үнэ зургаадугаар сард огцом нэмэгдсэн. Харин сүүлийн нэг сар махны үнэ буурсан үзүүлэлттэй байна. Иймд махны үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Хүчит шонхор" захаас бэлтгэн хүргэж байна.

Зургаадугаар сард "Хүчит шонхор" зах дээр үхрийн мах дунджаар 12000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол өнөөдрийн байдлаар хаа нурууны үхрийн цул мах 9500 төгрөгөөр, гуяны цул мах 10500-13000 төгрөгөөр, үхрийн сээрний цул мах 11000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Харин адууны цул мах 8000 төгрөгөөр, адууны ястай мах 7500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ямааны цул мах зургаадугаар сард 11200 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол сүүлийн нэг сар ямааны цул мах 8000, ястай мах 7500 төгрөг болж буурчээ.

Хонины ястай мах 7500, хонины цул мах 8300, хонины сүүлийг 7500 төгрөгөөр борлуулж байна.

"Хүчит шонхор" захын худалдагчаас махны үнэ борлуулалтын талаар төдруулахад тэрбээр “Өдөрт ойролцойгоор 150 кг мах зардаг. Өчигдөр, өнөөдөр хоёр өмнөх өдрүүдээс махны эрэлт хэрэгцээ их, худалдан авалт сайн байна. Ерөнхийдөө наадмаас хойш махны үнэ буусан” гэж хэлж байлаа. Хонины мах зардаг лангуу гэхэд өдөрт 20 хонины мах зардаг байна. Хүмүүсийн хувьд өег амт чанар сайтай гэх үүднээс хонины цул махыг ихээр авч байлаа.

Худалдан авагч Н.Туул "Нэг үеэ бодоход буусан. Бөөний үнээр нь авч байгаа болохоор гайгүй байна. Манай гэр бүл ам бүл дөрвүүлээ амьдардаг. Арав гаруй килограмм мах авахад 14 хоногоо даачихдаг. Махны үнэ ингээд тогтчихвол уг нь зүгээр байна" гэж байлаа. 

"Хүчит шонхор" захын ард байрлах малын дайвар бүтээгдэхүүний хэсэгт очиход өглөөдөө хөл хөдөлгөөн ихтэй байв. Худалдагчаас дайвар бүтээгдэхүүний үнийн талаар тодруулахад, үхрийн зүрх 3500төгрөг, үхрийн элэг 2000 төгрөг, үхрийн гүзээ 3500 төгрөг, хонины зүрх 3000 төгрөг, адууны зүрх 1500 төгрөг, умс кита 3500 төгрөг, үхрийн хэл 10000 төгрөгөөр худалдаж байгааг хэлэв. Харин элэг, уушиг, бөөрийг жижиг уутаараа 800-аас 1000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 500 төгрөгөөр худалдаалж байна.

Дайвар бүтээгдэхүүний худалдан авалтын хувьд өдөртөө дунджаар 100 хонь, арваад үхрийн гэдэс дотор зарагддаг байна. Дайвар бүтээгдэхүүнээс гадна хамгийн эрэлттэй, хурдан зарагдаж байсан нь хонины толгой байв. Нэг хонины толгой 500 төгрөгөөр худалдаалагдаж байсан төдийгүй жижиг "Портер" машины ард ачсан хонины толгой "Хүчит шонхор" захын гаднаас нэг цаг гаруй хугацаанд л зарагдаад дуусчихаж байлаа. 


Ч.Нандинцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top