“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд ирэх оны төлөвлөлтийн асуудлаар танилцууллаа

2021 оны 11 сарын 16

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал О.Хулан, Салбарын үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд, Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Н.Нарангэрэл нар өнөөдөр /2021.11.16/ “Багануур” ХК болон “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо.

“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болон холбогдох бусад мэдээллийг танилцуулав. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нүүрс борлуулалтын гүйцэтгэл 107.9 хувьтай, уулын ажлын гүйцэтгэл 118.1 хувьтай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй үнэлгээтэй байгаагаа онцлов. “Багануур” компанийн хувьд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 3 багц 47 төрлийн ажил төлөвлөснөөс 11 дүгээр сарын 8-ний өдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд бүрэн дууссан 38 ажил, хийгдэж байгаа 6, хойшлуулсан 3 ажил байгаа юм.

“Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийж буй ажлууд, ирэх оны төлөвлөлтийн асуудлаар танилцуулга хийлээ. Цахилгааны үнийг тэглэн хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрс борлуулалтын захиалга өссөн учраас уулын ажлын бүтээмж, цаг ашиглалтаа нэмэгдүүлэн оны эцэст 349.4 мянган метр куб, хөрс хуулалтын ажлыг илүү гүйцэтгэх төлөвлөгөөтэй байна. Энэ оны сүүлээр хөрс хуулалт 104 хувь, уулын цул 104.9 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин ажилчдын нийгмийн хангамж, цалинг нэмэгдүүлэх чиглэлд дорвитой арга хэмжээ авах шаардлага үүсч байгаа тухай хэллээ. Түүнчлэн салбар хоорондын уялдаа холбоог хангах, нүүрсний илчлэгийг сайжруулах, нүүрсний худалдан борлуулах суурь үнийг уян хатан зохицуулах, техникийн шинэчлэл хийх зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатайг ч дурьдлаа. Мөн “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 мВт-ын цахилгаан станц нь компанийн цаашдын алсын хараа, үйл ажиллагааг өргөжүүлэхэд нэн чухал ажил болохыг энэ үеэр онцолж байлаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудын зүгээс “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, нийгмийн халамжийн асуудалд анхаарлаа хандуулах талаар санал солилцов. Түүнчлэн охин болон хараат компаниудын санхүүгийн ил тод байдлыг онцгойлон авч үзэж, шилэн болгох, өртгийг багасган санхүүгийн сахилга баттай байх, мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Мөн нүүрсний бусад уурхайнуудтай болон дотоодын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулж, тэр дундаа өртгийг бууруулахад анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тодотголоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top