“Багануур” ХК-ийн уурхайчид ЭШ-10/70 маркийн экскаваторын шанага үйлдвэрлэлээ. Уг шанагыг технологийн автомашины хуучин кузов ашиглан үйлдвэрлэжээ. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой хил, гааль хаалттай, бэлдэц төмрийн олдоц тааруу энэ үед дотоод нөөц боломжоо ашиглан эдийн засгийн хэмнэлт хийж чадсан нь энэ юм.
“Багануур” ХК-д ашиглагдаж буй ЭШ-10/70 маркийн дөрвөн экскаватор жилд дунджаар 7 сая шоо метр уулын цулын ажил гүйцэтгэх хүчин чадалтай. Гадаадаас импортоор экскаваторын шанага худалдан авахад тус бүр нь 250-300 сая төгрөгийн өртөгтэй байдаг бол ажилчид дотоод нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрлэсэн энэ шанага 90 сая төгрөгөөр бүтжээ. Энэ нь “Багануур” ХК-ийн ажилчдын дотоод нөөц боломжоо ашиглан үйлдвэрлэсэн 4 дэх шанага юм. Анхны шанагаа 2017 онд ОХУ-ын загвараар хийсэн бол 2018 онд 2 шанагыг Америк загвараар үйлдвэрлэжээ. Эдгээр шанага нь одоо ч үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэвийн ашиглагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )