СУРВАЛЖИЛГА: Махны үнэ нэмэгдэж, 18 мянга хүрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 10

Махны үнэ магнаг болж 18 мянган төгрөг хүрлээ гэж иргэд шуугьж байгаа энэ үед махны үнийг сурвалжиллаа. “Хүчит шонхор” зах дээр хөдөө орон нутгаас ирсэн малын махыг ченжүүд дамлан худалдаалдаг. Махны төвлөрсөн цэг болсон энэ захаас иргэд төдийгүй аж ахуйн нэгж, худалдааны төвүүд мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүнээ базаадаг. Наранд хайлж, гялайсан тослог хар замаар түрдэг тэрэг дээр гулууз мах ачсан, цэнхэр хормогчтой шалмаг залуус “Гаднын хүн орохыг хориглоно” гэсэн мах эвдэх хэсэг рүү орж гарна. Хажуугийн чингэлэгт дүүжлэн өлгөсөн гулуузууд урин дулаан цаг болж байгаа гэсэндээ бага зэрэг өөх суужээ. Нэг килограмм нь 8800-9200 төгрөг гэх бөгөөд 21-22 килограмм татна гээд бодоход 200 мянган төгрөг болох нь.


ӨНГӨРСӨН ЖИЛИЙН МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ҮХРИЙН МАХ 3000-5000 ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ

Захын зүүн жигүүрт байрлах бог малын махны тасагт цэнхэр халаадтай худалдагч нар өндөлзөн угтав. Залуу хос ямааны цул мах авах гэсэн бололтой. Нэг килограмм нь есөн мянган төгрөг, ястай мах нь 8500 төгрөгийн үнэтэй гэх сонсогдов. Эхнэр нь хонины мах авъя гэв. Хажуугийн тасагт хонины мах цул нь 11 мянган төгрөг, ястай мах 10 мянган төгрөг төгрөг гэж байлаа. Хоёр мянган төгрөгийн зөрүүнд горойгоод яах вэ гэж нөхрөө ятгах аж. Залуу хосын эмэгтэй нь болох иргэн А “Хүүхдийн баярын үеэр хонины мах 10 мянган төгрөг гэж байсан. Даруй 1000 төгрөгөөр нэмэгджээ. Долоо, долоо хоногоор мянга, мянгаар нэмэгдээд байвал бид чинь яаж амьдрах юм бэ” гэж халаглав. Аргаа ядаад тахианы мөч хямдхан учраас авч иддэгээ ч нуусангүй. Залуу гэр бүл заримдаа цагаан хоол хийж хонох нь ч энүүхэнд аж. Үнэхээр “Хүчит шонхор” захад тахианы мөч 6500 төгрөг байх агаад худалдан авагч ч багагүй байв. 

Захын баруун жигүүрт байрлах бод малын махны тасагт үхрийн цул мах 13-14 мянган төгрөг, ястай нь 12 мянган төгрөг, адууны мах наймаас есөн мянган төгрөг байлаа. Махны худалдагч эмэгтэй үхрийн мах хоёр хоногийн өмнө 16 мянга болоод буусан тухай ярингаа хутгаа ирлэнэ. Ноднин өдийд үхрийн цул мах 10-12 мянган төгрөг байсан бол жилийн дараа 3000-5000 мянган төгрөгөөр өсжээ. Үхрийн мах авч буй иргэн М-ээс сэтгэгдлийг нь сонсоход ”Махны үнэ арай л биш ээ. Аргагүй эрхэнд л авч байна. Ямар цагаан хоолтон бололтой нь биш. Цалингийн ихэнх хувь нь маханд явчихаж байна. Өчнөөн сая малтай байж ард түмэн нь ямар ч малгүй улс шиг л хагас өлсгөлөн байх юм. Махны ченжүүд л нугалаа гаргаж үнэ нэмээд байдаг юм уу хаашаа юм” гэж толгой сэгсрэв. Манай улс 70 гаруй сая малтай бөгөөд нэг хүнд ноогдох малынхаа тоогоор дэлхийд толгой цохих улс. Гэтэл өнөөдөр нийслэлчүүд цалингийнхаа талаас илүү хувийг маханд зарцуулж байгаа нь нууц биш. Таван гишүүнтэй нэг гэр бүлийн сарын махны хэрэгцээ дунджаар 400 мянган төгрөг болж байгаа талаар ч мөнөөх иргэн дуу алдаж байсан юм. Сар бүр гар дээр нь 700 мянган төгрөг арай чүү бэлнээр авдаг, ганцаараа ажил хийдэг хүнд бусад хэрэгцээгээ хэрхэн зохицуулах нь толгойны өвчин болоод байгаа нь ч хаа сайгүй билээ.

Захын хойд хэсэгт байрлах дайвар бүтээгдэхүүний тасагт хонины хуйхалсан толгой дөрвөн мянган төгрөг, адууны зүрх 6500, умс 5500, үхрийн гүзээ 6500, арилгаж бэлдээд гүзээнд нь савласан хонины гэдэс 15 мянган төгрөг, хонины элэг гурван мянган төгрөг гэж байлаа. Энэ тасагт ихэвчлэн хөгшид, эмгэд худалдан авалт хийж байлаа. Зарим нь таван цулын юм юмнаас нь ууталсан 1500 төгрөгийн гэдсийг нохойны хоолондоо авч байхад зарим нь элэг, зүрхнээс нь сорчлон хоолондоо ч авч байгаа харагдана. Хонины элэг аваад сүүлний өөхтэй хуураад идэхэд маханд жийрэгтэй гэж нэгэн эмээ хөтөлж яваа хүүдээ хэлж байна лээ. Үүр цүүрээр ченжүүд бужигнаж, худалдаачид шаагил­даж байгаад өдөр хавьцаа эл хуль болдог “Хүчит шонхор” худалдааны төвөөс “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.

ЯМАР БИД ЗАГАС ЖАРААХАЙ, ДУН ХЯСАА ИДДЭГ ХЯТАД, ЯПОНЧУУД БИШ ДЭЭ

“Бөмбөгөр” худалдааны төв харьцангуй хүн ихтэй байв. Махны тасагт үхрийн цул мах 15500 төгрөг, ястай мах нь 13500 төгрөг гэж байв. Харин хонины цул мах 12500 төгрөг, ястай мах нь 12 мянган төгрөг гэж байгаа нь “Хүчит шонхор” захаас 1000-1500 төгрөгөөр үнэтэй байлаа. Иргэн Б “Хүнсээ цуглуулаад явж байна. Манайх ам бүл олуулаа. 14 хоногтоо нэг удаа хүнсээ бэлддэг. Махгүй бол монгол хүн байж чадахгүй шүү дээ. Бид махны үнээ хямд байлгах өргөн боломжтой. Ямар загас жараахай, дун хясаа иддэг хятад, япончууд байгаа биш” гэсэн бол иргэн Д “Би тэтгэврийн ахмад настан. Махны үнэ сүүлийн үед хэтэрхий гаарч байна. Өвлөөс бусад улиралд килограммын мах худалдаж авч иддэг. Дулаан орох тусам махны үнэ буумаар юм. Сонгуульд зарцуулж байгаа тэр их мөнгөөрөө махны үнийг буулгах бодлого баримталмаар юм” гэж бухимдаж байв.

Нийслэлийн төвдөө орох “Меркури” захаас махны үнийг үргэлжлүүлэн судлахад хонины ястай, ясгүй мах адилхан 13500 төгрөгийн үнэтэй байв. Харин үхрийн цул мах 17500 төгрөг бол ястай мах 15500 төгрөгийн үнэтэй байлаа. “Номин” супермаркетын махны тасагт үхрийн цул мах 15-17 мянган төгрөг, хонины цул мах 12 мянгаас13500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь иргэдийг аргагүй бухимдуулж, халаасыг нь хоослох шалтгаан болж байна. Тэр бүрийд Дэнжийн мянга руу харайлгаад байж чадахгүй иргэд ойрчлоод дэлгүүрээс махаа авдаг. Өдөр бүр атгахан мах жинлүүлэхэд 10, 10 мянгаар нь сэгсрээд байвал яаж амьдрах билээ. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан махны үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн махыг худалдаанд нийлүүлж байгаа ч амт шимтгүй, хальс голдуу нөөцийн махыг тоож идэж, тонгойж авах хүн одоо бол цөөхөн байна. Зуны дэл­гэр цаг ирчихээд байхад хаврын ядаргаагаа тайлж, шинэ шөл оочлохыг хэн хэнгүй л бодолгүй яах вэ. Гэтэл махны үнэ улам л өсөж, мах гэхээр манасхийдэг болчих гэж.

А.СҮГЛЭГМАА, А.АМАРТҮВШИН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(192.82.76.196) 2020 оны 06 сарын 11

Сда өвс тэжээлгүй бэлчээргүй гэж үхэл ханхлуулж байхаар 20 сая малаа нядлаач малчин мянгат даварсан татвараас чөлөөлөгдсөн шулаач даа чэнжүүд өсгөөд байна л гэнэ нэг дахин нугалаад зарвал гэж дээ

0  |  0
Ухо яма(103.111.68.3) 2020 оны 06 сарын 10

Ухна ямаа махнаас гарч байцаа лууван иддэг болсон гэсэн.

0  |  0
z(59.153.113.133) 2020 оны 06 сарын 10

70say maltai gh,,ulaan said yu hiij b.aa hvrelsvh songuuli huuj bhaa ajlaa hiigeechee

0  |  0
God(66.181.168.131) 2020 оны 06 сарын 10

Talhaa id

0  |  0
Иргэн(66.181.161.75) 2020 оны 06 сарын 10

Яана даа гадны эрхшээлд ингэж ч орох гэждээ эрх баригчид мэдэж л баймаар амьдралаас арай ч тасарчаагүй дарангуйлагч нийгэм биш билүү.нөгөө ардчилал хаана бна аа.

0  |  0
MAN MAH-AA SHIIDEE(182.160.38.163) 2020 оны 06 сарын 10

MAHNII UNIIG BUULGAHGUI BOL MAN-D DUNG N TAVIAD BUU SONGO MONGOLCHUUDAAA

0  |  0
зочин(202.179.27.73) 2020 оны 06 сарын 10

хүрэлсүхээ ард түмнээ бодохгүй бол махаа авч чадахаа байлаа.чадахгүй бол сонгохгүй шүү

0  |  0
МАН-ЫГ БҮҮ СОНГО !(192.82.71.165) 2020 оны 06 сарын 10

ШӨХТГ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ !!! ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ !!! КОРОНАГААР ДАЛИМДУУЛЖ АРД ОЛНЫГ ТУШЧИХААД ХҮРЭЛСҮХ НИСДЭГ ТЭРЭГ ХӨЛӨГЛӨН ЭНД ТЭНДГҮЙ СОНГУУЛЬДАЖ АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙГАА ГАЙХАН ШОУДАЖ ТАРХИ УГААЖ ЯВНА !!!

0  |  0
Top