Конгод 900 онц хүнд гэмт хэрэгтэн шоронгоос оргожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Бени хотын төв хорихоос өнөөдөр /2020.10.20/ онц хүнд гэмт хэрэгтэн, алан хядагчид нийлсэн нийт 900 хоригдол оргожээ.

Орон нутгийн “Actualite” мэдээллийн сайтад мэдээлснээр, алан хядагчдын “Ардчилсан хүчнүүдийн холбоо” бүлэглэлийнхэн Кангбайи хорих газар руу дайрч, хоригдлуудыг суллажээ. Бени хотын захирагч Модест Бакванамахагийн мэдээлснээр, тус шоронд хоригдож байсан нэг мянга гаруй хоригдлоос 110 нь зугтаахаас татгалзаж, үлдсэн байна. Оргосон хоригдлуудын заримыг нь чанга дэглэмтэй хорих газрууд руу шилжүүлэх ёстой байжээ.

Бени хотын төв хориг газар руу дайрч, хоригдлуудыг суллах хэрэг тогтмол гардаг гэж “Actualite” онцолжээ. Тухайлбал, 2017 оны зуны “Май май” гэмт бүлэглэлийн хэт даврагчид тус шорон руу дайрч, 11 хүний амь хөнөөж, 930 хоригдлыг суллаж байжээ.

НҮБ-ын мэдээллээр, 2019 оноос хойш “Ардчилсан хүчнүүдийн холбоо” бүлэглэл тус улсын зүүн нутагт нэг мянга гаруй энгийн иргэний амийг хөнөөжээ. Конгогийн аюулгүй байдлын хүчнийхэн тус бүлэглэл сүүлийн жилүүдэд Сомалийн исламын "Аш-Шабаб" зэрэг олон улсын алан хядагчдын бүлэглэлүүдтэй холбоо тогтоосон тухай анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top