Хүн амины хэргээр ял авсан Шри Ланкагийн улстөрч парламентын гишүүний тангараг өргөсөн анхны ялтан болжээ.
Эрх баригч Подужана Перамуна намаас нэр дэвшиж, сонгогдсон Премалал Жаясекара /45 настай/ цагдаагийн хамгаалалт дор хорих газраас ирж, тангараг өргөсөн байна. Тэрбээр сөрөг хүчний дэмжигчийг өмнөх 2015 оны сонгуулийн сурталчилгааны үеэр буудаж, хөнөөсөн хэргээр өнгөрсөн долоодугаар сард ял авчээ. Түүнийг шүүх хурал дараагийн буюу 2020 оны сонгуульд нэр дэвшснээс хойш болж, ял авсан тул тэрбээр сонгуульд дахин оролцох боломжтой байсан төдийгүй ялалт байгуулсан байна. Наймдугаар сарын 20-нд Шри Ланкагийн парламент анхны чуулганаа хийх үеэр хорих газар түүнийг гаргахаас татгалзсан тул Премалал Жаясекара шүүхэд ханджээ. Өнгөрсөн даваа гарагт /2020.09.07/ шүүх харуул хамгаалалтын дор түүнийг чуулганд оролцож, парламентын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж олгосон байна. Сөрөг хүчний гишүүд Премалал Жаясекара тангараг өргөхийг эсэргүүцэж хар алчуур зүүж, зарим нь хурал хаяж гарчээ. Чуулганы дараа Премалал Жаясекараг эргэн хорих газар руу аваачих юм.
2001 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдсон Премалал Жаясекара 2015 оны нэгдүгээр сард өрсөлдөгч намын сонгуулийн сурталчилгаа болж байсан тайзан дээр гарч, гал нээсний улмаас нэг хүн амь үрэгджээ. Тэрбээр шүүхээс оноосон цаазаар аваачих ялыг давж заалдсан байна. Шри Ланкад цаазын ялыг өнөө хэр оноодог ч 1976 оноос хойш ганц ч удаа гүйцэтгээгүй байна.
Шри Ланкад Жаясекара нь хорих газраас парламентын чуулганд ирж, оролцож буй цорын ганц хууль тогтоогч биш аж. Зүүн мужийн сайд асан Сиванесатурай Чандракантан гэгч өнгөрсөн наймдугаар сарын сонгуулиар мөн сонгогдсон бөгөөд түүнийг мөн л хүн амины хэргээр шүүх юм.
Сэтгэгдэл ( 0 )