ШАРИТЕ: Алексей Навальныйг “новичок”  хороор хордуулсан

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг “новичок” бүлгийн  хороор  хордуулсан болох нь шинжилгээгээр батлагдлаа гэх мэдээллийг Германы  “Шарите” эмнэлгээс өгснийг CNN мэдээллээ. Алексей  Навальный Берлин дэх “Шарите” эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүнд байдалтай хэвээр байна.

Алексей  Навальный улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагааны золиос болсон уу гэдэг асуудал анхаарал татаж буйг мэдээлэлд онцолжээ. Германы канцлер Ангела Меркель өчигдөр буюу лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "ОХУ-ын  Засгийн газраас хариулт өгөх ёстой маш ноцтой асуудлууд байна” гэжээ.

Навальный ОХУ-ын төр засгийн бодлогыг хүчтэй шүүмжилж, авлигын эсрэг компанит ажлыг олон жил хийснээр олон хүчтэй  дайсантай болсон. Навальныйг дэмжигчид  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинг уг хэрэгт холбоотой гэж үзэж байгааг мөн онцолжээ.

Сануулахад, Алексей  Навальный өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр Томскоос Москва руу онгоцоор нисэж явах үедээ эрүүл мэндийн байдал нь  муудаж, онгоц Омск хотод газардсан юм. Тухайн үед түүнийг хордуулсан байж болзошгүй гэх мэдээллийг ТАСС мэдээлж байв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top