Нобелийн долоо хоног анагаах ухааны салбарын шагналтныг тодруулснаар эхэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Энэ жилийн ээлжит Нобелийн долоо хоног өнөөдөр /2020.10.05/ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг тодруулснаар эхэлнэ. Энэ сарын 6-нд физик, 7-нд хими, 8-нд уран зохиолын салбарын Нобелийн шагналын эзэд тодрох бол 9-нд Нобелийн энх тайвны шагналын эзнийг нэрлэх юм. Шведийн банкнаас бий болгосон Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзнийг энэ сарын 12-нд тодруулна.

Алфред Нобелийн гэрээслэл ёсоор, физиологи, анагаах ухааны шагналтныг дэлхийн боловсрол, анагаахын шинжлэх ухааны шилдэг төв болох Стокхолм дахь Каролинагийн дээд сургууль тодруулдаг. 1901 оноос хойш анагаах ухааны Нобелийн шагналыг нийт 110 удаа гардуулсан бол 219 хүн энэ нэр хүндтэй шагналын эзэн болж байжээ. 1923 онд инсулинийг нээсэн Фредерик Бантинг 32 насандаа Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу эрдэмтэн бол хорт хавдрын генийн вирусийг нээсэн Пейтен Роус 87 насандаа анагаах ухааны Нобелийн шагналыг 1966 онд хүртэж, энэ салбарын хамгийн өндөр настай Нобелийн шагналтнаар тодорчээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Нобелийн насан өөд болсон өдөр буюу аравдугаар сарын 10-нд болдог бөгөөд нэр хүндтэй шагналын эзэд Шведийн хаан Карл XVI Густавын гараас Нобелийн хөрөг бүхий алтан медаль, дипломын хамтаар гардан авдаг. Энэ жил коронавирусний цар тахлын улмаас уламжлалт ёслолын ажиллагаа шинэ буюу онлайн хэлбэрээр явна. Энгэрийн тэмдэг, дипломыг тухайн орон дахь Шведийн элчин сайдын яамаар дамжуулан эсвэл өмнө шагнал хүртэж байсан эрдэмтдээс гардан авах гэнэ.

Энэ жил Нобелийн шагнал нэг сая кроноор нэмэгдэж, нийт 10 сая крон буюу 1.11 сая ам.долларын мөнгөн шагнал дагалдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top