УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороо татан буугдсан ч, санал, дүгнэлтүүд нь өнөөдрийг хүртэл хэрэгжилт шаардаж буй. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, засаглалын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд Хөгжлийн банканд үүссэн хүндрэл бэрхшээл арилахгүй, нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй гэж үзсэн. Иймд Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкийг татан буулгах, Хөгжлийн банкны үйл ажиллагааг нь өнөөдрийн хэлбэрээр үргэлжлүүлэхэд ямар эрсдэл үүсэх талаар холбогдох тооцоо судалгааг ч 2023 онд хийсэн байсан. Гэхдээ ийм нөхцөлд Хөгжлийн банкийг татан буулгах нь хамгийн амархан боловч санхүүгийн хувьд өндөр зардалтай эдийн засгийн хувьд үр ашиггүй. Ирээдүйд дахин хөгжлийн хөтөлбөрүүд санхүүжүүлэх институц байгуулах шаардлага үүссэн нөхцөлд бүгдийг шинээр эхлэх шаардлага тулгарна гэж Хянан шалгах түр хороо дүгнэсэн.
Мөн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдалд, сүүлийн хорь гаруй жилд хэт ойртсон зааг ялгаагүй хаалттай, авлигажсан улс төр, бизнес, банк санхүүгийн санхүүжилтийн тогтолцоо тус банкны засаглал, хүний нөөц, шийдвэр гаргалт, гаргалтад гүнзгий нэвтэрсэн, засаглалын хувьд зохистой зарчим хэрэгжээгүй, улс төрийн хууль бус нөлөөллөөс ангид тогтвортой, мэргэжлийн шийдвэр гаргаж чадаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн. Банкны үндсэн бизнесийн загвар нь тооцоолол, судалгаа шинжилгээнд бүрэн суурилаагүй, орлого олох эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлыг нөхөх үйл ажиллагааны чиглэл байхгүй, нийт зээлийн санхүүжилтийн дийлэнх нь үндсэн зорилгодоо нийцээгүй, зээлийн зарцуулалт үр дүнд хийх хяналт сул, хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн. Цаашид, Хөгжлийн банкны засаглал, удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, банкны хяналтын “Базелийн хороо”-н зарчмууд зэрэг дотоод хяналт ба эрсдэлийн удирдлагын тогтолцооны бүтэц эрх хэмжээг тусгасан засаглалын зарчмуудад үндэслэн банкны засаглалын бодлого эрсдэлийн бодлогыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх болон дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, тэдэнтэй гэрээ байгуулж ажиллах, гүйцэтгэх удирдлагыг багаар нь сонгон шалгаруулж, гэрээ хийн, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд дурджээ. Мөн олон улсын банк санхүүгийн стандартад нийцүүлж Хөгжлийн банкны эрх зүйн орчин, дүрэм журмуудыг шинэчлэх шаардлагатайг тодотгосон байдаг.
Тэгвэл Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал З.Нарантуяа болон бусад удирдлагууд Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй уулзаж, Банкны 2030 он хүртэлх стратеги, цаашдын зорилт болон Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Хөгжлийн банкны сонсгол болсноос хойш шинээр 232.0 сая ам.доллар, 420 сая юань, 488.0 тэрбум төгрөг босгож, Дорнод бүсийн эрчим хүчний систем төсөлд 420.0 юань, Газрын тос боловсруулах төсөлд 25.0 тэрбум төгрөг, Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийг 56.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, стратегийн чухал ач холбогдолтой салбаруудыг дэмжин ажиллажээ.
Түүнчлэн 2022 оны нэгдүгээр сард банкны актив хөрөнгө 3.3 их наяд төгрөг байсан бөгөөд 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байсны 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл байсан тухай мэдээлсэн. Харин Хөгжлийн банкны сонсгол болсноос хойш нийт 33 зээлдэгчийн 1.4 их наяд төгрөгийн зээл, хүү төлөгдөж, зээлээ хаасан бол 22 зээлдэгчийн 400.0 тэрбум төгрөгийн зээл, хүү төлөгдсөн. 2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Хөгжлийн банкны актив хөрөнгө 2,368.7 тэрбум төгрөг байгаа бөгөөд 33 зээлдэгчийн 2,276.8 тэрбум төгрөгийн зээлийн багцтай байна. Банк өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд 700.0 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм.
Тиймээс цаашид нэн яаралтай санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд балансаа цэвэрлэх буюу Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчийн компаниудтай холбоотой нийт 805.7 тэрбум төгрөгийн зээл хүүгийн авлага байгааг Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд яаралтай барагдуулах шаардлагатай байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа дурдаад “Бид 2025 онд хуулиа шинэчлэн батлуулж, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, урагшаа харж ажиллана. Энэ оны нэгдүгээр улиралд хамгийн үр ашигтай төслийг судалж, хөрөнгөө босгоно. Хөрөнгө босгох туршлага Хөгжлийн банканд байна. Бид энэ онд нийт 2 их наядын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
Цаашид хөгжлийн институтийн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллахын тулд Хөгжлийн банкны хууль эрх зүйн шинэчлэлийг сайжруулахаар хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан бөгөөд хуулийн төслийг боловсруулан ЭЗХЯ-д хүргүүлжээ.
Хөгжлийн банк 2030 он хүртэлх стратеги зорилтуудаа дараах байдлаар шинэчлэн тодорхойлжээ.
Шинэ стратегийн дагуу ажилласнаар 2023 оны байдлаар ДНБ-д 3.5%-ийг эзэлж байгаа Хөгжлийн банкны активын эзлэх дундаж хувь хэмжээ 2030 онд 12.8% болж өсөх буюу 4.8 тэрбум ам.доллароос 11.9 тэрбум ам.доллар болж өснө гэсэн тооцооллыг гаргажээ.
Сэтгэгдэл ( 3 )
Бизнес эрхлэгчдэд эрсдлээ шийдвэрлэхэд шүүх, цагдаагаар айлгах биш, мэргэжлийн түвшинд шийдвэрлэвэл олон хүмүүс гадгашаа явахгүй, санхүүгийн бодит дэмжлэгээр бизнес эрхлэх байх даа, одоо л мэргэжлийн зөв чиг гарч байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-д 25 тэрбум биш 250 тэрбумыг өгсөн. Одоо хүү нь нэмэгдээд 300 гаруй тэрбум төгрөг болсон. Энэ зээл гэхэд хэзээ ч төлөгдөхгүй найдваргүй дээл болсон. Энэ үйлдвэр 2030 онд баригдаж дууслаа гэхэд улсаас татаас авдаг алдагдалтай үйлдвэр байна. Яг цахилгаан станцууд шиг. Орос, Хятадаас авдаг шатахуунаас үнэтэй бензин, түлш үйлдвэрлэнэ
Мэргэжлийн түвшинд МУХБ ингэж ажиллавал олон төсөл бодитой хэрэгжиж, олон хүн ажлын байраар хангагдах байх даа. Бизнесийн эрсдлийг хууль, цагдаагаар далайлгадаг айдас хүйдсийн гадна мэргжлийн түвшинд шийддэг ийм мэргэжлийн байгууллага бизнес эрхлэгчдийн хамт улсад их зүйл хийнэ дээ.