Шри Ланкагийн Улсын эмнэлгийн ажилтнуудын холбооны ерөнхий хороо тус улсад нүүрлэсэн эмийн хомсдолтой холбогдуулан эрүүл мэндийн салбарт онц байдал зарлажээ.
Тус холбооны нарийн бичгийн дарга Шенал Фернандо энэ шийдвэрийг өвчтөнүүдийн амь насыг хамгаалахын тулд гаргасан гэж тайлбарлажээ. Тэрбээр Засгийн газар ард иргэдийг шаардлагатай эм, эмийн бүтээгдэхүүнээр хангахын тулд бусад салбарын төсөл, хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг танах ёстой гэж мэдэгдсэн байна. Эмийн хомсдол Засгийн газрын буруутай үйл ажиллагаа, өнөөгийн эдийн засгийн хямралаас үүдэлтэй гэж үзэж байна.
Шри Ланка улс 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш тохиож буй хамгийн хүнд эдийн засгийн хямралтай нүүр тулаад байна. Хямрал коронавирусний цар тахлын улмаас гаднын жуулчдын урсгал эрс багассанаас үүдэн гадаад валютын хомсдолд орж, улмаар хангалттай хэмжээний шатахуун импортлох боломжгүй болсонтой холбоотой. Үүний сацуу гадаадад ажилладаг Шри Ланкагийн иргэдээс шилжүүлдэг мөнгөний урсгал мөн багассан байна. Тус улсад хүнс, шатахуун, байгалийн хийн хомсдол нүүрлээд байна. Тус улсын ихэнх мужид цахилгааны хязгаарлалтад ороод байна.
Сэтгэгдэл ( 0 )