“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний Нээлтийн тоглолт хэдхэн цагийн дараа эхлэх гэж байна. Энэхүү тоглолтод Монгол, Оросын урлагийн одод оролцох юм. Монгол болон Орост ШУУД дамжуулагдах тоглолтод Монголын талаас МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, СТА, дуучин Д.Отгонжаргал, Б.Монголхүү, МУГЖ Б.Эрдэнэтуяа зэрэг олон дуучин, “Нюанс” хамтлаг, Оросын талаас ОХУ-ын Буриад улсын алдарт “Байкал” дуу бүжгийн чуулга, Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Новосибирск муж, Алтайн хязгаарын дуу бүжгийн эрдмийн чуулга, симфони найрал хөгжмийн хамтлагууд оролцох аж.
Түүнчлэн ОХУ-ын Төрийн Соёрхолт, Ардын жүжигчин, дэлхийн нэрт төгөлдөр хуурч, Оросын нийгмийн нэрт зүтгэлтэн Денис Мацуев Австрийн Вена хотоос бидэнтэй шууд дамжуулалтаар мэндчилж, төгөлдөр хуурын бүтээлээ эгшиглүүлнэ.
Мөн Оросын дуучин, олон улсын уралдаануудын ялагч, ОХУ-ын “Ардын жүжигчин-3” шоуны ялагч Марина Девятова дуулах аж.
“Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020” арга хэмжээний Нээлтийг 16.00 цагаас UBS телевизийн 400-гийн студиэс Монгол орон даяар ШУУД дамжуулна.
Тоглолтыг Орост Буриад улсын “Тивиком” телевизийн компани, Дорнод Сибирийн “ТиВиСи” телевизийн сувгаар мөн шууд дамжуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )