Квот, жагсаалт, ёс зүй

2 цагийн өмнө

 

Анхны 126 гишүүнтэй УИХ-ын бүрэн эрхийн хугацаа бараг талдаа орж байна. Ирэх зун, улсын баяр наадмаар тэд замынхаа тэн хагасыг туулсан байх болно. Гэтэл, ялангуяа квот, жагсаалтаар орж ирсэн зарим нэг хүн УИХ-ын гишүүн гэж хэн болох, ямар үүрэг, хариуцлага хүлээснээ ч ухамсарлалгүй өдийг хүрсэн нь харамсалтайгаасаа илүү эмгэнэлтэй. Бүр нийгэмд жигшил төрүүлэх хэмжээнд хүрээд байна. Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд, тэр дундаа УИХ-ын анхны сонгууль болсон 1992 оноос хойших хугацаанд ёс зүй нь ингэж доод түвшинд хүртэл унасан төрийн түшээ хараахан гарч байсангүй. Уг нь 1992 оны Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан байдаг. Гэтэл юун иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлахтай мантай гишүүн бас байна. ИЗНН-аас квот, жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара, АН-аас мөн л квот, жагсаалтаар гарч ирсэн Ц.Мөнхтуяа нарыг эн тэргүүнд нэрлэж болно.

УИХ-ын гишүүн болмогц хэн нэгэн Нарантуяа, Мөнхтуяа гэсэн дугаар хорооны иргэний байр сууриа орхиод Монгол төрийн түшээ, хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөл, гадаад дотоодод Монгол төрийн нүүр царай, иргэд, сонгогчдод бүх талаараа үлгэр дуурайлал болж явах үүрэг, хариуцлага хүлээдэг атал мань гишүүд Монгол төрийн нэр хүндийг “уланд” унатал шившиглэж, дараа, дараагийн сонгуульд жагсаалтаар, эмэгтэйчүүдийн квотоор гарч ирэх боломж бүхий  эрдэмтэй, боловсролтой, ирээдүйтэй залуу улстөрч эмэгтэйчүүдийн замд бул хар чулуу зоож байгаагаа ухамсарлах сэтгэхүй даан ч алга. Нара гишүүнийд сар шинийн үеэр хулгай орсноос байдал бүр даамжирч, түүнээс гарч буй бүдүүлэг үйлдлийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо яаралтай хэлэлцэх нөхцөл байдал ч үүсээд байна. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн энэ талаар "Одоогийн байдлаар надад ямар нэг байдлаар өргөдөл, гомдол ирээгүй байна. Энэ асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо хараахан хуралдаагүй. Юуны өмнө УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай уулзаж, ярилцсаны дараагаас ёс зүйн хариуцлагын асуудлыг ярина. Мөн энэ асуудлаар олон нийтэд удахгүй мэдээлэл хийнэ” гэсэн тайлбар хийгээд өнгөрлөө.

Гишүүн М.Нарантуяа-Нара, Ц.Мөнхтуяа нарын зан араншин, удаа дараа гаргаж буй ёс зүйгүй үйлдлүүдээс шалтгаалж иргэд жагсаалт, эмэгтэйчүүдийн квотыг дараагийн сонгуулиар байхгүй болгох хэрэгтэй гэх болов. Түрүүчээсээ иргэд Төрийн ордны дэргэд очиж эсэргүүцэл илэрхийлж эхэллээ.

Энгийн иргэд дундаас гарч ирсэн, Түнхэлд зөгийн аж ахуй эрхэлдэг, амьдрал ахуй мэднэ гэдгээр нь М.Нарантуяа-Нараг, боловсролын салбарыг төлөөлж, дуу хоолойгоо өргөнө гэж Б.Мөнхтуяаг анх цөөнгүй иргэн дэмжиж, хүлээж байсан. Гэтэл тэдэнд өнгөрсөн хоёр жил шахмын хугацаанд төрийн түшээгийн байр суурь огтхон ч суугаагүйгээр үл барам, олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэдийг доромжлох, бүдүүлэг үг хэлж нийтийг занаж сүрдүүлэх, лайваар бараа сурталчилж, захын наймаачин мэт аяглах нь хэрээс хэтэрснээс болж УИХ-ын эмэгтэй гишүүд, жагсаалтаар орж ирсэн нийт гишүүний нэр төрд сэв сууж, эмэгтэйчүүдийн квотыг огт хэрэггүй зүйл хэмээн үзэх хүн олон болжээ.

Жишээ авч үзье. Хуульч О.Батхүү сошиал хуудсаар дамжуулан эмэгтэйчүүдийн квот, намын жагсаалтын талаар байр сууриа илэрхийлэхдээ “Би ямар нэг ажлыг эр байна уу, эм байна уу, хамаагүй хамгийн сайн чадах нь хийх ёстой гэж үздэг. Квот үүнийг үгүйсгэж, эмэгтэй, эсвэл эрэгтэй төрснийх нь төлөө давуу эрх эдлүүлдэг.

Нара хуулийн болон ёс зүйн зөрчил байнга гаргадаг. Иргэд сонгогчдоо хараан зүхэж, бүдүүлэг заваан үйлдлээ “new normal” болгож байгаа. Гэтэл манай эмэгтэй гишүүд өмөөрөхийг нь яана. Ёс зүйн хорооны дарга нь хүртэл "Уурлаа л биз" гэж хаацайлна. Яагаад гэвэл тэр дарга өөрөө "эмэгтэй", бас "квот"-оор гишүүн болсон. Нара унавал квот ганхана, квот ганхвал хүйсийн давуу байдлаа алдана. Ийм өчүүхэн эрх ашиг тэднийг нэгтгэдэг” гэжээ. Энэ мэтээр квот, жагсаалтын нэр хүнд үлэмж уналаа.

Энэ мэтээр эдгээр гишүүний энгийн иргэдэд гологдож буй байдал нь Монгол төрийн чадамжийг унагаж, нэр хүндийг гутааж, улс төрийг “улны” болгож байгааг анхаарах цаг болсон.  УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татах тухай хуулийн төсөл боловсруулжээ. Аргагүй л дээ. Намаас нь жагсаалт, квотоор УИХ-д гарсан М.Нарантуяа-Нара гишүүн хэл ам татлаад, С.Замира гишүүн ам ангайхгүй хоёр жил болж буй юм чинь. Нара гишүүний Түнхэл дэх гэрт хулгай орсон биш, мань гишүүн олон нийтийн сүлжээгээр нийтээр нь загнаж, доромжилж, ёс бусаар харааж зүхсэн. Мөн жирийн иргэн ч төрийн сүлдэндээ хүндэтгэлтэй ханддаг байтал УИХ-ын гишүүн хүн гарааж, агуулахдаа өлгөсөн байсан нь олны дургүйг хүргэсэн. Урьд өмнө УИХ-ын нэг бус гишүүний гэрт ”урт гарт” орж байсан ч, хууль, хяналтын байгууллагаар явж байснаас биш, иргэд сонгогчдоо доромжилж шуугиулж байсангүй.

Ц.Мөнхтуяа гишүүн ч өөрийгөө төрийн өндөр дээд албаны хүн хэмээн дөвийлгөж, багш, боловсролын салбарынхныг элдвээр доромжилсоор байгаа. М.Нарантуяа-Нара гишүүн өмнө нь ёс зүйн асуудлаар нэг бус удаа сануулах арга хэмжээ авч байсан ч хариуцлага хүлээсэн удаагүй. Ёс зүйн дэд хорооны дарга нь хэдэнтээ утсаар залгаж, мессеж бичсэн боловч хариу өгөөгүй л байгаа гэсэн.

Наад захын хувийн соёлгүй хүмүүс төрийн түшээ болж буй нь төрийг улам л хэврэг, үнэ хүндгүй болгосоор. Квот, жагсаалтад нэр дэвшигч сонгохдоо ёс зүйг заавал анзаарч байх нь нэн тэргүүний асуудал. Дараагийн сонгуульд УИХ-д квотоор нэр дэвшүүлж, жагсаалтаар оруулж ирэхдээ боловсрол, эрдэм мэдлэг, хүмүүжил, ёс зүй, хувийн зохион байгуулалт, өмнө нь эрхэлсэн ажилдаа хэрхэн хандаж байсан зэргийг нэн тэргүүнд тавихгүй бол “сошиалын баатарууд”-ыг төрд гаргаснаар улс, эх орны төлөө бодлого боловсруулж, хууль тогтоож, шийдвэр гаргадаг байгууллагын үнэлэмж улам л унаж, үндэсний аюулгүй байдал, парламентын чадамж хэврэгшин доройтох вий.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэргэлэн(122.201.23.219) 23 минутын өмнө

Анх удаа бүр эмэгтэй гишүүн ингэж авирлаж байхыг үздэг л юм байна. Өнөөгийн Монголын нүүр царай ийм болсоныг илэрхийлж байгаа юм. Ер нь 40- дээш насны Монгол эмэгтэйчүүд маш дээрэнгүй, бүдүүлэг, хэрүүлч, ес суртахуун нь газарт унасан авиртай болсон байна. Хаа сайгүй ийм дүр зураг харагддаг болсон шд.

0  |  0
Top