Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын дэргэдэх Дэлхийн хүнсний хөтөлбөр хүртлээ.
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын бэрх цаг, улс, орнуудад болж буй мөргөлдөөний уршгаар хүнсний дутагдалд орсон бүс нутгуудад дэмжлэг үзүүлснийх нь төлөө дээрх шагналыг олгосон байна.
Италийн Ром хотод төвтэй дээрх байгууллага нь дэлхийн 88 орны 97 гаруй сая иргэнд туслах хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.
“Энэ бол олон талт хамтын ажиллагааны үр дүнд олон улсыг нэгтгэсэн хөтөлбөр хэрэгжүүлж чаддаг гайхалтай үйлс. Үүнийг бид үнэлэхээс өөр аргагүй” гэж Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Райсс-Андерсен ярьжээ.
Өнгөрсөн жил Нобелийн энх тайвны шагналыг Этиоп улсад үүссэн хилийн мөргөлдөөнийг намжаахад гаргасан үйл хэргийнхээ төлөө Этиопийн Ерөнхий сайд Аби Ахмед Али хүртэж байсан юм.
Олон улсын байгууллагуудаас хамгийн сүүлд 2017 онд Цөмийн зэвсгийг устгах олон улсын байгууллага хүртэж байсан билээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл ( 0 )