Монгол Улс уул уурхайн салбарыг хөгжлийн гол чиглэлээ болгох бодлого боловсруулж, хөдөө аж ахуйн орноос эрдэс баялгийг олборлон боловсруулдаг улс болох ирмүүн тэмүүллийг эхлүүлэх үедээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийг 2007 оны хоёрдугаар сарын 22-нд байгуулжээ. Ийм компани байгуулах зорилгыг “Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан” хэмээн тодорхойлжээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудаа нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах толгой компанийн эрх, үүргийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах шийдвэрүүд гаргасан бөгөөд энэ бол Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар удирдаж байсан үе юм.
“Эрдэнэс Монгол” компанийг групп болгож бүтцийн өөрчлөлт хийснээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд бүгд “Эрдэнэс Монгол” нэгдэлд харьяалагддаг болсон бөгөөд тэдний танилцуулгад дурдсанаар Нэгдлийн бүрэлдэхүүнд алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 31 компани харьяалагддаг аж. Тэдгээрийг Түлш, эрчим хүчний групп, Зэс металлын групп болон Дэд бүтэц, логистикийн группт хуваарилж нэгдсэн бодлого, стратегиар ханган ажиллах үүргийг “Эрдэнэс Монгол” хариуцаж улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22 хувь, зэсийн нөөцийн 38 хувь, жоншны нөөцийн 22 хувь, төмрийн нөөцийн 15 хувийг эзэмшиж, экспортын орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байгаа ажээ.
Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК нь зардал өндөр, орон тоо их, зарим охин компани болон бүтцийн байгууллага үр ашиггүй гэсэн шүүмжлэл үе үе гарсаар ирсэн байдаг. Мөн харьяа компаниудаа чиглүүлж, манлайлж ажиллаж чадаагүйн улмаас чухал заримд нь Засгийн газраас БЭТ томилон ажиллуулдаг болсон билээ.
Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар “Эрдэнэс Монгол” групп 39 охин компанитай байсан агаад тухайн үед “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд үр ашиггүй, үйл ажиллагаа нь зогссон зургаан компани, төслийн нэг нэгжийг татан буулгахаар болж байв.
Энэ талаар тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Д.Амарбаясгалан хэлэхдээ “Охин компаниудыг үйл ажиллагаа ижил төстэйгөөр нь нийлүүлж, нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын нэг том шийдэл байх болно. Засгийн газар ТУЗ-ийн гишүүдийн тоог цөөлж, үр ашгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. ТУЗ-ийн 260 орчим гишүүн байдгийг 27 болгох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Үүнийг дагаад асар их зардал гардаг байсан.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин ХХК-иуд ТУЗ-гүй болж тус компанийн төсөв болон тайланг “Эрдэнэс Монгол” группийн ТУЗ хянадаг болно. Өдөр тутмын үйл ажиллагааг нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал хариуцаж ажилладаг болно. Ингэснээр ТУЗ-ийн гишүүдийн тоо эрс цөөрч ТУЗ-ийн зардлыг 75 хувиар бууруулна” гэж байлаа. Түүнээс хойш ч “Эрдэнэс Монгол” ХХК-ийг цомхотгох, үргүй зардлыг хэмнэх талаар Засгийн газраас анхаарч ирсэн юм.
Сүүлийн жишээ гэвэл тус нэгдлийн харьяа “Эрдэнэс Тавантолгой" компанид онцгой дэглэм тогтоох шийдвэрийг Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор гаргаж Онцгой бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ийн баг томилогдсон билээ. 2022 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлыг БЭТ томилж явуулдаг болсон бөгөөд БЭТ-гүй ажилласан жил гаруйн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой"-д авлига, хулгай, хүнд суртал нүүрлэн нүүрсний экспортод сөрөг нөлөө үүссэн учир онцгой дэглэм тогтоох арга хэмжээ авахаас өөр аргагүйд Засгийн газар хүрсэн байдаг.
“Тавантолгой” ХК дээр БЭТ тавьснаас хойш зардлыг эрс бууруулж, ашигт ажиллагаа, борлуулалтыг гурав дахин нэмж чадсан” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар одоогоос нэг сарын өмнө мэдэгдэж байв.
Энэ арваннэгдүгээр сарын 5-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаад байна.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат болгох чиглэлээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх хүрээнд тус компанийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэх шаардлага үүсжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэж дүгнэлт гаргуулахаар гүйцэтгэгчийг нээлттэй зарлаж, шалгаруулах Ажлын даалгаврыг боловсруулсан байна.
Мөн 2010-2015 онд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг ил болгожээ. Ингэснээр хэн, хэзээ, ямар гэрээгээр ямар үнээр нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулав, тэдгээрт хулгай луйвар байсан эсэхийг ил болгох юм. Мөн цаашид байгуулагдах бүх гэрээг ил тод шилэн байлган. Нүүрсний хулгай нүүрлэх эрсдэлийг бүрэн хааж олон нийтийн хяналтыг бий болгоно” гэж үзжээ.“Эрдэнэс Тавантолгой ХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгох ажил амжилттай үргэлжилж байгааг Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар хэдхэн өдрийн өмнө“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төв оффист ажиллах үеэр Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 26 дугаар тогтоолоор томилогдсон Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг гурван сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулжээ.
Онцгой дэглэмийн хугацаанд борлуулалт, экспорт, тээврийг оновчтой зохион байгуулж ажилласны үр дүнд сарын дундаж борлуулалт 1.6 дахин, биржийн тээвэрлэлтийг хоёр дахин, экспорт хоёр дахин, орлого 1.3 дахин нэмэгджээ.
2025 оны аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 108 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 68 удаагийн арилжаа нь амжилттай болж 292.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 5.2 сая тонн нүүрсийг амжилттай арилжаалсан байна
Онцгой дэглэмийн хугацаанд нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 1/3 коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлжээ. Хэдийгээр коксжих чанаргүй нүүрс борлуулсан ч компанийн ашиг, борлуулалт, экспорт, тээвэр бүгд өссөн үзүүлэлтэй байгаа нь компанийн бодлого үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо сайжирсны үр дүн гэдгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн онцолжээ.
Онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний экспорт нэмэгдэж 2025 оны долоодугаар сард 1.9 сая тонн, наймдугаар сард 2.7 сая тонн, есдүгээр сард 3.2 сая тонн нүүрс Гашуунсухайт, Ханги боомтоор экспортолсон мэдээтэй байна. Есдүгээр сард экспортолсон нүүрсний хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр экспортын үзүүлэлт болсон ажээ.
Онцгой дэглэм тогтоохоос өмнө уурхайн техникийн бэлэн байдал 56 хувьтай байсан бол техникийн бэлэн байдлыг сайжруулж 81 хувь болгожээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүнд байгаа компаниудаас ганцыг нь онцлоход байдал ийм. Бусад компаниудад бас ийм нөхцөл байдал нүүрлэсэн үү. “Эрдэнэс Монгол” ХХК харьяа компаниудаа чиглүүлж, манлайлж чаддаг уу гэсэн асуулт эндээс гарч байна. Ер нь бол үе үеийн Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК -ийг хэт өндөр зардалтай, захиргааны ажилтнуудын орон тоог нь цомхотгох нь зүйтэй гэсэн асуудал үе үе ярьж байв. Мөнөөх 2023 онд ТУЗ-ийн гишүүдийг 260-аас 27 болгон цөөлж байсан шиг.
Сэтгэгдэл ( 2 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00