“Улаанбаатар” Олон улсын кино наадам 12 дахь жилтэйгээ золгож байна. Кино наадам 2020 оны аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд болно.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготойтойгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Энэ жилийн кино наадмын онцлох орноор Франц улс сонгогдсон юм. Энэ хүрээнд Монгол-Францын төв (Alliance Française d'Oulan-Bator)-ийн захирал, хатагтай Сэлин Мартинтай ярилцлаа.
-Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын онцлох орноор Франц улс сонгогдсон байна. Тус наадмыг хэрхэн дэмжиж оролцож байна вэ?
-Энэ жилийн кино наадмын онцлох орноор Франц улс тодорсонд баяртай байна. Монгол Улсад Францын Элчин сайдын яам, Монгол-Францын төв (Alliance Française d'Oulan-Bator) гэсэн хоёр байгууллага байдаг. Элчин сайдын яамнаас “Улаанбаатар” олон улсын кино наадмын санхүүжилтыг хариуцаж байгаа. Монгол-Францын төв нь тус наамдын соёлын бүх арга хэмжээг дэмжин ажиллаж байна.
Манай төв нь соёлын байгууллага учраас наадамд оролцуулах франц киноны сонголт дээр нэлээд цаг хугацаа зарцуулж, анхаарч ажиллалаа. Кино сонголтод Anna Delseth, Thibaut Braque хэмээх манай улсын мэргэжлийн хоёр хүн туслалцаа үзүүлэн ажиллаж, Францын Элчин сайдын яамнаас баталсан.
-12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар” олон улсын кино наадамд Франц улс хэдэн удаа оролцсон бэ?
-2013 оноос Монгол Улс дахь Францын элчин сайдын яам, Монгол-Францын төв хамтарч “Улаанбаатар” кино фестивальд оролцож эхэлсэн. Үүнээс хойш тасралтгүй, байнгын хамтын ажиллагаатай байгаа.
-Энэ жилийн фестивальд Франц улс ямар онцлогтой, хэдэн киног үзэгчдэд хүргэх вэ?
-“Улаанбаатар” фестивалиар дандаа сүүлийн үеийн кинонууд болох гурван киног үзэгчдэд хүргэхээр авчирсан. Энэ наадмаар анх удаа хүүхдүүдэд зориулсан кино гаргаж байгаа нь онцлогтой. Үүнд Францаас “Сицилийг эзэлсэн баавгайнуудын гайхам түүх” гэдэг хүүхэлдэйн киног хүргэнэ. Энэ кинонд нийгмийн асуудлыг хөндөн гаргадаг.
Нөгөө нь “85 оны зун” гэдэг франц кино байна. Энэ бүтээл нь 2019, 2020 оны Каннын кино фестивальд нэр дэвшсэн кино байгаа юм. Франц орон гэхээр мэдээж хайрын тухай санаанд орно. Кинонд залуу хосын хайрыг өгүүлнэ.
Гурав дахь нь “Салхи зогсох аваас” гэдэг кино байгаа. Энэ кинонд төсөөллийн орчиндоо орчихсон нэгэн залуугийн тухай өгүүлдэг, маш сонирхолтой бүтээл. Гэхдээ би энэ гурван киногоо хараахан үзэж амжаагүй. Ирэх долоо хоногт кино наадмаар монголчуудтайгаа хамтдаа үзэх гэж байгаадаа үнэхээр их догдолж байна.
-“Улаанбаатар” олон улсын кино наадмын ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
-Монгол залуучуудад туйлын ач холбогдолтой арга хэмжээ гэж үнэлдэг. Та бүхний маш том соёл юм шүү гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл киногоор тухайн улс орны соёл, нийгмийн амьдралыг таньж мэдэх боломжтой байдаг. Тэгэхээр наадмын хүрээнд үзэгчдэд хүрэх Ази, Европын орнуудын киногоор тэр хэмжээний соёлтой танилцана гэсэн үг. Өөр нэг ач холбогдолтой зүйл нь энэ наадмаар гарах кинонууд нь дандаа сүүлийн үеийн, шинэ бүтээлүүд байдаг. Түүнчлэн кино театруудаар гараагүй, тэр дундаа Монголд гарч байгаагүй, Канн, Венец зэрэг том том фестивальд оролцож, шагнал авсан бүтээлүүдийг сонгож оролцуулдаг. Ийм сайхан, ховор боломжийг “Улаанбаатар” кино фестиваль олгодог.
Энэ жил бид Франциас кино найруулагч урьж, кино сонирхогч, залуу уран бүтээлчдэд найруулагчийн туршлага, мэдлэгийг хуваалцан, тусгайлан хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Энэ нь залуу найруулагч, уран бүтээлчдэд маш ач тустай зүйл болно гэж найдаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд мөн баярлалаа. Кино наадмыг зохион байгуулж байгаа бүх хүмүүст баярлалаа. Цар тахлын үеэр соёлын арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байлаа. Харин одоо Улаанбаатар хотын хамгийн том соёлын арга хэмжээнд оролцох болсондоо бид маш их талархалтай байгаа шүү. Та бүхнийг кино наадамд урьж байна. Аль болох олон залуус, олон хүмүүс кино наадамд ирж, дэлхийн шилдэг кинонуудыг үзээсэй гэж хүсэж байна.
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН ТУХАЙ ТА ЮУ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтан хамруулж, чадавхийг дээшлүүлсэн.
2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.
Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлж, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлсэн. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” Монголын уран сайхны киногоор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү бүтээлийг Архивын ерөнхий газар, "Номадиа Пикчерс" ХХК-ийн “Монгол Кино HD” төслийн хүрээнд HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна.
Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.
Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон улсын кино наадмын хүрээнд 2020 оны аравдугаар сарын 19-25-ны өдрүүдэд дэлгэцэнд гарах бүх киног "Тэнгис" кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой.
Наадмын хүрээнд зохион байгуулах "Кино форум" 2020 оны аравдугаар сарын 22-23-ны өдрүүдэд "Тэнгис" кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэй.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
ямар гоё боломж вэ. Баярлалаа