АНУ найтаахад, дэлхий ханиадаг. АНУ дефолт зарлах уу?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 09

АНУ түүхэндээ анх удаа дефолтын ирмэгт тулж ирээд байна. Нэгдүгээр сараас эхлэн Конгресс засгийн газрын өрийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсаар байна. Нэг сарын дараа гэхэд дэлхийн хамгийн баян улс төлбөрөө төлж чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлд ороод байна. АНУ дефолт зарлахад хүрч, дэлхий дахинд хямрал үүсгэнэ. 

АНУ ягаад ийм байдалд оров? 31.4 их наяд ам.долларын өрийн дефолт болох уу? 

АНУ-д мөнгө байхгүй юу?

Үгүй. АНУ мөнгөтэй. Гэхдээ тус улс төсвийн орлогоосоо илүүг зарцуулдаг. Төсвийн алдагдлаа өр тавьж, нөхдөг. Конгресс алдагдалтай төсөв баталсан ч өдгөө өр тавихыг зөвшөөрөхгүй байна. Асуудал нь гадаад өрийн дээд хэмжээг хуулиар хязгаарласантай холбоотой. Өрийн таазанд аль нэгдүгээр сард хүрсэн. Гэвч энэ асуудлыг төсөвт тодотгол хийхийн оронд улс төрийн наймаа хийх хэрэгсэл болгоод байна. Конгрессын доод танхимд олонхыг бүрдүүлсэн Бүгд найрамдах нам, дээд танхим болон Цагаан ордныг хянадаг ардчилсан намын зүгээс буулт хийхээс нааш өрийн таазыг нэмэгдүүлэхээс татгалзаад байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 9-нд бүгд найрамдахчуудтай уулзалт хийх амлалт өгсөн ч хязгаарыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхгүй хэмээн анхааруулав. Харин тэр болтол сангийн яам нь дансанд нь хуримтлагдсан болон татварын орлогоор амиа зогоосоор. Харин шинэ өр тавилгүйгээр зургаадугаар сард хүнд асуудалтай тулгарч, гадаад өрийн төлбөрөө зогсоохоос өөр аргагүйд хүрнэ. Ийм байдал өмнө нь тус улсын түүхэнд гарч байгаагүй. Өрийн дефолт эдийн засгийн болон санхүүгийн сүйрэлд хүргэнэ хэмээн сангийн сайд Жанет Йеллен анхааруулаад байгаа. 

АНУ-ын дефолт дэлхийд ямар үр дагавар авчрах вэ? 

Дэлхийн санхүүгийн систем ам.долларын өрийн дефолт хэзээ ч зарлахгүй гэсэн итгэл дээр тогтдог. Учир нь АНУ өөрсдөө ам.долларыг хэвлэдэг. АНУ-ын гадаад өр нь дэлхийн хамгийн гол нөөц актив юм. Учир нь хуримтлалын 60 орчим хувь ам.доллароор хадгалагддаг бол еврогийн эзлэх хувь 20, иен болон фунтынх тав, юанийнх гурван хувь байдаг байна.

АНУ-ын дефолт урт хугацаанд санхүү, эдийн засгийн ноцтой үр дагаврыг дагуулна. Дефолт зарлах нь бүү хэл өрийн төлбөрөө хийхгүй байхад л зах зээл нурж, хүн амын орлогод цохилт өгөх аюултай хэмээн Цагаан ордны эдийн засагчид сэрэмжлүүлж байна.

Санхүүгийн зах зээл АНУ-д итгэх итгэлээ алдаж, ам.долларын ханш унаж, хувьцааны үнэ огцом буурна. АНУ-ын зээлжих эрх буурах нь дамжиггүй хэмээн Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөл хоёр жилийн өмнө өрийн таазыг торсон маргаан дэгдэх үеэр анхааруулж байв. АНУ найтаахад дэлхий ханиадаг. Үүнийг 2008 он харуулсан. Тухайн үед АНУ-ын санхүүгийн хямрал дэлхийн эдийн засгийг буурахад хүргэж, улмаар дэлхий дахинд сэргэлт авахад бүхэл бүтэн арван жил шаардагдсан. 

Эдийн засгийн ухралт өнөөдөр хамгийн их хэрэггүй. Дэлхий дахин ковидын хямралаас гараагүй байна. АНУ-ын дараа ордог дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс дөнгөж сэргэж байгаа бол гуравт ордог Европын эдийн засаг эрчим хүчний хямрал болон Украины дайнаас болж “халуурч” байна. 

Сүйрлээс зайлсхийх боломжтой юу? 

Хамгийн энгийн арга бол өрийн таазыг нэмэгдүүлэх эсвэл бүр үгүй хийх арга. Харин үүний тулд Конгрессын зөвшөөрөл хэрэгтэй. 

Байдены засгийн газар 31.4 их наяд ам.долларын үнэтэй асуудлаа шийдэх боломжтой. Конгресс “ногоон гэрэл” асаагүй байсан ч дефолтоос зайлсхийх боломжтой. Тухайлбал, Үндсэн хуулийг бамбай болгон ашиглах боломжтой. АНУ-ын Үндсэн хууль өрийн төлбөрийг хийхийг үүрэг болгодог. Тиймээс сангийн яам Үндсэн хуулиар халхавчлан өр тавьсаар байх боломжтой. Гэвч энэ арга шүүх рүү хөтөлж, сангийн яамны технократуудыг бүгд найрамдахчууд болон ардчилсан намынхны улс төрийн тулааны оролцогчид болгоно. 

Сангийн яам “цуглуулгын” цагаан алтан зоос гаргах эрхтэй. Нэг их наяд ам.долларын өртөгтэй зоос ч байж болно. Үүнийгээ барьцаалж, Төв банкнаас зээл авах эрхтэй. Гэсэн ч энэ асуудал улс төрийн агуулгатай тул АНУ-ын Холбооны нөөцийн сан хараат бус байдлаа асуудалд оруулахгүйн үүднээс зоосыг хүлээж авахгүй байх эрхтэй. 

Асуудал хэзээ, хэрхэн шийдэгдэх вэ? 

Асуудлыг шийдэх цорын ганц үр дүнтэй арга бол өрийн таазыг яаралтай нэмэгдүүлэх, алга болговол бүр сайн гэж Брукингийн хүрээлэнгийн эдийн засагч Вэнди Эделберг, Луиза Шайнер нар үзэж байна. Нөхцөл байдлыг эдийн засаг, санхүүгийн талаас авч үзсэн ч эцсийн дүндээ энэ бол улс төрийн асуудал. Улстөрчид асуудлыг бий болгоод зогсохгүй бүр хурцатгасан. Тиймээс тэд л асуудлыг шийдэж чадна. Улс төрийн аргаар л шийдэх боломжтой. Өөр зам үгүй гэж шинжээчид дүгнэж байна. 

АНУ хэзээ ч дефолтод хүрч байгаагүй. Гэхдээ өнөөдрийнх шиг өрийн таазанд тулсан ч Конгресс “ногоон гэрэл” асаахаас татгалзаж байсан нөхцөл байдал хэд хэдэн удаа үүсэж байсан. Эцсийн дүндээ өрийн таазыг нэмэгдүүлж эсвэл үйлчилгээг нь түр зогсоож байсан. Гэхдээ үр дагаваргүй өнгөрч байсангүй. 2011 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа, Ардчилсан намын Сенат, Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын тулаан эцсийн мөч хүртэл үргэлжилж байв. Дефолтын аюул маш бодит байсан тул үнэт цаасны зах зээл үймж, АНУ-ын зээлжих эрхийг буруулж байсан билээ. 

Дефолт нь АНУ-ын төсвийн хямралын бас нэг хэлбэр болох “шатдаун”-тай харьцуулахад илүү ноцтой. Шатдаун зөвхөн төсвийн байгууллагуудын зардалд хамаатай. Өнгөрсөн хугацаанд “шатдаун”-ы хорь гаруй тохиолдол гарч байсан ч нэг ажлын хоног үргэлжилж, анзаарагддаггүй. “Шатдаун”-ы эдийн засгийн үр дагавар нь дефолттой харьцуулахад бүдэгхэн сүүдэр юм гэж Цагаан ордон анхааруулж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top