Ёс зүйн хариуцлага гэдэг зүйл сайд Г.Ёндонг ТОЙРОН ОДОВ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр (2020.10.28) боллоо. Дараа нь хэвлэлд түгээсэн албан мэдээлэлд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон 2019 оны гуравдугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд гарсан үр дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан тухай дурджээ.

Тус мэдээлэл дунд “Монголросцветмет ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56.5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33.4 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Энэ оны эхний гур­ван улирлын байдлаар бор­луулалтынх нь орлого 28.7 тэрбумаар өсч, цэвэр ашиг нь 24.4 тэрбумд хүрч, 30.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байна” гэсэн байв. Харахад гэм хоргүй уг мэдээллээрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг “өмөөрсөн” бололтой юм. Уг нь бол Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас олон нийт сайддаа ядаж ёс зүйн хариуцлага тооцож, багадаа донгодох болов уу гэж горьдож байлаа. Албан бусаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Г.Ёндонгоор тухайн мөнгийг эргүүлж төлүүлэх хийгээд дахиж ийм явдал гарахаас сэргийлж шалгалт хийх үүрэг даалгавар өгсөн гэх яриа л гарлаа.

Эргэн сануулахад УУХҮ-ийн сайд Г.Ёндон өнгөрсөн жил буюу 2019 онд дунд сургуулийн хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр 10.7 сая төгрөгийг “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн баримт өнгөрсөн долоо хоногт ил болсон. Тухайн үед тэрбээр “Монгол­росцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байжээ. Энэ нь улсын сургуульд хүүхдээ явуулаад анги засварын мөнгө өгөхдөө ч шаналдаг, орлого муутай дийлэнх монголчуудын дургүйцлийг хүргэсэн юм. Гэтэл сайд Г.Ёндон хэвлэл мэдээлэлд “Нэгдүгээрт, “Мон­гол­росцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй хамаагүй албан байгууллага. “Монголросцветмет” ТӨҮГ бол ашгийн төлөө ажилладаг, ашгийн төлөө байгууллага юм. Та бүхний сонирхож байгаа журам бол 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн зүйл. Компани ашигтай ажилласан тохиолдолд урамшуулал олго­дог. Компанийн гүйцэт­гэх удирдлагын зүгээс менежментийг урамшуулах, сургалтын төлбөрөөс хөнгө­лөх зэрэг урамшуулал олгодог. Гэхдээ ашигтай ажил­ласан тохиолдолд урам­шуулал олгодог. Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар томилогдсон. “Монголросцветмет” ТӨҮГ-ийг шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа гэж бодож байгаа. Яагаад гэвэл өнөөдөр гаргаж ирсэн тэр баримт бол 2019 онд тавигдсан байсан мэдээлэл. Хэвлэл үүнийг ил гаргаж байгаа нь зөв юм. Өндөр урамшуулалт цалин мөнгө олгосноор компанийн менежментийг зөв явуулах, улсад төлж байгаа татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ гэж ойлгодог” гэх нь тэр. Мөн “Би хувь хүнийхээ хувьд болохгүй зүйл хийсэн гэж бодохгүй байна”, ““Монголросцветмет” ТӨҮГ бол 2019 онд 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Надаас өмнө орон сууцны урамшуулал авч байсан тохиолдол ч бий” гэх зэргээр өөрийгөө өмгөөл­сөн. Угсраад Засгийн газар “Монголросцветмет” чинь өнгөрсөн жил ашигтай ажилласан шүү гэж сануулаад байхаар нь “өмөөрлөө” гээд байгаа хэрэг.

Үнэндээ төрийн өмчит компаниудад ийм зүйл “нутагшиж” өчнөөн жил болсны ил болсон жишээ нь сайд Г.Ёндон. Тиймээс ч төрд том албан тушаал хашиж явсан хүмүүс олон нийтийн яагаад сүржигнээд байгааг ойлгохгүй байгаа ч байж мэдэх юм. Харин хөдөлмөрөөрөө амьдрах гээд хоёр нарны хооронд яваа жирийн иргэдийн бяр ийм юм ил гарах бүрт цуцаж байдаг гэдгийг хэлье. Сайд Г.Ёндонтой тохиолдсон асуудал бас хуулийн хариуцлагатай зүйл. Хууль зүйн дэд сайд асан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн өмчит компанийхан улсын төсөвт байгууллага биш учраас гэдгээр хувийн өмч шигээ санаж зарцуулсан баримтууд дэлгэгдсээр. Нөхдөө 2017 оны долоодугаар сарын 1-нээс хойш “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг Эрүүгийн хуульд шинээр батлагдсан шүү дээ” гэж бичсэн байна лээ. Хуулийн хариуцлага хүлээлгэж, сайдаас огцруулдаггүй юм гэхэд олон нийтийн өмнө гаргаад уучлал гуйлгах байв. Иргэдийн нийгэмд шударга ёс тогтоосой гэсэн хүсэл дээр суурилж гарч ирсэн энэ Засгийн газар тэгж чадсангүй. Ёс зүйн хариуцлага гэдэг зүйл ийнхүү Г.Ёндон сайдыг тойрон одох юм даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.14) 2020 оны 11 сарын 03

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Зочин(66.181.161.26) 2020 оны 10 сарын 29

Зайлуулаа

0  |  0
Зочин(192.82.71.52) 2020 оны 10 сарын 29

Засаг ялзарч эхэллээ. Ялзарсан гараа тайрч чаддаггүй юм гэхэд мөнгийг нь төлүүлчихэж чадахгүй байгаа нь ёндонгоос хахуул авсан уу гэж хардахаар л байна. Хахуулыг хөрөнгөтөй албан тушаалтнууд л өгдөг шүүдээ.

0  |  0
Puuje(202.179.13.34) 2020 оны 10 сарын 29

Бүгдээрээ ажил хаяж эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Тэгэхгүй бол бидний хийсэн хөдөлмөрийн үр шимийг хэн нэгэн даргын хүүхэд хүртээд сууж байна гэж юу байна. Эсвэл та нар тийм их хүнд өгөхөөр мөнгөтэй хүмүүс юм уу

1  |  0
Зочин(103.212.118.94) 2020 оны 10 сарын 29

Иймэрхүү зөрчлийг хэвлэлийн мэдээллийг үндэслэж Цагдаагийн байгууллага, АТГ-аас шалгадаг байх хэрэгтэй. Хэвлэлд бичээд өнгөрөөд байж болохгүй. Шалгах зохицуулалт байхгүй бол хуулиар буй болгож, эмх журамтай болгосон цагт таслан зогсоогдоно.

0  |  0
Irgen.(70.181.124.42) 2020 оны 10 сарын 29

Hyrelsyh yuch hyleeh hereggyi bolloo.ard tymniig huurna gedeg munch bydyyn syrtei yumaa.ard olon dahin huurtahgyiee

0  |  0
Irgen.(70.181.124.42) 2020 оны 10 сарын 29

Hyrelsyhiin hooson syr llerch ard olniig huursan hudal yaria notlogdoj baina daa.

0  |  0
Анх(103.212.117.248) 2020 оны 10 сарын 29

Өөрөө өргөдлөө өгөөчээ ллараа. Хүрэлсүх ч аймшигтай худалч амьтан байжээ

1  |  0
Top