Улс төр дэх нөхцөл байдал тогтолцооны гажуудлаас үүссэн үү?

2025 оны 05 сарын 28

Улс төрийн амьдрал халуухан байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд, улстөрчид, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд, судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. "Өглөөний сонин" ямар нэг цензургүйгээр тэдний байр суурийг уншигчдад хүргэж байгаа билээ.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЭНХБАЯР: ХЯМРАЛ ҮҮСЧИХЭЭД БАЙХАД ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧИЛГА ГАРГАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ
 

-Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг түрүүчийн Засгийн газрыг толгойлж байхад нь “Тогтолцоогоо засахгүй бол болохгүй шүү. Би тэр замыг өөрөө туулсан юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дандаа муу хүмүүс биш ээ. Хүссэн хүсээгүй энэ тогтолцоо өөрөө энэ хоёр институцыг зөрчилдүүлдэг юм. Тийм учраас муу хүн, сайн хүн гэж хэлэх арга байхгүй. Тогтолцоогоо засахгүй бол Засгийн газар хэврэг байна. Ерөнхийлөгч бас хэцүү байдалд орно. Аль аль нь мөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэцүү болно. Тэгээд хүмүүст зөрчил юм шиг харагдана.

Яг л ийм хямралтай үед бол Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар оролцож байгаа нь зөв. Хамтарсан Засгийн газар нь өөрөө хуулиа ч зөрччихсөн, ёс суртахууныхаа зарчмыг ч зөрччихсөн, ардчиллаа зөрччихсөн байна шүү дээ.

Автократ дэглэм гэдэг чинь сонгууль болдог, ардчилал хамаагүй гэдэг. Тэгээд бие биеэ хянадаггүй дэглэм үүсгэхийг хэлдэг. Сая олон улсын байгууллагаас Монгол Улсыг автократ дэглэмтэй гэсэн ангилалд оруулчихлаа шүү дээ. Тэгэхлээр Ерөнхийлөгч санаа зовно шүү дээ.

Хамтарсан Засгийн газрыг өнгөрсөн жил байгуулъя гэдэг саналыг нь дэмжээд ямар нэгэн байдлаар саад болоогүй. Одоо гадаа гудамжинд жагсаал болж байна. Дээр нь намын гишүүд уулзаж байгаа шүү дээ. Бас жирийн ард иргэд уулзаж байна. Засгаас гаргахыг АН-ын нөхдүүд нь бас эсэргүүцээд байдаг. Ерөнхийлөгч “Надад ерөөсөө хамаагүй. Ингээд байж л байг” гээд бүүр гүнзгий зөрчил үүсвэл аюултай шүү дээ. Тэгэхээр ийм замбараагүй байдлыг ямар нэгэн байдлаар зохицуулж байж хямралыг давуулахын төлөө манлайлал үзүүлж санаачилга гаргахгүй бол болохгүй.


МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН АСАН Р.РАШ: УЛСЫНХАА ЭРХ АШГИЙГ БОДВОЛ ТӨР ТОГТВОРТОЙ БАЙХ ЁСТОЙ
 

-Манай МАН-ын залуучууд албан тушаал, эрх мэдлийн төлөө их гүйлддэг бололтой юм. “Энэ  АН-ын олон хүн зөөлөн суудал дээр сууж байна. Бид яагаад сууж болдоггүй юм бэ. Бид чинь олонх болсон эрх баригч нам шүү дээ” гэх бодолтой хүмүүс байж ч магадгүй. Уг нь улсынхаа эрх ашгийг бодвол төр тогтвортой байх ёстой. Улсынхаа эрх ашгийг л нэгдүгээрт тавих хэрэгтэй юм даа. МАН дангаараа Засгийн газраа байгуулаад хэл ам багатай, ногоон гэрлээр явна гэдэг ч мэдэхгүй дээ. Ер нь улаан, шар хоёр гэрэл голчлох байх аа даа. Одоогийн сөрөг хүчнийг басаж болохгүй. Сөрөг хүчин жинхэнэ ажиллана шүү дээ. Хүчтэй сөрөг хүчин шүү. Урдуур нь улаан хөлтэй юм барагтай л бол алхахгүй дээ. Гэтэл дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль тосож байдаг. Тэрийгээ намын бодлогын төвд байгаа нөхөд эрхбиш тунгааж л байгаа байх аа.


УИХ-ЫН ГИШҮҮН Х.ТЭМҮҮЖИН: АЖИЛ ХИЙЕ ГЭВЭЛ АЖИЛЛАЖ БОЛНО, АЖИЛ ХИЙХГҮЙ ГЭВЭЛ СӨРӨГ ХҮЧНИЙХЭЭ БАЙР СУУРЬ ДЭЭР ХАТУУ ЗОГСОЖ ЧАДНА
 

-АН одоо ямар  шийдвэр гарахыг хүлээж байна. УИХ дээр хүссэн хүсээгүй Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал яригдана. МАН-ын шийдвэр ямар шийдвэр гарсан бэ гэдэг нь УИХ дээр яригдах ёстой. МАН болохоор АН гэрээгээ зөрчсөн гэдэг мэдээлэл өгөөд АН-гүйгээр засгаа байгуулна гэдэг шийдвэр гаргасан. Тэр шийдвэрээ УИХ-д оруулж чадахгүй байх шиг байна. Ямар логиктой, ямар үндэслэлтэйг хэлж мэдэхгүй байна. Нам нь тийм шийдвэр гаргасан учраас  Ерөнхий сайд өөрөө саналаараа огцорно гэдэг яриа тэр хавиар явсан. Тэгэхээр УИХ руу Ерөнхий сайд өөрөө санал оруулж ирэх байх, тэрийг нь АН  хүлээгээд сууж байна. Манай намын байр суурь маш тодорхой. Засаг байгуулагдахад Ардын нам өөрсдөө биднийг урьсан. Ардын нам өөрсдөө Ерөнхий сайдыг томилоод, Ерөнхий сайд кабинетдаа манай намыг урьсан. Шийдвэр гараад хамтарсан. Тэдний нам бид энэ хамтралаасаа больё гэж байх шиг байна. Түүгээрээ л болно биз. Бид бол нэг л зарчим барьж байгаа. Ажил хийе гэвэл ажиллаж болно, ажил хийхгүй гэвэл сөрөг хүчнийхээ байр суурь дээр хатуу зогсож чадна.

АН Засгийн газартай дахиж хамтрахгүй. Хөөгдөж гарчихаад буцаж орж байдаг зомби амилуулж байгаа юм шиг юм гэж юу байх вэ дээ. Засгийн газар энэ хэвээр үргэлжлүүлж ажиллахаар болбол манай намын найман сайд үлдэхгүй, өөрсдийн хүсэлтээр гараад явчихна.

МАН яг хөшигний ар дахь хэрүүлээ ил гаргаж хэлэхгүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байхад “Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байвал зүгээр вэ гэдэг асуулга асууна” гэж муйхарлаж байсан. Яг тэр муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явж байна. Муухайгаар хэлэхэд шээсний шинжилгээ гэдэг шиг юм улс төрд яваад эхэлсэн учраас ямар ч байсан 2024-2028 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд АН-ын бүлэг хэн нэгэн хувь хүнд зориулсан эрх мэдлийг хадаж, тэнгэрийн суудал дээрээ үлдэх гэж оролдох тийм оролдлогыг тас цохих гэж "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэх бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймээс энэ нь гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэх хардлага бас байна.


УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ШАДАР САЙД, ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД: НЭГ НАМЫН БАГА ХУРЛААР ГЭРЭЭГ ДҮГНЭЭД БИЕЛҮҮЛСЭНГҮЙ ГЭСЭНД ХАРАМСАЖ БАЙНА

 

-Гурван нам засагт хамтрахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол заалт нь 35 жил гацсан том төслүүдээ хөдөлгөх байсан. Энэ ажлаа хийж чадсангүй гээд хамтарсан Засгийн газрыг огцруулна гэвэл хүлээн зөвшөөрнө. Гэтэл Засгийн газар гэрээнд заасан үүргээ биелүүлж сайн ажилласан. Эрчим хүчний шинэчлэлээ хийсэн. Ажил явж байгаа. Гэтэл нэг намын Бага хурлаар гэрээг дүгнээд гэрээний үүргээ биелүүлсэнгүй гэж байгаад харамсаж байна. МАН-ын шийдвэрээр Засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. УИХ-аар хэлэлцээд явах ёстой. Бага хурлын шийдвэрийг албан ёсоор ХҮН намд ирүүлээгүй байна. Гурван намын дарга уулзсан. Албан ёсоор гэрээгээ дүгнээд үндэслэлүүдээ гаргаж өгвөл гурван намын бодлогын зөвлөлөөр хэлэлцээд явна. МАН дангаараа Засгийн газраа байгуулаад явж болно. Бид болохыг нь дэмжээд, болохгүйг нь шүүмжлээд ажиллана. Ерөнхий сайд УИХ дахь бүлгүүд дээр ирж тайлбараа хийх байх. ХҮН намын зөвлөлд орж ирж тайлбар өгөх ёстой. Ерөнхий сайд хамтрахгүй тохиолдолд ажлаа өгнө. Хамтраад явбал үргэлжлүүлээд ажлаа хийнэ гэсэн байр суурь нь хэвээрээ байна лээ.

Ерөнхий сайд орлогоо нотлоод явах нь зүйтэй. Залуучууд жагсаал хийж байгаа зөв. Ардчилсан орон шүү дээ. Гэтэл орлогоо нотлоод явах асуудлыг хамтарсан Засгийн газрын асуудал болгож хувиргаад МАН-ын Бага хурлаар хэлэлцэж байгаа нь буруу. Орлогоо нотлоод болохгүй бол хариуцлагаа хүлээгээд явах нь ямар ч улстөрчийн ёс зүйн асуудал. Энэ бол хамтарсан Засгийн газрын асуудал биш. Ерөнхий сайд өөрөө "Сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлагаа хүлээнэ" гэсэн. Хууль хяналтын байгууллага нь шалгаад, хүүхэд нь ирээд шалгуулж байгаа юм байна лээ. Тэнд орлогоо нотол гэдэг зүйл ярьж байхад энд хамтарсан Засгийн газар буруу гэдэг асуудал явахаар Монгол Улс хөгжихгүй биз дээ.


АН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ГАНИБАЛ: МАН, АН ХАМТАРЧ ОЛОН АЖИЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН


-МАН, АН хамтран олон ажил хийж гүйцэтгэсэн. Үүн дундаа АН илүү ажил хийж, МАН-ын дунд шатны Засаг дарга нар зөрчил гарган, тендерийн хууль зөрчсөн зэрэг олон асуудлуудыг хяналт хэрэгжүүлэх хорооноос илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаар хариулт өгөлгүй АН-ыг засгаас гаргахаар шийдвэрлэлээ. Харин манай намын зүгээс хэн нэгэн түрүүлж ямар ч шийдвэр гаргахгүй гэсэн Хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу МАН-д албан ёсны шаардлага хүргүүлсэн. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон батлагдсан. Энэхүү хөтөлбөрийн хамгийн гол санаа нь хамтарсан гурван намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон давхцалтай бүх заалтуудаа авч хамтран хэрэгжүүлэхээр болсон юм. Үүн дотор 14 мега төсөл бий.


УЛС ТӨР СУДЛААЧ Н.ХАСАР: БИД ӨӨР ХООРОНДОО ОГТ ЯЛГАРАХАА БАЙСАН ТОМ НАМУУДЫН ТОГТОЛЦООНЫ ДАРАНГУЙЛАЛД ОРЧИХООД БАЙНА
 

-Угтаа эрх баригч нам бол МАН ганцаараа биш. Л.Оюун-Эрдэнэ ч ганцаараа эрх баригч биш. Эрх баригчид гэвэл МАНАНХҮН. Үзэл санааны ялгаралгүй, хэзээ ч яаж ч хоорондоо эвсэж мэдэх улс төрийн намууд сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийлж, Засгийн газар байгуулчихсан байна. Жагсаал надад таалагдаагүй хамгийн том шалтгаан нь эвсэж засаг байгуулсан улс төрийн намуудын эсрэг хэн ч юу ч хэлэхгүй байна. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд төвлөрөөд байна. Энэ засгийг байгуулах шийдвэрийг гаргасан бусад бүх хүмүүсийг орхигдуулаад, ганц хувь хүний эсрэг олон түмний дургүйцлийг чиглүүлж байгаа нь утгагүй санагдаж байна.

Яг үнэндээ Монгол Улс бол ганц хоёр хүн бүх асуудлыг мэддэг, ганцаар засаглах дарангуйллын тогтолцоотой улс биш. Харин улс төрийн намууд буюу нийгмийн тодорхой ашиг сонирхлын бүлэглэлүүдийн дарангуйлалд орчихоод байна. Нам дотор бүлэглэлүүд бий. Тэдний эрх ашиг зөрчилддөг. Ингээд улстөрчид хоорондоо муудалцаад, эрх барьж буй нэр хүндээ алдсан цөөн хэдэн хувь хүмүүс рүү довтолж байна. Ингэсэн хүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад байх.

Өнөөдөр АН дотор Засгийн газарт багтаж орж чадаагүй гомдогсдын фракц буй. МАН дотор ч энэ Засгийн газраа унагаж, дангаар засаглахыг хүссэн фракц байгаа. Бэрийн цүнхний асуудал явсаар АН-ыг засгаас гаргахдаа тулсан гэдгээс харахад энд фракцуудын эрх ашиг л зөрчилдөж байгаа юм шиг харагдаж байна. МАН дотор дотоод зодоон явагдаад байна. Бид үндсэндээ олон жил засгийн эрхэнд ээлжилсэн, эсвэл эвссэн хөрөнгө мөнгө, хүн хүч, хэлхээ холбоо сүлжээ бүхий, өөр хоорондоо огт ялгарахаа байсан том намуудын тогтолцооны дарангуйлалд орчихоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.46.159) 2025 оны 05 сарын 28

ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БУЙ НАМУУДАД ОРЧИН ЦАГИЙН\n Дүлзэн, Түгжил, Сэнгүм, \n Хоролмаанууд олширч \n БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ, ТӨР ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛД \nСӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ \n ЭХЭЛЛЭЭ...\n

0  |  0
Close menu