УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шийдвэр гаргаснаас хойших арав хүрэхгүй хоногийн дотор болсон үйл явдал улс төрийн хүрээнд сүүлийн үед өрнөсөн халуун үйл явдлуудын нэг байлаа.
Одоо харин Үндсэн хууль зөрчсөн тогтоол гаргасан хуралдаан даргалагч Х.Булгантуяаг Үндсэн хуулийн 29.3-т зааснаар эгүүлэн татах асуудал ирэх долоо хоногийн гол улс төр болж магадгүй байна. Үндсэн хуулийн 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэсэн байдаг.
Г.Булгантуяа гишүүний асуудал шүүхэд очих уу, Хүний эрхийн үндэсний комисст хандах уу, суудлаасаа буух уу, бүр гишүүн ч үгүй болох уу гэх зэрэг болон бусад зарим асуудал хэрхэн шийдэгдэх нь удахгүй тодрох биз ээ. Цэцийн шийдвэрээр Ерөнхий сайд “цагаадаж” Хууль зүй, дотоод хэргийн сайдаа ч сэлгэн, Б.Энхбаяр гишүүн уг албан тушаалыг хашихаар боллоо.
Болсон үйл явдлыг эргүүлэн сануулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон ч ирц бүрдээгүйн улмаас бүхэл бүтэн 24 цаг хүлээлгэж, хуулийн хугацаа дуусахаас хэдхэн минутын өмнө буюу аравдугаар сарын 17-ны 13 цаг болохын өмнөхөн амжиж Ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэрлэсэн билээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй бөгөөд “Байнгын хорооны “Дэмжээгүй” гэсэн саналыг дэмжих үү” гэсэн томъёоллоор чуулганы нэгдсэн хуралдаан дээр санал хураалгаж тухайн хуралдаанд оролцсон 111 гишүүнээс 40 гишүүн буюу 36 хувь нь “Дэмжинэ” гэж, өөрөөр хэлбэл, “Ерөнхий сайдыг огцруулахгүй” гэсэн байнгын хорооны саналыг дэмжиж, 71 гишүүн буюу 64 хувь нь “Дэмжихгүй” буюу “Ерөнхий сайдыг огцруулна” хэмээн саналаа өгч Ерөнхий сайд Г.Занданшатарыг гишүүдийн 64 хувийн саналаар огцруулсан нь дараа дараагийн маргааны эхийг хатгаж, Ерөнхийлөгч шуурхайгаар УИХ-ын гаргасан шийдвэрт бүхэлд нь хориг тавьж, Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаан яаралтай горимоор болж, “УИХ буруу шийдвэр гаргасан” гэх Цэцийн шийдвэр эцсийнх болоод байна.
УИХ-ын шийдвэр гарсны дараах ажлын эхний өдөр буюу аравдугаар сарын 20-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоол буюу Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолд бүхэлд нь хориг тавьснаа зарласан билээ. Ерөнхийлөгч хоригтоо “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, …”, мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн тус тус заасан байна.
Дээрх заалт ёсоор Улсын Их Хурлын гишүүдийн анх тавьсан санал буюу “Ерөнхий сайдыг огцруулах санал”-ыг дэмжих эсэхээр Улсын Их Хурал санал хурааж шийдвэрлэх ёстойг Үндсэн хууль болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд салаа утгагүйгээр тусгажээ. Гэтэл 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар биш, Төрийн байгуулалтын байнгын хорооны “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” гэсэн саналаар санал хураан хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, түүнчлэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээх заалтыг тус тус зөрчих нөхцөлийг бий болгосон байна” гэсэн билээ.
Дараагийн үйл явц ч маш шуурхай өрнөж, “УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох”-оор тухайн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болоод байсан Г.Занданшатар Үндсэн хуулийн Цэцэд хандаж хүсэлт өгсөн юм.
Ерөнхийлөгчийн хоригоос ердөө хоёрхон хоногийн дараа буюу аравдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн Цэц “Онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудал” гэсэн үндэслэлээр Их суудлын хуралдаан хийсэн билээ.
Ийнхүү хурдавчлах болсон үндэслэлээ Цэцийн зүгээс “Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн Цэцэд хандаж Монгол УИХ-ын дэд дарга гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Монгол УИХ-ын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоол нь Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 43 дугаар зүйлийн 1, 70 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагууҮндсэн хуулийн Цэцийн гишүүний 2025 оны 158 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж нэгтгэсэн болно. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа” гэж тайлбарласан юм.
Их суудлын хуралдааны үеэр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүдийн нэг Х.Баасанжаргал “Цэц өөрөө алдаа гаргасан” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхийн асуудал гэж байдаг. Энэ шударга шүүхээр шүүлгэх эрхийн нэг гол үндсэн элемент нь хэрэг маргаанд оролцогч тал өөрийнхөө эрх ашгийг хамгаалах процесс ажиллагаагаар бүрэн дүүрэн хангагдах тэр бололцоог шүүх бүрэлдэхүүн олгох ёстой. Олон улсын гэрээ конвенц дээр ч заасан байдаг. Харамсалтай нь, Үндсэн хуулийн Цэц энэ ажиллагааг огт хийхгүй, хийхийг хүсэхгүй байна. Бид нар ийм тайлбар гарч магадгүй гэж бодоод шүүх хуралдаан эхлэхээс өмнө 08:30 цагт ирээд Х.Булгантуяа гишүүн болон төлөөлөгчдийн зүгээс хоёр гомдол өгсөн. Хуульд онц байдал болон дайны байдал зарласан үед гурав хоногийн дотор Үндсэн хуулийн Цэц хуралдаж шийднэ. Бусад тохиолдолд олон нийтэд хуралдаан болох тухай мэдээллийг долоогоос доошгүй хоногийн өмнө зарласан байх ёстой. Гэвч Цэцийн тухай хуульд заасан эдгээр процессын алдаануудыг Цэц өөрөө гаргалаа. Энэ асуудлыг яагаад ч хүлээн зөвшөөрч, процесс ажиллагааг цаашаа үргэлжлүүлэх боломж алга” хэмээсэн.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хууль хүч түрж, бидний гаргасан хүсэлтийг хурал даргалагч Г.Баясгалан ганцаар тайлбар хийж хүлээж авсангүй. Дор хаяж гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэн шийдвэр гаргаж таны хүсэлт үндэслэлтэй байна, үндэслэлгүй байна гэж тайлбарлах ёстой. Ц.Сандаг-Очир гишүүн бид хоёрыг ярих буюу УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг биелүүлэх боломжийг олгосонгүй. Мөн УИХ-ын бүрэн эрхэд халдлаа. Ямар гишүүнээр Үндсэн хуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох вэ гэдэгт халдаж, шууд ямар үндэслэлээр гэрчээ тогтоож байгаа нь мэдэгдэхгүй, гэрчээ тогтоосон гэдэг шалтгаанаар явж байна. Надад гэрчлэх зүйл байхгүй. Нэг үгээр 111 гишүүн хуралдаанд оролцож, Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн 71 гишүүний нэг нь би юм. Ийм байдлаар хүч түрж, Үндсэн хууль, процессын хуулиудаа илтэд зөрчиж, сөрөг үр дагавартай юмнууд явлаа. Туйлын харамсалтай байна. Гэрчээр тогтоосон, маргаан үүсгэсэн зэрэг тогтоолыг үзүүлсэнгүй, гомдлуудыг авч хэлэлцсэнгүй. Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгээ хэлж байхад шууд дамжуулалтыг унтрааж байна. Юунаас айж сандарч, хуйвалдаан хийж байгаа юм бэ. Монгол Улсын Үндсэн хуульт ёс, парламентын ёсыг нураахад дахиад нэг алхчихав уу даа гэх болгоомжлол, эмзэглэл байна. Бид өнөөдөр Үндсэн хуулийн Цэц рүү дайрсан зүйл байхгүй. Засгийн газар ихэсгэсэн шаардлага гаргасан учир парламентыг төлөөлж гишүүд тайлбар өгөх үүрэгтэй. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын бүрэн эрхэд халдаж байгаа шалтгаан нь “УИХ-ын тогтоолыг дунд суудлаар хэлэлцэж, УИХ-ын шийдвэр дээр эргүүлэн авч хэлэлцэж зөвтгөх, хэрэв зөвтгөөгүй бол зөвшөөрөхгүй байна гэдэг албан ёсны шийдвэрийг гаргаж Үндсэн хуулийн Цэц Их суудлаараа хэлэлцэнэ” гэж Үндсэн хуулийн 6.2, 6.3-т заасан байдаг. Энэхүү заалтыг илтэд зөрчиж маргааныг шууд Их суудлаар явна гэж мэдэгдсэн. УИХ-аас гаргасан тогтоол нь Ерөнхийлөгчийн хоригтой буюу түр түдгэлзүүлэх буюу хүчин төгөлдөр болоогүй байгаа.Үндсэн хуулийн Цэц бол хүчин төгөлдөр тогтоол дээр хяналт маргаан ажиллагаа явуулдаг. Нэг үгээр албан тушаалтан гомдол гаргасан учраас шууд хэлэлцсэн. Нөгөөтэйгүүр, гурван гишүүнээр хэлэлцэж маргаан үүсгэх үү гэдэг процессыг алгасаж байгаа хэлбэр. Бусад асуудал Дэгийн хуулийн дагуу явах ёстой юм. Хамгийн гол нь асуудлуудыг Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлэхгүй гээд байгаадаа биш, дэг журмын дагуу явуулахыг хүсэж байгаа юм” хэмээсэн бөгөөд Их Хурлын бусад итгэмжлэгдсэн төлөөлөгчид ч ижил байр суурьтай байв.
Харин Ерөнхий сайдын итгэмжлэн төлөөлөгчөөр томилогдсон ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Улсын Их Хурлын 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан логик зүй тогтол, шаардлагыг зориуд санаатай зөрчсөн ноцтой үйлдлийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, анх Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан гишүүдийн саналыг дэмжих, дэмжихгүй гэдгээр бус, харин уг саналыг хэлэлцсэн Байнгын хорооноос гаргасан “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэснийг дэмжье” буюу эцсийн дүндээ “Байнгын хорооны саналыг дэмжихгүй” гэсэн агуулгаар санал хураалтыг зориуд мушгин гуйвуулж төөрөгдүүлэн бүрхэгдүүлэх байдлаар зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, логик зүй тогтлыг илтэд гажуудуулжээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд 111 гишүүн оролцож, 71 гишүүний саналаар Ерөнхий сайдыг огцруулсан гэх боловч нэр бүхий 19 гишүүн чуулганы танхимд огт байгаагүй, биечлэн санал хураалтад оролцоогүй, өмнөх өдрийн буюу 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон гишүүд байсан байна.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно” гэж хуульчилсаныг өөрсдийн явцуу эрх ашгаа хамгаалах санаа зорилгоо гүйцэлдүүлэх үүднээс урвуулан ашиглаж хуулийн холбогдох заалтыг санаатай зөрчсөн нь эндээс харагдаж байна.
Мөн уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10:00-13:00, 14:00-18:00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан тухайн өдрийн хуралдаан гэж хуралдаан болох тэр өдөр буюу Пүрэв, Баасан гарагийг тус тусад нь хэлж байгаа бөгөөд өмнөх өдөр, эсхүл маргааш өдрийг ойлгож болохгүй нь хэн бүхэнд туйлын тодорхой, ямар ч салаа утгагүй байна. Үүнийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “өглөө 09:00 цагаас” гэж тодорхойлсон нь давхар баталж байна. Тухайлбал, өглөө 09:00 цаг гэдэг нь цаг хугацааны хувьд тухайн өдөрт л хамаарах бөгөөд маргааш, нөгөөдрийн өдөр, цагт огт хамаагүй буюу Пүрэв, Баасан гараг дундаа нэг өглөөтэй байх боломжгүй юм.
Гэтэл Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн буюу Баасан гарагийн хуралдааны ирцийг тухайн өдрийнхөөр бус, харин ирц бүрдээгүйн улмаас эхлээгүй, хууль зөрчиж сунгасан өмнөх өдөр нь болох Пүрэв гарагийн хуралдааны ирцээр бүртгэн үргэлжлүүлж хуулийг ноцтой гуйвуулан зөрчжээ.
Энэ ташрамд дурдахад, хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… огцруулах саналыг албан ёсоор тавибал … Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол …” гэж заасны дагуу санал хураалт явагдсан нөхцөлд эдгээр гишүүдийн санал Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй буюу эсрэг санал өгсөнд тооцогдох байсан болно.
Дээрх ирцийн бүртгэл, хуулийн зохицуулалтаас үзэхэд Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн 52 гишүүн байсан байна. Харин огцруулахыг дэмжээгүй санал өгсөн 40 гишүүн, үүн дээр нэмэх нь нэгдсэн хуралдаанд оролцож, ямар нэгэн тодорхой санал гаргаагүй, хууль бус ирцийн бүртгэлээр эсрэг санал өгсөнд тооцогдсон 19 гишүүн байсан байна.
Энэхүү санал өгсөн гишүүдийн тоо, ирцийн бүртгэлээс үзэхэд Ерөнхий сайдыг огцруулах саналын хувь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол…” гэсэн хуульд заасан шаардлагыг огт хангахгүй байна” гэхчлэн тайлбар хэлсэн юм.
Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шийдвэрлэхдээ Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдаас огцруулсан жишээг дурдаж, хууль зүйн шинжлэх ухааны stare decisis et non quieta movera буюу өмнө гарсан шийдвэрийг хүндэтгэн дагах, жишгээр шийдвэрлэх эрх зүйн үүднээс тайлбарлаж байгааг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль дээдлэх” зарчмын хүрээнд хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Монгол Улс эрх зүйн системийн хувьд Нийтлэг эрх зүйн системээс тусдаа Ром-Германы эрх зүйн системд хамаардгийг анхаарах шаардлагатай байна.
1/Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцруулах асуудлыг 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж байсан.
Гүйцэтгэх дээд эрх мэдлийг 1992-2019 оны хооронд хэрэгжүүлж байсан Засгийн газрын дундаж хугацаа 1.8 жил байсан бөгөөд Засгийн газрын тогтворгүй байдал улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд ихээхэн хор хохирол учруулж байсныг засах зорилгоор Улсын Их Хурлаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, дээр дурдсан Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан билээ.
2/У.Хүрэлсүхийн хувьд Улсын Их Хурлын гишүүдийн огцруулах саналаар бус, өөрөө Ерөнхий сайдын үүрэгт ажлаас огцрох хүсэлт гаргасан тул Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.4 дэх хэсгээр зохицуулах боломжгүй байсан бөгөөд өөрийн хүсэлтээр огцруулах асуудлыг зохицуулсан хууль, эрх зүйн орчин байгаагүй болно. Иймд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гаргасан горимын саналын дагуу уг асуудлыг шийдвэрлэж байсан байна.
Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Ерөнхий сайд нарыг огцруулсан шийдвэрүүд нь Улсын Их Хурлаас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн найруулсан Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад ер хамаарахгүй юм.
Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа 2025 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан "Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, … үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэнд өргөсөн тангаргаасаа няцаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ардчилсан ёс, шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг болон мөн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр “санал хураалтын томьёолол, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураана” хэмээн санал хураалгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн тэрбээр Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнд олгосон Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах, уг саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бүрэн эрхэнд нь халдаж, хязгаарласан байх бөгөөд нэгдсэн хуралдааны үеэр гишүүдэд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.1 дэх заалт, 9.10 дахь хэсэгт заасан асуулт асуух, үг хэлэх эрхийг нь зориуд хясан боогдуулж эдлүүлээгүй байна.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга Х.Булгантуяа Улсын Их Хурлын чуулганы 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаан эхлэх ирц бүрдээгүй, хуралдаан эхлээгүй байхад “Эхний асууудлуудыг хэлэлцэж амжихгүй бол Үндсэн хуулийн цаг хугацаатай холбоотой асуудал учраас, дээр нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж дэмжигдсэн асуудлуудыг өнөөдөр хэлэлцэх нь зүйтэй юм. Тийм учраас өнөөдрийн чуулганы хуралдааны цагийг сунгаж байна” хэмээн хуралдааны цагийг сунгасан бөгөөд аравдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдааныг “Чуулганы ирц 51,6 хувьтай 66 гишүүн ирцдээ орж чуулганы хуралдаан эхлэхэд бэлэн болоод байна” гэж хэлж нээсэн байна.
Дээр дурдсан үйлдэл нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ. Товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болно” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайдыг огцруулсан чуулганы үйл ажиллагаа, гаргасан тогтоол хууль зөрчсөн болохыг тайлбарлаж байлаа.
Байдал ийх болсонд Их суудлын хуралдааны дундуур УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүд эсэргүүцэж Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг орхин гарсан юм.
Гэвч Цэц хуралдаанаа үргэлжлүүлж, “Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн” гэж дүгнэсэн билээ.
Их суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Мөн Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэв.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг сөхөж харвал “Цэцийн чиг үүрэг, эрх хэмжээ” гэсэн Хоёрдугаар бүлгийн 5-д “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно”, 6-д “Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэжээ.
Энэ бүгдээс харахад Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Их суудлын хуралдаанаасаа гаргасан тул Цэцийн шийдвэр эцсийнх гэдэг нь маргаангүй болжээ.
Цэцийн шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “Цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр биш. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ” хэмээн мэдэгдсэн нь хууль мэдэхгүй гишүүд парламентад олон болсны нэг жишээ болов. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ч “Би аууль мэдэхгүй” гэсэн билээ. Харин Ерөнхий сайдын төлөөлөгчөөр Цэцийн хуралд оролцсон С.Бямбацогт гишүүн “Үндсэн хуулийн Цэц эцсийн шийдвэрээ гаргасан. Гармагцаа хүчин төгөлдөр болсон. Одоо улс төрөө зогсоогоод ажлаа хийцгээе. Үндсэн хууль гэдэг чинь улсыг дааж явдаг жинхэнэ амьтай судар. Улс оронд аюул тохиолдоход шууд утгаараа хамгаалахаар бүтээгдсэн эд шүү дээ. Зүгээр хэдэн хүн үгсэж хуйвалдаад, зальдаж луйвардаад даваад гарчихдаг зүйл биш. Тийм боломжгүй байхаар нарийн зохицуулалттай үг, үсэг бүр нь асар их ач холбогдолтой бүтээсэн Монгол төрийн "амьд судар" эцэг хууль. Аавынхаа үгэнд ордог шиг Үндсэн хуулиа дагаж мөрдөөд улс орны урд хүлээгдэж байгаа энэ олон ажил асуудлаа цэгцэлцгээе” хэмээжээ.
Ийнхүү Монголын улс төрийн ертөнц дэх дуулиант хэргүүд нэгээр нэмэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Төрийн эрх барих дээд байгуллага болох УИХ-ын шийдвэрийг хувилдан эсрэгүүцэж бгаа Засгийн газар, Ерөнхийлөгч. ҮХ-ийн Цэцийн албан тушаалын мафийн системийг нураахгүй бол 2-3 хүний ноёрхолын сүлжээ тогтсон байна шүү.