Шри Ланка ДЕФОЛТ болсноо албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Шри Ланкагийн эрх баригчид тус улс дефолт болсныг хүлээн зөвшөөрч, зарлалаа. Учир нь тус улс гадаад өрийн эргэн төлөлтөө гүйцэтгэж чадахгүй хэвээр байна гэж “Financial Times” Шри Ланкагийн Төв банкны тэргүүн Нандалала Вирасингхег дурдан мэдээллээ. 

Өнгөрсөн пүрэв гарагт (2022.05.19) гадаад өрийн эргэн төлөлтийн хугацаа дууссан тул тус улсыг дефолт болсныг зарлах бүрэн үндэслэлтэй гэж тэрбээр мэдэгджээ.

Шри Ланкад үүссэн нөхцөл байдлыг найдваргүй гэж үзэж байна. Тус улс даяар хүмүүс шатахуун түгээгүүрийн станцуудад урт дараалал үүсгэн зогсож байгаа ч бензин хаана ч алга байна. Шри Ланкагийн шинэ Ерөнхий сайд Ранила Викрамасингхегийн мэдэгдсэнээр, шатахууны хомсдлын улмаас Засгийн газар цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүйд хүрээд байна. Тэрбээр айл өрхүүдэд нийлүүлэх цахилгааныг өдөрт 15 цагаар таслахыг үгүйсгээгүй байна. Гэтэл энэ нь асуудлын зөвхөн нэг тал. Арлын иргэд хүнс, наад захын хэрэглээний бүтээгдэхүүний хурц хомсдолтой нүүр тулаад байна.

Шри Ланкагийн санхүү, эдийн засгийн сүйрэл тус улсын хувьд 1948 онд тусгаар тогтносноос хойш тулж буй хамгийн хүнд сорилт болж байна.

Хямралын гол шалтгаан нь коронавирусний цар тахал. Үүний улмаас Шри Ланкагийн төсвийг бүрдүүлдэг гол салбар болох аялал жуулчлалын салбарт хүнд цохилтод орсон. Гаднын жуулчдын тоо эрс багассанаар 2021 оны сүүл гэхэд тус улс гадаад валютын нөөцөө шавхжээ. Үүний сацуу Засгийн газрын газар тариалангийн салбарт явуулсан үр дүнгүй бодлого, үр өгөөжгүй хөрөнгө оруулалт нь дефолтод хүргэсэн бас нэг хүчин зүйл гэж шинжээчид дүгнэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын тус улс гадаад өрийн эргэн төлөлтөө түр зогсоож, гадаад өрийн дефолт зарлаж байсан билээ.

Шри Ланкагийн гадаад өрийн хэмжээ 51 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин энэ удаад эрх баригчид Шри Ланкаг дампуурсныг албан ёсоор хүлээн зөвшөөрч байна.

Шри Ланкагийн Засгийн газар санхүү, эдийн засгийн энэ шуурганаас хөлөг онгоцоо ямар ч аргаар гаргахаар хичээж байна.

Тухайлбал, Дэлхийн банкнаас 160 сая ам.долларын санхүүгийн тусламж авах тохиролцоонд хүрчээ. Гэвч энэ өчүүхэн хэмжээний тусламж нөхцөл байдлыг тогтворжуулахад хаана нь ч хүрэхгүй. Тус улсын шинэ Ерөнхий сайд Ранила Викрамасингхе засгийн газрын зардлыг хоёр дахин бууруулж, гаднын тусламж, дэмжлэгт найдлага тавьж байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь өвдөг сөхөрсөн эдийн засгийг хөл дээр нь босгож чадах эсэхийг зөвхөн цаг хугацаа, тодруулбал, ойрын хэдэн сар харуулна гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (192.82.78.141) 2022 оны 05 сарын 21

Ийм маанаг улсууд гадаадад элчингүүд байгуулж, олон дипломатчдад доллар үрээд суудаг юм.

0  |  0
Top